Оны шилдэг унаач М.Лигдэн: Гиннест 3000 морь уралдана гэхээр нь айж байсан

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 07 -нд

Энэ удаагийн бяцхан унаачдын түүчээг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Манлайжавын Лигдэн үргэлжлүүлж байна. Тэрээр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уяач Отгонбаатарын хар морийг унаж Архангай аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн наадам, “Монгол морь-Дэлхийн дээд амжилт” Гиннесийн уралдааны төвийн бүсэд түрүүлсэн амжилтаараа аймгийнхаа 2013 оны шилдэг унаачаар тодорсон юм.

-Монголын алтан ургийн сүүлчийн хаантай адилхан нэртэй юм байна. Манай уншигчдад өөрийнхөө тухай дэлгэрэнгүй танилцуулна уу?
-Лам өгсөн гэж аав хэлсэн. Манай аавыг сумын Алдарт уяач Манлайжав гэдэг. Ах бид хоёр аавынхаа уясан морийг унадаг юм. Гэхдээ ах хурдны морь унаж байгаад хасагдчихсан. Одоо ааштай морьдыг л унадаг. Харин би нэгдүгээр ангидаа буюу зургаан настайдаа хурдны морь унаж эхэлсэн. Одоо 11 настай.
-Анхны айраг түрүүгээ хэзээ хүртэж байв. Олон айраг, түрүүтэй юу?
-Өөрийнхөө хар морийг анх унаж уралдаж байлаа. Дараа нь айлын хээр морийг сумын баяр наадмаар унаж, түрүүлгэсэн нь анхны түрүү байгаа юм. Мөн аавын ах Доржзодовын хонгор азаргыг аман хүзүүдүүлж, бас айргийн гурваар давхиулж байлаа. Түүнчлэн овооны наадмуудад олон ч удаа уралдаж айраг түрүү авсаан.
-2013 онд уяач Отгонбаатарын хар морийг унаж одтой сайхан наадсан байгаа.  Ер нь хаагуур хаагуур наадсан бэ?
-Отгонбаатар ахын хар морийг л унасан. Эхлээд Архангай аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн наадамд унаж аман хүзүүдүүлсэн. Дараа нь Гиннесийн уралдаанд 11-д давхиулж, төвийн бүсдээ түрүүлсэн. 3000 морь уралдана гэхээр нь айж л байлаа. Гэхдээ төвийн бүсээсээ түрүүлж гараад, арван хэд рүү ороод ирэхэд тэр айдас алга болчихсон. Би хар морийг анх удаа унасан болохоор ааш занг нь сайн мэдэхгүй ч гараа гайгүй, хөөлт их сайтай морь байна лээ. Харин Өвөрхангай аймгийн даншиг наадамд хорьдоор ирсэн. Нэмж сонирхуулахад өнгөрсөн жил  Хүйн долоо худагтай илүү “танилцсан” гэх үү дээ. Багадаа Улаанбаатар хотод очиж байсан ч энэ жилийнх шиг мэдрээгүй санагдсан. 
-Энэ хар мориноос өмнө хэний ямар, ямар хурдан хүлгэдийг унаж амжилт гаргав?
-Аавын унаган халзан морийг дааганд нь унаж сумынхаа наадамд тавлаж байлаа. Шүдлэнд нь шөвгөрүүлж чадаагүй. Харин хязааланд нь түрүүлгэсэн. Мөн энэ жил /2013/ Доржзодов ахынхаа хонгор азаргыг унаж сумандаа гурвалж, хар морины эзэн Отгонбаатар ахынхаа хээр соёолонг түрүүлгэлээ.
-Ер нь миний дүүгийн хувьд морь унахын сайхан нь юу вэ?
-Морио шөвгөрүүлчихээд ирэхэд гоё байдаг. Мөн хурдны морь унадгаараа бахархдаг. Ийнхүү амжилт гаргахад гол нь унах мориныхоо зан чанарыг нарийн мэдэх хэрэгтэй гэж боддог юм. Жишээлбэл, гараа сайтай мөртлөө уралдаан дунд явахгүй байвал гараан дээр нь амыг нь татаж явах гэх мэт. Би хаана ч очсон дөт замыг барьж уралддаг.
-Аав нь сумын Алдарт уяач гэсэн. 11 настай “том залуу” аавдаа тусална биз?
-Уяаны үед морио орой нь үсэргэнэ, өдөр нь хөлс авна. Мөн орой морио залдаг. Тэгээд л наадмаар унана даа.
-Танай ангид хурдны морь унадаг хүүхэд бий юу?
-7-8 хүүхэд л байдаг. Ангийнхаа Дашням гэдэг хурдны морь унадаг хүүхэдтэй дотны найзууд. Найз маань хоёр жил хурдны морь унаж байгаа юм. Харин би зургаан жил унаж байна. Тэднийх, манайх хоёр Өндөр-Улаан сумын Бэлх багт амьдардаг. 
-Лигдэн өөрийн гэсэн адуутай юу?
-7-8 адуу бий. Намайг бага байхад хүмүүс бэлэглэж байсан гэж аав хэлсэн. Хоёр бор гүүнээс минь олон төл гарсан.
-Ярилцсанд баярлалаа. Дүүдээ амжилт хүсье.

У.Энхмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна