Залуу начингуудын барилдааны зургаас

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 08 -нд

Он солигдохын заагт болсон ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны 5-ын даваанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат у.н Б.Пүрэвсайхан, Увс аймгийн Тэс сумын харьяат у.н Т.Баасанхүү нар тунан барилдсан билээ. Бие бага ч бэлчээр томтой начингуудын барилдаан тун сонирхолтой, хурдан хурц барилдаан болсон юм. Хоорондоо барилдахаас өмнө Баатархүүгийн Пүрэвсайхан начин 1-ийн даваанд Сэлэнгэ аймгийнхаа наадамд хоёр жил дараалан үзүүрлэсэн, аймгийн манлай заануудын нэг Батцэнгэлийн Эрдэнэбаярыг, 2-ын даваанд  Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, тун ч барилдаанч бөх болох, аймгийн арслан  Пүрэвжвын Мөнхбатыг, 3-ын даваанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, өөрөөсөө арал жингээр хол илүү, улсын начин Болдпүрэвийн Сугаржаргалыг, 4-ийн даваанд өнөө цагийн өнгийг тодорхойлж, дараалан 42 даваа аваад байсан, улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамбыг тус тус шороодуулсан бол Төрөөгийн Баасанхүү начин 1-ийн даваанд өнгөрсөн жилийн бүх цэргийн наадмын 4-ийн даваанд тааран өвдөг шороодож байсан, аймгийн шилдэг заан Өвөрхангайн Лутын Батзоригийг, 2-ын даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн шилдэг арслан Лхагвасүрэнгийн Шинэбаатарыг , 3-ын даваанд Төв аймгийн Баянцогт сумын харьяат, улсын уран барилдаант, шилдэг харцага Өлзийбатын Даваабаатарыг, 4-ийн даваанд төрийн наадмын үзүүр, залуу гарди Батнасангийн Гончигдамбыг тус тус давсан байлаа.
Тэдний барилдаан эхлээд удаагүй байхад Б.Пүрэвсайхан начин зүүн сэнжигдэж тойрч ард нь гараад нэлээн лав хонгодсон бөгөөд маш хурдтай түрж хөөхөд Т.Баасанхүү начин их сандарсан бололтой дэвжээний захад хүрч төдий л эсэргүүцэлгүй өвдөг шороодсон билээ. Тэдний барилдаан чухам ямар байдалтай өрнөснийг гэрэл зурагчин Б.Эрдэнбаатарын  дарсан цуврал зургаас сонирхоно уу. Тэд ганц энэ удаад бус цааш цаашдаа олон удаа “тунан” барилдах биз ээ.

МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна