Б.Наранхүү: “Шарга даага”-д тоглосноос хойш манай ангийнхан намайг од гээд байгаа

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 06 -нд

Арваад нас хүртлээ ажаатайгаа өссөн Галт хүү ажаагаа өөд болсны дараа төрсөн аав, ээж дээрээ очдог. Ажаагаа санасан хүү­гийн сэт­гэлийг адуунд нь гүйж ирсэн шарга даага тайт­гаруулдаг. Найруулагч Ч.Хорол­доржийн "Шарга даага" киноны үйл явдал ингэж өрнөдөг. Монголын хөдөө нутгийн жаахан бор хүү, даага хоёрын байгалиас заяасан харилцан шүтэлцээг олон улсын киночид үнэл­сээр байна. "Шарга даага" кино саяхан гэ­хэд л энэтхэгчүүдээс магтаалын үг сонсоод ирсэн. "Улаан­баа­тар" олон улсын анх­дугаар кино наадамд ирсэн гад­ны том уран бүтээлч­дийг алга ташин гай­хашруулсан энэ кино тун удахгүй Монголын кино теат­руудад гарч эхлэх гэж байна. Ин­гээд "Шарга даага" ки­нонд гол дүрийг бүтээ­сэн  Төв аймгийн Угтаалцайдам сумын хурдан морь унаач Б.Наран­хүү­ бо­лон аав А.Баяр­хүүтэй нь утсаар ярилц­­лаа. Учир нь хүү Төв айм­гийн Уг­таал сумандаа хи­чээл, гэр хоёрынхоо дунд гүйж яваа. Б.На­ран­хүү удах­гүй Улаан­баа­тарт ирж кино­ныхоо нээл­тэд орол­цох юм билээ.

-Сайн байна уу, На­ран­хүү. Киногоо Улаан­баатарт гарах болсныг мэдсэн үү?

-Өө мэдсэн. Төгсөө ах, Хоролоо ах хоёр ирж авах байх даа гэж бодоод л байж байна. Эгчээ би "Шарга даага"-ыгаа Улаан­баатарт гарахыг сонсоод унтаж чадахгүй байгаа. Аав "Ядарчихна, унт миний хүү" гээд л байгаа.

-Хичээл чинь тарсан уу, хэддүгээр анги билээ?

-Одоо зургадугаар анги. Хичээл тараагүй ээ. Хэзээ тарахыг нь мэдэхгүй байна.

-"Шарга даага" ки­нонд яаж тоглохоор болсон бэ?

-Манай сургууль дээр зөндөө хүмүүс ирээд шалгаж авсан. Авьяас үзсэн л дээ. Дуулуулж, бүжиглүүлсэн. Би дуулж бүжиглэдэг болохоор тэнцсэн байх. Энэ жил орос бүжиг бүжиглээд сургуульдаа түрүүлсэн. Манай ангийн дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй бүжиглэсэн юм. Нодин бас бүжиглэсэн. Гэхдээ энэтхэг бүжиг л дээ.

-Кинонд тоглоход юу нь хэцүү байсан бэ?

-Уйлах л хэцүү бай­сан. Уйлдаггүй кинонд бол тоглоод л баймаар байна. Уйлна гэхээр ну­лимс гарахгүй юм билээ.

-Тэгээд чи яаж уйлсан бэ?

-Найруулагч зөндөө хэлсэн л дээ. Тэгсэн ч уйлахгүй байсан. Надтай манай хамаатны нэг хүүхэд цуг байсан юм. Тэр намайг чимчихсэн чинь миний уур хүрээд уйлчихсан.

-Чамайг кинонд тоглосон чинь ангийнхан чинь юу гэж байна?

-Од гээд байгаа ш дээ. Манай Угтаал сумынхан намайг бүгдээрээ таньдаг болсон байна лээ. Зарим ах, эгч нар "Гарын үсгийг чинь авъя" гээд байгаа.

-Морь унахын юу нь гоё вэ?

-Айрагдаж, түрүүлэх нь гоё. Манай хөдөө байдаг ах их мундаг уяач. Тэдний морийг анх унаад түрүүлсэн чинь дахиж унамаар санагдаад.

Тэгээд л морь унах дуртай болсон. Миний унасан морь бүр айрагддаг болохоор дахин дахин унаад баймаар санагддаг. Би одоо гурван медальтай.

-Кинонд хамт тоглодог даага чинь хаана байдаг вэ?

-Манай сумын нэг ахын даага. Аав хорь гаруй км-т байгаа гэж байсан. Уг нь очвол очихоор л юм билээ. Одоо даанч хичээл ихтэй болохоор амжихгүй байна л даа. Тэгж байгаад аавтайгаа очиж харнаа.

-Чи зурагтаар ярилцлага өгч үзсэн үү?

-Үзсэн. Гэхдээ юу ч ярьж чадаагүй. Очсон чинь бүх үгээ мартчихсан. Тантай утсаар ярьж байгаа болохоор л арай сандрахгүй байна.

-Чи хэдэн дүүтэй вэ?

-Хоёр. Нэг нь эрэгтэй. Нэг нь охин. Охин дүүдээ жоохон болохоор нь илүү хайртай.

-Хурдан морины уралдаан хэр үзэж байна?

-Хурдан морины уралдаан гарвал үзэх дуртай. Ээж, аав хоёр ч намайг ажил хийлгүүлэхгүйгээр үзүүлдэг юм. Гэхдээ одоохондоо зүсийг нь сайн ялгаж чадахгүй байгаа. Аав дандаа морины зүс асуугаад байдаг болохоор тогтоодог болох гээд л хичээгээд байгаа.

А.БАЯРХҮҮ: ХҮҮ МИНЬ БҮР ҮНЭН ГОЛООСОО УЙЛСАН БАЙГАА ЮМ ДАА

-Хүүгээ кинонд тог­лохыг сонсоод ямар сэт­гэгдэл төрж байв, чадах болов уу гэж эргэлзэж байсан уу?

-Ажлаасаа ирсэн чинь кинонд тоглохоор болчихсон гэж байсан. Багаасаа хурдны морь унадаг байсан л даа, миний хүү. Морины тухай кино болохоор чадчих болов уу гэж найдсан. Гэхдээ л эвгүй юм билээ. Тийм олон хүүхдийн дундаас тэнц­чихээд чадахгүй бол яана аа гэж айж байснаа нуугаад яахав.

-Кино зураг авалтын үеэр хүү чинь гэрийн бараа харсан уу?

-Ноднин зун кино зураг авалтын үеэр бараг гэртээ байгаагүй. Сургуулиа тараад л шууд зураг авалтанд гарсан. Угтаалаас арав гаруй км-ийн зайд кино зураг авалт хийсэн юм. Тэндээ байрлаад хийсэн л дээ. Гэрээсээ хол байж үзээгүй болохоор эхлээд гэрээ санаад жигтэйхэн юм болсон ч сүүлдээ хүмүүстээ дасч ахаа эгчээ болоод дажгүй болсон. Эхний үед ээж нь очиж ганц нэг хонох зэргээр дасгасан л даа. Би ч киног нь бүтэн үзээгүй л дээ. Хэсгийг нь үзэхэд их хөөрхөн болсон байна лээ. Моринд дуртай болохоор сэтгэлээсээ тоглосон юм болов уу гэж хүүгээ үнэлээд байгаа. Саяхан киноных нь плакат ирсэн. Бүр үнэн голоосоо уйлсан байгаа юм даа. Хүү маань зургаа хараад инээ­гээд л хөөрч гүйгээд байсан. Одоо хүүтэйгээ киноных нь нээлтэнд явна даа.

-Ээж нь очиж хонож байсан гэхээр их эрх байх нь ээ?

-Найм хүртлээ бид хоёрын өвөрт байсан хүүхэд. Дүү нь гараад тусдаа унтдаг болсон юм. Гэхдээ одоо ч гэсэн хааяа өвөрт ороод ирнэ шүү. /Инээв/

-Хэддүгээр ангиасаа морь унаж эхэлсэн бэ?

-Хоёрдугаар ангиасаа эхлээд хурдан морь унасан. Моринд дуртайнх нь хэрэг л гарч байх шиг байна. Шилдэг унаач хүүхэд хүртэл болж байсан. "Морь гоё ш дээ. Морьгүй бол муухай. Морьгүй газар амьдрахгүй" гэж ирээд л ярина шүү дээ. Наадмын өмнөх өдөр бол унтахгүй. Маргааш нь хэцүүднэ гээд арай гэж унтуулдаг юм.

-Танай удамд урлагийн хүн бий юу?

-Яг урлагаар явсан хүн бол байхгүй. Эмээ нь их алиа хүн байсан юм. Манай ээж чинь жил бүр сумынхаа алиалагч болчихдог хүн байсан.

Эмээгээ дуурайсан юм болов уу гэж бодож байгаа. Манай хүү шууд ярихаар дуу цөөтэйдүү юм шиг хэрнээ яг тулаад ярихаар алиа марзандуу яриатай.

-Хүү чинь жүжигчин болно гэж байна уу?

-Өмнө нь аав шигээ тракторын жолооч болно гээд байсан хүн чинь одоо жүжигчин болно л гээд байгаа.

-Одоо хурдан морь унадаг уу?

-Унаж байгаа. Сая манайд бас нэг хүн ирээд морь унуулна гэж гуйгаад явлаа. Ээж нь очиж уулзах гээд байж байна. Өөрөө ч морь унана гэж хөөрөөд байгаа болохоор унуулах л байх.

С.АРИУНЖАРГАЛ-Өдрийн Сонин

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна