Дарьгангын жижиг зээрдүүд

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 07 -нд

Гөрөөсөн шинжит энэ адуу нь Халзан, Асгат, Онгон, Дарьганга, Наран сумын нутагт өсч үржсэн сүрэг юм. Энэ адуу жижиг биетэй, арьс хөрс нимгэн, хөнгөн ааль араншинтай, хөлийн хурд ихтэй, цэвэрхэн, хөөрхөн гэгддэг. Дарьгангын жижиг зээрдүүд Ду ноёны үндсэн нутаг Дарьгангын хойд тал, Онгоны зүүн, зүүн хойд тал, Халзан сумын зүүн тал Асгат сумын өвс, ус жигдэрсэн аглаг сайхан толгод ухаа бүхий нутагт бэлчээрлэнэ. Онцлог шинж нь гэвэл:
- жижиг, нарийн цэвэрхэн биетэй, хөл нарийн, туурай цомбон, яах аргагүй цагаан зээрийг санагдуулна.
- үндсэн зүс нь зээрд, цавьдар, хүрэн, хонгор, шарга, буган хээр, шаргал, улаан хээр голлоно.
- толгой маш гоёмсог хөөрхөн, нүд бүлтгэр, сормуус урт, тунгалаг хар, хар хүрэн өнгөтэй, хөмсөг нимгэн түмбэгэр, дэл сүүл шингэн, зөөлөн.
- хамар нарийн монхор, толгойн мах маш бага хатингар, түүш нимгэн, дээд доод эрүүний зузаан нь бараг тэнцүү, үзүүрээрээ өргөн.
- дөрвөн хөл нарийн жаргар, шөрмөс нарийн чанга, уяа жигдрэх үед хөлсөлж ирсний дараа судас шөрмөс бүгд ил тод харагдана.
- уяа засал амархан авна. Олон сунгалт давхил шаардлагагүй. Бараг унаагаар хөнгөрүүлж байгаад уядаг.
- хөлний хурд ихтэй, гараа сайтай, уяа тэнцэл таарсан үед гарсан гараагаараа барианд орох ч бий.
Дарьгангын жижиг зээрд адуу нь цэвэр удмаараа өсч үржиж буй гадны нөлөөлөл бага, сүрэг дотроо цус холтгож үржүүлсэн удмаа цэврээр хадгалж ирсэн сүрэг юм.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна