Аймгийн Алдарт уяач М.Чинбат: Уургын төрлөөр улсын гурван удаагийн аварга болж байлаа

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 14 -нд

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул, Сайншанд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Мараахайн Чинбаттай ярилцсанаа уншигч танаа хүргэж байна. Тэрээр улсын гурван удаагийн аварга уран бугуйлч ажээ.

-Алдартын уяа сойлго тааруулах болсон үе хэзээ вэ?
-Миний аав Мараахай нэгдлийн зургаа, долоон зуугаад адууг малладаг байлаа. Тийм болохоор багаасаа л аавдаа тусалж, адуу мал эргүүлэх болж, хожмоо адуучин болсон. Гэхдээ манай аав морь уяхгүй л дээ. Би таван настайгаасаа морь унаж, 15, 16-тайгаасаа л морь уясан хүн. Тэр үеийн нэгдлийн олон сайхан адууг унаж эдэлж явлаа. Тэр бол 1976, 77 он гэхээр дөч орчим жил хурдан адууны хийморьт тэтгэгдэн явна даа.
-Уяаны “хичээлийг” хэнээр заалгаж эхэлсэн бэ?
-Өөрөө дуртай юм болохоор байнга л чих тавьж явна. Нэг үе Өргөн сумын Одын Ухна уяачийг дагалдан уясан. Бас аймгийн Алдарт уяач Бавгар гэж байв. Би өөрөө л хүсвэл сэтгэл харамгүй зааж зөвлөх уяач мундахгүй олон байсан.
-Энэ 40 шахам жилийн хугацаанд гаргасан амжилтуудаасаа сонирхуулна уу?
-Олон сайхан наадмыг үзлээ. 1989 онд Одын Ухна гуайгаас Адилаа хээр азарга тухайн үедээ л өндөр үнээр худалдаж авсан юм. Хээр азарга надад ирээд 1990 оны аймгийн наадамд хол тасархай түрүүлж ирсэн. Түүнээс хойш хоёр удаа айрагдуулаад, үр төлийг нь авах гээд уяхаа байсан. Одоо үр төлүүд нь гурав дахь үедээ хурдалж байна. Мөн аймгийн наадамд хоёр түрүүлсэн хурдан хүрэн халзан морь бий. Дээд угшлыг нь сайн мэдэхгүй, авмал адуу байгаа юм. Тухайн үедээ 15 адуугаар авч байлаа. Бас найзаасаа хүрэн даага 500 мянгаар авч, аймгийн 70 жилд аман хүзүүдүүлж байсан. Гэхдээ идэш тэжээл нь таараагүй юм уу, эрт байхгүй болчихсон л доо. 
-Хаагуур, хаагуур наадаж байв?
-Аймаг, Алтанширээ, Айраг, Сайхандулаанаар их наадсаан. Халзан морьтойгоо “Их хурд 2”-т очиж тавин хэдээр давхиулсан. Сүхбаатарын 60 жилээр 700 гаруй их морь мордсоноос халзан морио есөөр давхиулж байлаа. Нэг үе үнэхээр одтой наадсан. Алтанширээгийн 80 жилээр хоёр аман хүзүү авч, Сайханд очоод гурваар нь айргийг авч байлаа шүү дээ. Ингээд 40, 50-иад айраг, түрүүний амжилтаараа 2000 оны эхээр аймгийн Алдарт уяач болсон.
-Тэр одтой наадмуудын аль нэгийг онцлон дурсахад сайхан байх болов уу?
-Баяр бахдалтай гэхээс илүү сургамжтай наадмын дурсамжаа яримаар санагдлаа. Халзан морио ид хурдан байхад Өргөнд түрүүлгэчихээд, Сайншанддаа яг түрүүлнэ гээд бодчихсон байлаа. Тэгсэн өөрөө манаж хоносон хэрнээ морио чийгтүүлээд 11-ээр оруулчихсан. Орой ажлыг нь хийчихээд, нэмнээд хөтлөөд явж байтал жаахан бороо орсон юм. Тэгээд чийгийг нь хатаах гээд нэмнээг нь нөмрөөд дугхийсэн чинь чийг унаад алдаа гаргачихаж билээ. Энэ бүхэн туршлага болдог юм билээ. Одоо ч зөвлөхийн алба хашдаг болоод хоёр, гурван жил болж байна. Айхтар мэдээд байхгүй ч өөрийн мэддэг, чаддагаа хүүхдүүддээ зааж, үлдээхсэн гэж боддог юм. Манай хоёр хүү Сайншанд сумын Алдарт уяач.
-Таныг Улсын аварга уран бугуйлч гэдгийг мэдэх юм байна.  Тэр талаараа яриач?
-1989 онд Булган аймгийн Могод суманд болсон Улсын аварга уран бугуйлчийн тэмцээнд түрүүлж анхны аварга болж байлаа. Түүнээс хойш уурганы төрлөөр улсад гурав түрүүлж, нэг удаа хоёрт, нэг удаа гуравт орсон. Ер нь 1989 оноос хойш арваад жил тэмцээнд явж олон гуншинтай болсон. Эмнэг сургалтын спортын мастер, уран уургачийн спортын мастер, улсын шилдэг хүлэгч, аймгийн сайн малчин гээд л.  
Монгол орны 18 аймаг, гурван хотоос шигшигдэж ирсэн залуустай өрсөлдөж, гурав түрүүлнэ гэдэг азтай хэрэг шүү. Бас л сайн байж дээ. Тэмцээний дараа их олон уургач найзтай болно. Анхны аварга гэдэг утгаараа нөгөөдүүл маань надад их хүндэтгэлтэй хандана. Эндээс Өмнөговийн Шаравдорж аварга, Увсын бугуйлч, гурван алт, нэг хүрэл медалийн эзэн Аюуш гээд сайхан найзуудтай болсон. Бид улсын дээд рекордыг нэг нь уургаар, нөгөөх нь бугуйлаар авч явлаа. Тухайн үед адуучин их байж. Ана мана л үзнэ. Булганы Рэнцэндорж, Өмнөговийн Шаравдоржтой секундын зөрүүгээр л өрсөлддөг байлаа.
-Хөвгүүд аав шигээ адуунд эрэмгий байх даа?
-Би аавыгаа дагаж нэгдлийн адуу малтай ноцолдож явсан болохоор ийм амжилт гаргасан гэж боддог юм. Хүүхдүүд морь уургална аа. Нэг, хоёр удаа тэмцээнд оролцож байсан. Өнгөрсөн намар болсон шилдгийн шилдэг адуучин шалгаруулах “Адуучин” тэмцээнд хүүхэд явъя гэсэн ч би явуулаагүй. Энэ бол амар зүйл биш. Сайн бэлтгэх хэрэгтэйг зөвлөсөн. Бэлтгэлээ сайн базааж байгаад даацтай өрсөлдөх хэрэгтэй шүү дээ.
Одоо ч адуу малтай ноцолддог хүн цөөрч дээ. Мотоцикль л унасан хүмүүс. Тэгэхээр сурц байхгүй болно л гэсэн үг. Сурцтай хүн эвээр үздэг юм болов уу гэж боддог ш дээ.
-Бидний яриа өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна