Азаргыг маллах

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 08 -нд

Адууг сүрэглэн малладаг томоохон фермүүдэд хээлтүүлэгчээр ашигладаг олон азаргыг хээлтүүлгийн улирал өнгөрсний дараагаар сүргээс авч хэдэн өдөр сүргээр нь хашин бие биенд нь дасгана. Азаргыг сүрэглэх явдал маш хариуцлагатай ажил бөгөөд нэн ялангуяа эхэн үедээ маш их анхаарал шаардана. Үүнд азаргануудад анхаарал тавьж хооронд нь ноцолдуулахгүй байх хэрэгтэй. Азарга бие биедээ дассаны дараагаар тэдгээрийг тусгай сүрэг болгож урьдаас бэлдсэн нутагт бэлчээрт гаргах бөгөөд тэр нь бусад адуун сүргээс зайдуу хол байх ёстой. Сүрэглэсэн азаргыг өвөлжүүлэх газартаа саравчтай хашаа барьж өгөх нь илүү сайн. Өвлийн цэлмэг өдөр адуугаа бэлчээж, шөнийн хоногт нь хашаандаа хашна. Азаргыг өвөл нэмэлт тэжээлээр тэжээнэ. Үүнд өдөр тутам нэг азарганд 8-12 кг өвс, 2-4 кг хошуу будаа болон бага зэрэг сүрэл буюу лай өгнө. Өвлийн сүүлчээр тэжээлийн нь жор доторхи хошуу будааг 4-6 кг хүртэл нэмэгдүүлнэ. Мэдээж цэвэр цусны болон угшил сайтай азаргыг байранд маллана. Адууг сүрэглэн маллахад туурайг нь цэвэрлэж засах, дэл сүүлийг нь арчлахаа мартаж болохгүй. Адууг жилд хоёр удаа /хавар, намар/ тусгай хашаанд оруулан барьж /гүүг унагалсны дараагаар/ туурайг нь цэвэрлэн засна. Туурайг засахдаа туурайны хутга, цүүц болон модон алх хэрэглэнэ. Мөн дэл сүүлийг нь цэвэрлэж, ассан зангуу, ширэлдсэн хялгас зэргийг ялгаж цэвэрлэнэ.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна