Эмнэг сургалтын Спортын мастер, улсын Аварга бугуйлч Ч.Хуншагай: “Хөвсгөлийн гурван бацааныг хэдэн жилийн дараа дийлэхгүй юм байна” гэлцдэг байлаа

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 20 -нд

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Би Бүрэн сумын гозон Ядамын ах гозон Чөөжөөгийн зээ хүү Ч.Хуншагай гэж хүн байна. МУ-ын Алдарт уяач, ногоон морины Я.Лханаажавын аав гозон Ядам миний өвөөгийн дүү байгаа юм. Харин миний аав Чулуун нутагтаа нэртэй сайн адуучин хүн.
-Удам дагасан уяач байх нь ээ?
-Тийм шүү. Анхандаа аавтайгаа хамтдаа морьдоо уядаг байлаа. Тэгтэл нэг өдөр аав гэрээ ачааллаад Өтгийн тэнд аваачиж бариад “за миний хүү одоо бие даан морь уях болсон" гэлээ. Тэр чинь 1997 он байгаа юм. Аавын үг зарлиг шүү дээ. Тэгээд уялаа. Аймгийн наадмын өмнөхөн их сунгаанд бор соёолонгоо мордуултал саахалтын зайтай тасраад ирдэг байгаа. Баярласандаа өлдүүлж алдаа гаргасан байж мэднэ. Яг наадмаар тугны ард ирж яваад  аман хүзүүдчихэж билээ. Алдаа оноог мэдрүүлсэн анхны айраг байгаа юм.
-Анхны айргаас 10 гаруй жил өнгөрчээ. Хичнээн айраг түрүүтэй болсон байна вэ?
-Аймаг, сум нийлээд 7-8 түрүү, 10-аад айрагтай болсон байнаа. Анх морь уясан жилээ аймгаас айраг уугаад хэсэг өнжөөд сумандаа дориун давхисан. Сүүлд Онон Тод манлайгаас авсан буурал азаргаараа суманд 2 түрүү, Арбулагт нэг түрүү авсан. Өнгөрсөн жил 5-6 гүү хураалгасан, одоо төлүүд нь гарч байна. Манай нутагт цаг хатуу хүйтэн өвөлтэй болохоор бага адуу уях гэхээр тамир нь гүйцдэггүй талтай. Тийм болохоор төлүүдээ тэжээгээд л байж байна.
-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилмөөр байна. Бугуйлчийнхаа хувьд амжилтаа сонирхуулаач?
-1999 онд Батлан хамгаалахын 70 жилийн ойгоор булгиа, уургач бугуйлчийн тэмцээн болсон юм. Тэгэхэд найз нар маань намайг ороод үз гэж зөвлөсөн юм. Тэр үед эхний гурван байранд шалгарсан хүмүүсийг улсын аваргын тэмцээнд авч явна гэж байсан. Ингээд би бугуйланд, манай найз  булгианд нь, манай ахлаач Шараа уурганд нь түрүүлчихдэг байгаа. Гэвч тэр жил би хувийн шалтгаанаас болоод улсын аваргын тэмцээнд нь явж чадаагүй. Түүнээс хойш аймагт хэд хэдэн ийм тэмцээн болж би хоёрт нь түрүүлсэн юм. Ингээд 2002 онд улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Алтанбулагт болоход эмнэг сургалтын спортын мастер Данзангийн Нямбат, Хашбатын Гал-Эрдэнэ гурвуулаа очиж оролцсон. Бидний бага нь 17-той. Нямбат бид хоёр 21, 22 настай л байсан юм. Тэр үед “өрсөлдөгчид” маань “Хөвсгөлийн гурван бацааныг хэдэн жилийн дараа дийлэхгүй юм байна” гэж ярьцгааж байсан. Тэр тэмцээнд Нямбат булгиагаар гуравт, Гал-Эрдэнэ тавд, би 8,9-д орсон. Тэр олон аймгийн шилдгүүд ирсэн болохоор туршлагагүйтсэн тал бий л дээ. Харин дараа жил нь Төв аймагт болоход нь даагаа нэхэж Нямбат, Гал-Эрдэнэ хоёр мөнгөн медаль авч, би 5-р байранд орсон. Харин 2004 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд болоход нь би мөнгөн медаль авч, тэр хоёр 5, 6-р байранд орж, багаараа хоёрдугаар байрын эзэд болж байлаа. Түүнээс хойш  2006 онд Эрдэнэтэд, 2007 онд Төв аймгийн Өндөрдовд, сүүлд 2010 онд Ховд аймагт болсон улсын бүсийн уралдаануудад алгасалгүй гурвуулаа амжилттай оролцсоор ирсэн. Нийтдээ улсын аваргын тэмцээнд нэг  алт, нэг мөнгө, нэг удаа тавдугаар байранд орсон. Харин аймагт таван удаа түрүүлсэн байна. Ер нь манайхан бусад аймагтай харьцуулахад энэ талаар сайн хөгжсөн гэж болно шүү. Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн шугамаар тэмцээн уралдаан алгасалгүй оролцож чаддаг.
-Бугуйлын тэмцээн хэдэн үе шаттай болох уу?
-Тэмцээн явганаас шургуулж бугуйлдаж уургалах, морин дээрээс хөөж бугуйлдаж, уургалах гэсэн хоёр төрлөөр болдог юм. Явганаас шургуулж бугуйлдахад амар мөртлөө тогтооход хэцүү л дээ. Морин дээрээ хөөж бугуйлдахад унасан морь гүйцэхгүй байх, морь зөрж давхих гээд бугуйлдахад хүндрэлтэй ч тогтооход амар байдаг. 2006 онд нэг хээр адууг шургуулж бугуйлдаад 60 метр дотор нь тогтоосон. Дараа нь морин дээрээс хөөж бугуйлдахад нэг минут хүрэхгүй хугацаанд бугуйлдаж байлаа. Тэмцээнээр бугуйлдах, бас унах морио сугалаагаар сонгодог юм.
-Хөвсгөлийн “тамирчин” залууст амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна