Дорнод аймгийн МСУХ-ны шинэ жилийн цэнгүүнээс

Батсайхан
2014 оны 1-р сарын 03 -нд

Дорнод аймгийн Морин спорт, Уяачдын холбооны шинэ жилийн баярын цэнгүүн 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн морин цагт "Ийст палас" цогцолборт ёслол төгөлдөр боллоо. Цэнгүүнийг нээж УИХ-ын эрхэм гишүүн, ММСУХ-ны тэргүүлэгч, аймгийн МСУХ-ны тэргүүн Х.Болорчулуун үг хэлэв. Уг цэнгүүнд Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбат, тус аймгаас төрөн гарсан Монгол улсын Алдарт уяачид, аймгийн МСУХ-ны тэргүүлэгч гишүүд, аймгийн Алдарт уяачид, сумдын уяачдын төлөөлөл гээд 120 гаруй хүндэт зочид хүрэлцэн иржээ.
    Энэ удаагийн цэнгүүнд хөдөө сумын төлөөлөл болсон уяачид, мөн аймгийн МСУХ-ны  тэргүүлэгчдийг  гэр бүлийн хамт урьснаараа онцлог байж, уяачдын нөр хөдөлмөрийг хамт үүрэлцэж, бат найдвартай ар тал болж байдаг бүсгүйчүүдийнхээ талархлыг хүлээсэн юм.
      Дорнод аймгийн уяачдаас Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор Хэрлэн сумын харьяат Ц.Дорждэрэм гуай хүртснийг гардуулсан нь баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал боллоо. Тус аймгийн уяачид улиран одож байгаа 2013 онд амжилт бүтээл арвин байж улс бүсийн наадмаас 6 түрүү, 12 айраг хүртсэн байна. Матад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар өөрийн эрдэм авьяас, хурдан хурц хүлэг морьдоороо улс бүсийн наадмаас 4 түрүү, 4 айраг хүртсэн амжилтаараа ар халхын 60 гаруй мянган уяачдаас өндөр чансааны 4-рт эрэмбэлэгдэж, улсын цолны болзлоо хангасан, Монгол улсын Ерөнхий сайдын ивээл доор явагдсан Шилдгийн шилдэг "Адуучин" шалгаруулах тэмцээнд Матад сумын адуучин Г.Баяржаргал 5-рт байрт шалгарсан, Төв аймгийн 90 жил, төвийн бүсийн даншиг наадамд Чулуунхороот сумын /Эрээнцав/  ах дүү уяач Г.Бадрах, Г.Бадар-Ууган нар 2 айраг хүртсэн, Өвөрхангай аймгийн "Арвагар хээр" МСУХ-ноос зохион явуулсан “Түүхэнд мөнхөрсөн төрийн түмэн эхүүд” даншигт тус аймгийн Дашбалбар сумын Н.Бямбацогтын унаган хүлэг Алаг-Уулын хар морь түрүүлсэн, МУ-ын Алдарт уяач Г.Чадраа агсны унаган хонгор азарга "Их хурд-6"-д айрагдаж, төвийн бүсэд түрүүлсэн гээд тоочоод байвал үнэхээр олон амжилтыг үзүүлэн Дорнын талаас хурд төрж, уяачдынх нь эрдэм ухаан төгс, унаачид нь ухаалгыг илтгэсээр байна.
     Дорнод аймгийн 2013 оны Шилдэг уяачаар аймгийн наадмаас 1 түрүү, 4 айраг хүртсэн амжилтаар  Хэрлэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Ц.Эрдэнэцогт, аймгийн наадмаас 1 түрүү, 1 айраг хүртсэн амжилтаар Чойбалсан сумын харьяат аймгийн Алдарт уяач Б.Бэххуяг нар тодорсон бол сумын Шилдэг салбар холбоогоор Б.Батхүү тэргүүнтэй Цагаан-Овоо сумын “Хурднай хүлгүүд” МСУХолбоо, Шилдэг гал уяагаар Хэрлэн сумын харьяат аймгийн Алдарт уяач С.Жадамбаа тэргүүнтэй “Дархан түмэн эх” гал уяа, Шилдэг унаачаар аймгийн баяр наадмаас 2 түрүү, 2 айраг, бүсийн наадмаас 2 айраг хүртсэн амжилтаар Хэрлэн сумын харьяат Г.Тэмүүжин нар шалгарчээ. Оны Шилдэг азаргаар Хэрлэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Р.Амарсанаагийн  аймгийн МСУХ-ны нэрэмжит хаврын уралдаан, аймгийн баяр наадмуудад тус тус айргийн 3-т хурдалсан Сарт хонгор азарга, Оны шилдэг Их насны мориор Халхгол сумын харьяат сумын Алдарт уяач Л.Алтангэрэлийн аймгийн баяр наадам болон Хэнтий аймгийн 90 жил, зүүн бүсийн даншиг наадмуудад тус тус аман хүзүүдсэн Имт хонгор морьд шалгарчээ. 
    Хүрэлцэн ирсэн зочдын дунд оны есөн азтан шалгаруулснаас Шилдэг азтанг аймгийн МСУХ-ны тэргүүлэгч, аймгийн Алдарт уяач С.Итгэлийн хурдан араб бор азарганы төл Шинэ цагийн монгол даагаар мялаасныг аймгийн хурдан морины комисст 30 жил ажиллаж байгаа С.Вандсүрэн гуайн гэр бүлийнхэн хожжээ.  

Дорнод аймгийн МСУХ-ны НБДарга Б.Батсайхан   
    

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна