Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах барилдаанд ах дүү хоёр тэргүүллээ

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 14 -нд

Сэлэнгэ аймгийн БТСГ, Сэлэнгэ аймгийн бөхийн холбоо, “Таван Хан” бөхийн дэвжээнээс жил бүр уламжлал болгон зохиодог “Аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан” аймаг цэргийн цолтой бөхчүүд, сумын цолтой болон залуу бөхчүүд гэсэн 2 ангиллаар Сэлэнгэ аймгийн Таван Хан уулын нэг болох Дулаанхаан уулын бэлд байрлах Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.
Энэхүү барилдаан нийт 17 сум, 4 тосгоноос бөхчүүд ирж хурд хүч авхаалж самбаагаа сорин барилдаж аваргууддаа тодрууллаа.
Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд 64 бөх 6 зоонд барилдаж зоо тус бүрээс 2 бөх шигшээ барилдаанд шалгаран уран мэхийг уралдуулан барилдлаа.
Шигшээ барилдаанд шалгарсан бөхчүүдээс өнөөдөр бяр тэнхээ уран мэхээрээ илүүрхэн барилдаж Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, сумын заан Д.Баясгалан 10 даваа 1 унаатайгаар /с.з Н.Батмөнхөд унасан/ түрүүлж, Орхонтуул сумын харьяат, сумын заан С.Оргилбаатар мөн 10 даваа 1 унаатайгаар /с.з Д.Баясгаланд унасан/ дэд байрт шалгарлаа.
Гутгаар байрт Сэлэнгэ аймгийн Барүүнбүрэн сумын харьяат, Ус сувгийн удирдах газрын бөх сумын заан Э.Батмагнай, дөтгөөр байрт Орхонтуул сумын харьяат, ҮБТДС-ийн оюутан  Н.Ширчинхүү, 5-р байрт Түнхэл тосгоны харьяат, сумын заан Х.Жанболат, 6-р байрт Цагааннуур сумын харьяат, сумын заан Т.Амарсанаа, 7-р байрт Бугант тосгоны харьяат, сумын заан Б.Цогтбаяр, 8-р байрт Сант сумын харьяат сумын заан Н.Батмөнх нар шалгарсан байна. Мөн өнөөдрийн барилдаанд урамтай сайхан барилдаж уран хурц мэхээр үзэгч түмнээ баясгасан Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, “Аварга”  БТДС-ийн оюутан сумын заан Б.Баатарболд “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагнал хүртэж,  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны харьяат, сумын заан Б.Цогтбаяр “Уран барилдаант бөх”-ийн шагналыг хүртлээ.
Аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан өмнөх оныхоос цөөн тооны бөх барилдсан ч уран хурц барилдаанууд гарлаа.
Аймгийн хурц арслан Б.Одгэрэл, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, аймгийн заан Б.Эрдэнэбаяр, аймгийн харцага Ж.Мандахбаяр, аймгийн нэмэх начин Н.Энхжаргал Н.Баярбаатар нарын бөхчүүд энэ жилийн аймгийн аваргын барилдааныг өнжлөө.
Аймгийн арслан Б.Сүхбаатараар манлайлуулсан долоон бөх барилдлаа. Барилдааныг аймгийн арслан Б.Уугандаваа нэг ч унаагүй тэргүүлж байсан ч хамгийн сүүлийн барилдаанд 1 унаатай явсан Аймгийн начин Д.Төрболдтой /Аймгийн начин М.Жаргалсайханд унасан/ барилдаж давхар шуудагны барьцнаас мордуулж унаснаар 2 бөхийн даваа унаа тэнцсэн бөгөөд  хоорондын барилдааны дүнгээр энэ жил аймгийнхаа баяр наадамд 5 даван шөвгөрч аймгийн начин цол хүртсэн Хүдэр сумын харьяат, аймгийн начин Д.Төрболд түрүүллээ. Б.Уугандаваа арслан 2011 он сумын цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлж байсан амжилтаа бататгаагүй ч энэ удаагийн барилдаанд дэд байрт шалгарлаа. Гутгаар байрт Сэлэнгэ аймгийн Түшиг сумын харьяат, “Шинэ бадрах” ХХК-ны бөх аймгийн начин М.Жаргалсайхан, дөтгөөр байрт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, аймгийн заан Э.Саранбаатар, 5-р байрт Түшиг сумын харьяат, “Шинэ бадрах” ХХК-ны бөх аймгийн заан М.Баярмандах, 6-р байрт Мандал сумын харьяат Аймгийн арслан Б.Сүхбаатар, 7-р байрт Зүүнбүрэн сумын харьяат аймгийн начин Б.Батцэнгэл нар шалгарлаа.
Дашрамд сонирхуулахад ангилал тус бүрд түрүүлсэн а.н Д.Төрболд, с.з Д.Баясгалан нар төрсөн ах дүү нар билээ.

Сумын заан О.Болд-Эрдэнэ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна