Асгат саарал

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 14 -нд

1999 оноос эхлэн хурдан моринд зүрх сэтгэлээ өгөн хурдан хүлгийн сүүл шууж уяач болох гараагаа эхэлсэн нэгэн эрхэм бол Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул МУ-ын Тод манлай уяач Баянговь овогт Дагвадоржийн Цэрэнжигмэд билээ. Тэрээр уяач болсон цагаасаа хойш улс бүсийн наадмаас олон айраг түрүү хүртэн улмаар 2006 он буюу Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн түүхт их ойгоор МУ-ын Манлай уяач хэмээх эрхэм цолыг төрсөн дүү Д.Ганбаатарын хамтаар хүртсэн билээ.
Д.Цэрэнжигмэд уяачийн алдар цуут олон хурдан буянгууд улс бүсийн наадмын түрүү айргийг хүртэн асарын өмнө амыг татуулан цоллуулсан бөгөөд тэдгээрээс алдарт “Асгат саарал” азарганых нь талаар товч өгүүлье.
Асгат саарал Сүхбаатар аймгийн Асгат сумын улсын сайн малчин Баяраагийн унаган адуу бөгөөд Цэрэнжигмэд уяач 2002 оны хавар хязаалан үрээ авч тэр зуны улсын наадамд аман хүзүүдүүлэн төрийн наадмын анхны айргаа хүртсэн түүхтэй. Хойтон жил нь 2003 онд  АХ-ын 82 жилийн ой Үндэсний их баяр наадамд улс бүсийн наадамд нэг түрүүлж, тав айрагдсан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дүйдэн хар азарганы угшилтай Ц.Бямбадоржийн алдарт “Мөнгөн хөлт”, улс бүсийн наадамд тав айрагдсан Э.Гүр-Аранзын “Салхин зээрд”, Р.Будын “Зоост бор” гээд ид хурдан байсан соёолонгуудтай уралдан  азарган соёолон түрүүлж үнэнхүү хурдан хүлэг болохоо харуулсан бөгөөд  2004 онд хавчиг соёолон азарга Монголын хамгийн хурдан  хүлэг шалгаруулах  “Их хурд - III” уралдаанд  айргийн тавд давхисан билээ.  “Их хурд - III” уралдаанд  айрагдсаны дараагаар “Асгат саарал”- ыг томцуул /алдарт, манлай уяачид/ “Энэ саарал азарга ирэх жилээс дийлдэхээ байхнээ” гэж ярьцгааж байсан гэдэг. Үнэхээр хойтон жил нь 2005 онд дийлдэхгүй хурдан байж АХ-ын 85 жилийн ой Үндэсний их баяр наадамд Г.Алтангэрэлийн алдарт хүрэн, Б.Жаргал сайханы "Даатгал хээр", Д.Чулуунбатын "Манлай халзан", Г.Батхүүгийн "Цавцгар шарга" зэрэг довтой хурдан хүлгүүдийг ардаа орхиж хавчиг долоон настай идэрхэн  азарга төрийнхөө их баяр наадамд хоёр дахь удаагаа түрүүлэн түмэн эх болсон билээ. Мөн үүнээс гадна соёолондоо Архангай аймгийн 80 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн юм. Ийнхүү дөрөвхөн жилийн дотор төрийн наадамд 2 түрүүлж, улмаар улс бүсийн болоод шигшмэл морьдын уралдаанд 3 түрүүлж, 2 айрагдан Монголын хурдан морины түүхэнд нэрээ мөнхөлж чадсан алтан туурт аргамаг хүлэг билээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна