Улс тунхагласны баярын бөхийн барилдааны сонин сайхнаас...

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 27 -нд

Анхдугаар үндсэн хуулиа баталж, Монгол Улсаа тунхагласны 89 жилийн ойн барилдаан 2013 оны 11 дүгээр сар 26-ны Мягмар гарагт Монгол Бөхийн өргөөнд боллоо.
Барилдаанд Монгол Улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх нараар манлайлуулсан хүчит 256 бөх зодоглолоо. Энэ өдрийн барилдаан урд жилүүдийн адилаар улсын наадам цагаан сарын дараа орохуйц өндөр чансаатай барилдаан болсон бөгөөд 256 бөхийн барилдаанд улсын цолтой 37 бөх, аймаг цэргийн цолтой 191, сумын заан цолтой 28 бөх л багтсан нь барилдааны чансааг илтгэх болов уу. Мөн энэ өдрийн барилдааныг улсын гарди Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан Б.Сайнбаяр, М.Өсөхбаяр, улсын начин Ж.Оргил, Л.Нямсүрэн нарын цолтнууд маань анхааралтай үзэж суув.
Барилдааны нэгийн даваанд Хэнтий аймгийн Батноров сумын заан Э.Дарханбат улсын харцага Ж.Амартүвшинг баруун хутгаад, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын заан О.Үйтүмэн улсын начин Б.Баянжаргалыг давхар хамаад, Ховд аймгийн Мөнххайрхан сумын заан Б.Баянмөнх улсын начин С.Батсуурийг давхар тохоод тус тус давав. Мөн улсын начин Н.Бүрэнбаатар, Д.Цогзолдорж, Ш.Тогтохбаяр нар сумын шилдэг заанууд болох Ж.Бямбадоньд, Л.Жамбал, Д.Бат-Эрдэнэ нарыг тун ч төвөггүй өвдөг шороодуулсан нь залууст нэгийг сануулсан болов уу. Мөн энэ даваанд улсын цолтой нэгэн бөх учраа бөхөө давахдаа дээрээс нь нидэрч улмаар толгой руу нь тун ч хүчтэй дэлсэж харагдлаа. Ийм болчимгүй үйлдлийг ахлах цолтнууд маань үе үе гаргах болсон нь тун зохисгүй.
Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат сумын заан С.Очирбаттай нэлээн удаан барилдаж шахаж татаад түрэхэд нь баруун талдаа тосгуулж хавираад начин давав. С.Очирбатын хувьд шилдэг начинтай маш сайн барилдлаа. Мөн у.н Б.Сугаржаргал а.н Б.Батбаяртай оноолт таарсан бөгөөд улсын начин нь барьц сонгож мордоод чимээтэйхэн орхив.Уран барилдаант Ц.Одбаяр начин а.н Ж.Цэрэндаваатай хүч үзэж начин давсан бөгөөд хэдийгээр унасан хэдий ч өнөө жилийн Архангай аймгийн шинэ начин Ж.Цэрэндаваа их үлдэцтэй, уян бөх болохоо бөх сонирхогчдод таниулав.
Энэ даваанд оноолт таарсан аймгийн цолтнуудын барилдаан үзэгчдийг уулга алдуулсан барилдаанаар дүүрэн байлаа. А.а Ч.Булганхүү а.н А.Батзоригийг этэж түлхээд, а.а А.Сүмбээ а.н Г.Ууганбаярыг зүүн хавираад, ц.а Б.Ганзориг а.н Б.Жавхланг хөлдөө дутуухан суухад хагалж гуд татаад, а.а Бо.Батжаргал а.н Ц.Мөнхбаярыг сөрж тавхайлдаад, а.а Г.Батням а.н Ц.Сэдбазарыг дагуулж мушгиж тонгороод, а.а Б.Батдорж а.н Г.Пүрэвдоржийг гар ачаад, а.а Давж.Батбаяр а.н О.Жаргалсайханыг татаж хавираад, а.а Б.Ганхуяг а.н Т.Сайханжаргалыг баруун хавираад, а.а Б.Ганболд а.н Т.Шинэзоригийг хавирахад тулгуур хөлд мордоод, а.а Б.Уугандаваа а.н Г.Эрхэмбаярыг шахаж татаад, а.з Б.Номиндалай а.х Ж.Энхбаатарыг баруун наагаад, а.н Х.Цогтгэрэл а.а Ж.Мөнгөнийг тахимдаад, а.н Б.Тайван а.а Б.Бат-Оршихыг этээд, а.н Б.Отгонцоож а.а Б.Серикийг суйлаад, а.н Д.Аззаяа а.а Б.Энхбаатарыг дагуулж хөмрөөд, а.н Х.Гантулга а.а Д.Тангадыг баруун татаж хавираад, а.н П.Даваадорж а.а П.Батмөнхийг хонгодож хөөгөөд, а.н Ө.Сүхбат а.а Ш.Дарханбатыг зүтгэж мордоод, а.н Ө.Дүүрэнбаяр а.а Б.Хаш-Эрдэнийг хашиж мордоод, а.н С.Батсайхан а.а Б.Бат-Амгаланг хөмрөөд тус тус давсан нь үзэгчдийн талархлыг хүлээж байлаа.
Мөн энэ даваанд а.н Г.Энхбилэг а.а З.Наранбаатарыг мордоход дагуулж хөмрөөд, а.н Д.Төрболд а.а А.Отгонбаатарыг мордоод угсруулж баруун хутгаад, а.н М.Баасанбат а.а Л.Лха-Очирыг баруун мушгиад буцааж бусгаад, а.н Б.Даваа-Очир а.а Л.Шинэбаатарыг араар нь мордоод залгуулж гар ачаад, а.х Х.Батбаяр а.х Ш.Мөнх-Одыг дан шуудагдангуут баруун талдаа мушгиж тонгороод давсан барилдаанууд үнэхээр үзүүштэй болсон бөгөөд угсраа мэхээр уран гоё давцгаалаа, аймгийн начин харцагууд маань.
Бөхийн барилдааны хоёрын даваанд у.н Э.Энхбат а.н П.Даваадоржийг хонгодоод хөөхөд дагуулж зайлж хавираад, у.н Ш.Тогтохбаяр а.н О.Батжаргалыг барьцгүй хавираад, у.н Б.Сугаржаргал а.х Б.Зоригтбаатарыг шахаж татаж мордоод, у.н Ц.Одбаяр а.х А.Отгонбаатарыг давуулж хутгаж хөөгөөд, а.х.а Ч.Батчулуун а.з Б.Гончигтавхайг түлхээд, а.а Б.Баатарцол а.з Д.Дарханбаатарыг мушгиж тонгороод, а.а Давж.Батбаяр а.а Б.Ганбаатарыг зүүн мордоод, а.з Н.Золбоо а.х.а А.Алтанхуягийг хонгодоод, а.з С.Ган-Идэр а.х.а О.Гантулгыг тосгуулж давхар хавираад, а.х Б.Бат-Өлзий у.н Ж.Чулуунбатыг хутгахад мулталж дараад давсан бол а.н Т.Батсайхан у.н Д.Цогзолдоржийг, а.н Г.Энхбилэг у.х Э.Оюунболдыг, а.а Бо.Батжаргал а.з Л.Цээсүрэнг, а.а Э.Ванданцэрэн а.а Д.Амарсайханыг мөн өвдөг шороодуулав. Хоёрын давааны хамгийн “шимтэй” барилдаан аймгийн залуу арслангуудын хооронд болсон бөгөөд Ш.Пүрэвгарьд хөнтөрч татаад буцааж этээд О.Хангайг давав. Энэ хоёр арслангийн барилдаан үзэгчдийн анхаарлыг хамгийн их татсан барилдаан болов уу.
Гурвын даваа хамгийн дуулиантай болсон гэхэд хилсдэхгүй биз. Даваа эхлэнгүүт Төв аймгийн Жаргалант сумын харьяат, аймгийн начин Т.Батсайхан аварга С.Мөнхбатын ард гарч мордсон бөгөөд аварга нумарч эргээд тогтов. Үетэй барилдаж тогтсон хэдий ч аварга их сандарсан бололтой харагдаж байлаа. Дахин өрөөд татаж эргүүлээд тавихдаа өөрөө өрсөөд тохойлдож унаснаар зүүний магнай аварга үзэгчдийн суудалд шилжив. Энэ барилдаанаас төдий удалгүй үзэгчдийг шуугиулсан нэг барилдаан нь Дорнод аймгийн заан Х.Алтансүх у.а Х.Мөнхбаатарыг гар ачсан барилдаан байв. Арслан нэлээд тэссэн ч аймгийн заан Х.Алтансүх гар ачих мэхийг дархан болгосноо мэдрүүлж улсын арсланг давлаа. Мөн у.х Н.Батсуурь а.а Ш.Пүрэвгарьдыг амлаж сэрвүү барьцнаас дүүгүүрдээд давсан бол заан Ч.Санжаадамба а.х Б.Бат-Өлзийг мордох, ачих, наах мэхээ угсруулж хийн тун төвөггүй шороодуулав. Уран барилдаант начин Э.Энхбат а.а Н.Адьяабатыг дагуулж тонгороод, у.н Ш.Тогтохбаяр а.а Бо.Батжаргалыг барьцгүй хавираад, у.н Н.Батзаяа а.з С.Ган-Идэрийн хөлд ороод дагуулж ачуулсан ч мулталж дараад, у.х А.Цацабшир а.з Б.Номиндалайг зүүн тахимдаад, а.з Н.Золбоо у.н Б.Заяамандахыг дагуулж мушгиж тонгороод, а.а Б.Батдорж у.н Б.Амарзаяаг зүүн талдаа хашиж мордоод, а.х.а Ч.Батчулуун а.а Б.Ганхуягийг сэрвүү барьцнаас бярдаж мушгиад, а.а П.Мөнхбат а.а Б.Эрдэнэхүүг тэнцвэр алдангуут тэр чигт нь муриад тус тус гурав давлаа.
Дөрвийн оноолтод улсын заан Б.Батмөнх а.з Х.Алтансүхийг толгойг нь уургалж гуд татаад, у.х А.Цацабшир а.а Б.Батдоржийг шахаж татаад, дотуур хашиж хавираад, Т.Өсөх-Ирээдүй а.а Н.Батсайханыг хөлдөө дутуухан суухад тэр чигт нь дугтарч татаад, у.х Н.Батсуурь а.х.а Ч.Батчулууныг зайлаад, у.н Б.Сангисүрэн у.н Ц.Одбаярыг түрж хөөгөөд угсруулж мордоод, у.н Н.Батзаяа у.н Р.Пүрэвдагвыг давхар тохоод давав. Энэ давааны оргил барилдаан у.н Э.Энхбат Т.Баасанхүү нарын дунд өрнөсөн бөгөөд Э.Энхбат начинг шахаж татахад Т.Баасанхүү этээд дутуудав. Улмаар Энхбат начин этээг нь мулталж мушгиад нэлээн дөхүүллээ. Гэсэн ч Баасанхүү үетэй гэдгээ харуулж сөрж хутгасан бөгөөд хутгааг нь мэдэрч сөрж таазаараа цохиод өсөх идэр начин давлаа. Мөн сүүлийн үед тун сайхан барилдаж буй Баянхонгор аймгийн залуу заан Н.Золбоо у.а П.Бүрэнтөгсийг тахимдаад дайрахад зайлж татаад урамтайхан орхилоо. Ер нь энэ өдөр Увсынхан од муутай барилдсан гэхэд болохоор байв.
Бөхийн барилдааны тавын даваанд улсын аварга Г.Эрхэмбаяр у.н Н.Батзаяаг сунгаж татаад, у.з Ч.Санжаадамба у.х А.Бямбажавыг хавираад, у.з Б.Батмөнх у.х Т.Мөнгөнцоожийг шахаж татаад, у.х Т.Өсөх-Ирээдүй а.з Н.Золбоог шилдэж гуд татаад, у.х А.Цацабшир бэлтгэл сайн байгаагаа харуулж шинэ начин Л.Цэрэнтогтохыг шахаж татаад тэр чигт нь мушгиад, у.х Ц.Содномдорж у.х Н.Батсуурийг мушгиад, у.н Э.Энхбат у.н Б.Сангисүрэнг дагуулж муриад тус тус давав. Энэ даваанд “онжав” начингууд тунасан бөгөөд Б.Сугаржаргалыг давуулахад сөрж хутгаад Б.Пүрэвсайхан давж үзэгчдийг шуугиулав.
Дунд шөвөгт Ч.Санжаадамба заан харцага А.Цацабширыг дугтарч татаад, Б.Батмөнх у.н Э.Энхбатыг тойруулж шахаж татаад, у.х Ц.Содномдорж у.н Б.Пүрэвсайханыг давуулж гуядаад тус тус давав. Тайлбарлагч Ц.Батнасангийн үгээр “саявтархан” болсон нэгэн барилдаанд харцага начин хоёр мөн таарч барилдсан бөгөөд мөн л баруун талдаа давуулж гуядаад харцага давсан билээ. Энэ удаад ч мөн даацтай гуядаад давлаа.
Долоогийн даваанд заан Б.Батмөнх аварга Г.Эрхэмбаярыг бусгаад давснаар наадмын даагаа мөн ч сайхан нэхэв. Тунасан хоёр төдий удсангүй. Заан Санжаадамба баруун талдаа хавираад давснаар үзүүр булаалдахаар шалгарч үлдлээ.
Үзүүр түрүүнд мөн л баруун хавирах мэхээр давснаар заан Санжаадамба энэ намар бөхийн өргөөнд дөрөв дэх удаагаа түрүүллээ.
Улс тунхагласны барилдаан аргагүй л үзэгчдийн хүсэн хүлээдэг барилдаан болох нь энэ өдөр бөхийн өргөө битүү байснаас харагдаж байлаа. Уран барилдаан олонтой энэ сайхан барилдааны дүйзийг гурвын даваанаас сонирхоно уу.
Гурвын даваа
1. С.Мөнхбат у.ав – Т.Батсайхан а.н
2. Г.Эрхэмбаяр у.ав
- М.Батцэнгэл а.з
3. Х.Мөнхбаатар у.а - Х.Алтансүх а.з
4. П.Бүрэнтөгс у.а
- А.Саруулсайхан а.а
5. Ч.Санжаадамба у.з - Б.Бат-Өлзий а.х
6. Б.Батмөнх у.з – Г.Энхбилэг а.н
7. Ө.Бат-Орших у.х - Т.Баасанхүү у.н
8. Т.Мөнгөнцоож у.х
- Ө.Дүүрэнбаяр а.н
9. Т.Өсөх-Ирээдүй у.х -Ж.Сүхбат а.а
10. А.Цацабшир у.х - Б.Номиндалай а.з
11. Ц.Содномдорж у.х -  Б.Шаравнямбуу а.з
12. А.Бямбажав у.х – Д.Цэрэндаваа а.а
13. Г.Алтангэрэл у.х - Н.Батсайхан а.а
14. Н.Батсуурь у.х
- Ш.Пүрэвгарьд а.а
15. Э.Энхбат у.н -Н.Адъяабат а.а
16. Ш.Уламбаяр у.н - Давж.Батбаяр а.а
17. Н.Бүрэнбаатар у.н - Б.Хашбат а.а
18. Л.Гантулга у.н – Д.Бадамгарав а.з
19. Ш.Тогтохбаяр у.н
- Бо.Батжаргал а.а
20. Н.Батзаяа у.н - С.Ган-Идэр а.з
21. Б.Заяамандах у.н - Н.Золбоо а.з
22. Б.Сангисүрэн у.н
- Б.Одгэрэл а.х.а
23. С.Багахүү у.н - Ш.Шинэбаяр а.х.а
24. Ц.Одбаяр у.н
- Э.Ванданцэрэн а.а
25. Б.Амарзаяа у.н - Б.Батдорж а.а
26. Р.Пүрэвдагва у.н
- Б.Баатарцол а.а
27. Б.Пүрэвсайхан у.н -Н.Ганзориг а.а
28. Б.Сугаржаргал у.н -Д.Энхбат а.а
29. Л.Цэрэнтогтох у.н - Б.Бат-Эрдэнэ а.а
30. Ч.Батчулуун а.х.а - Б.Ганхуяг а.а
31. Б.Ганзориг ц.а - Ч.Ганзориг а.а
32. П.Мөнхбат а.а
- Б.Эрдэнэхүү а.а
Дөрвийн даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав
– Т.Батсайхан а.н
2. П.Бүрэнтөгс у.а - Н.Золбоо а.з
3. Ч.Санжаадамба у.з
– Д.Бадамгарав а.з
4. Б.Батмөнх у.з -Х.Алтансүх а.з
5. Т.Мөнгөнцоож у.х -  Ч.Ганзориг а.а
6. Т.Өсөх-Ирээдүй у.х - Н.Батсайхан а.а
7. А.Цацабшир у.х - Б.Батдорж а.а
8. Ц.Содномдорж у.х -  П.Мөнхбат а.а
9. А.Бямбажав у.х - Ш.Шинэбаяр а.х.а
10. Н.Батсуурь у.х - Ч.Батчулуун а.х.а
11. Э.Энхбат у.н - Т.Баасанхүү у.н
12. Ш.Уламбаяр у.н - Л.Цэрэнтогтох у.н
13. Н.Бүрэнбаатар у.н - Б.Сугаржаргал у.н
14. Ш.Тогтохбаяр у.н - Б.Пүрэвсайхан у.н
15. Н.Батзаяа у.н
- Р.Пүрэвдагва у.н
16. Б.Сангисүрэн у.н - Ц.Одбаяр у.н
Тавын даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав
- Н.Батзаяа у.н
2. Ч.Санжаадамба у.з - А.Бямбажав у.х
3. Б.Батмөнх у.з - Т.Мөнгөнцоож у.х
4. Т.Өсөх-Ирээдүй у.х - Н.Золбоо а.з
5. А.Цацабшир у.х - Л.Цэрэнтогтох у.н
6. Ц.Содномдорж у.х - Н.Батсуурь у.х
7. Э.Энхбат у.н - Б.Сангисүрэн у.н
8. Б.Пүрэвсайхан у.н - Б.Сугаржаргал у.н
Зургаагийн даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав
- Т.Өсөх-Ирээдүй у.х
2. Ч.Санжаадамба у.з - А.Цацабшир у.х
3. Б.Батмөнх у.з - Э.Энхбат у.н
4. Ц.Содномдорж у.х - Б.Пүрэвсайхан у.н
Долоогийн даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав - Б.Батмөнх у.з
2. Ч.Санжаадамба у.з
- Ц.Содномдорж у.х
Наймын даваа
1. Ч.Санжаадамба у.з
- Б.Батмөнх у.з

МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна