Гарамгай мэргэн А.Цэвээн хамгийн олон удаа “аман хүзүүдсэн”

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 25 -нд

Монголын үндэсний сурын харвааны “хамгийн хамгийнаас” энэ удаад  анхдагчдыг танилцуулж байна. Одоогоос 92 жилийн тэртээ буюу Ардын хувьсгалын анхны баяраар Дамдины Сүхбаатар жанжин 20 сумнаас 15 онож, түрүүлж  байсан бол дараа нь жил дахин түрүүлсэн байдаг. Ийнхүү тэрээр улсын наадамд хоёр түрүүлсэн анхны харваач болж байгаа юм.
Тэгвэл улсын наадамд дөрөв түрүүлсэн анхны харваач Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, Гарамгай мэргэн Оригийн Адилбиш болж байна. Тэрээр 1952,1955,1961, 1963 онуудад тус тус түрүүлжээ. Харин Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Гарамгай мэргэн Аюушийн Цэвээн нь хамгийн олон удаа улсын наадамд хоёрдугаар байранд орсон байдаг. Тэрээр 1974,1976,1978,1979,1980,1982,1985,1986 онуудад тус тус  “аман хүзүүдэж” байлаа. 
Үндэсний сурын харваачдаас спортын мастер цол хүртсэн анхны эрэгтэй харваач нь Улсын мэргэн Шагдарын Жамбасамбуу юм. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул тэрээр 1959 онд спортын мастер болсон нь түүхнээ анхдагчдын нэг болон тэмдэглэгдэж байгаа юм.
Улсын мэргэн, спортын мастер цолыг нэг өдөр авсан анхны харваач бол Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул, Улсын мэргэн Шагдарын Жамбасамбуу аж. Тэгвэл эрэгтэй харваачдаас Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэн анхны харваач, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул, спортын мастер Галсангийн Бямбаа  /1969 он/  болж байгаа юм. Улсын аварга шалгаруулах харвааны анхны аварга харваач Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, ахмад дайчин, Улсын мэргэн Машийн Цэдэв /1959 он/  бол Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмын аварга харваач – Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул Дэмбэрэлийн Балдандорж /1959 он/  юм.
- Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадын Аварга харваач Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Цэрэндоржийн Пүрэв /1961он/
- Улсын аварга шалгаруулах анхны тэмцээний аварга баг “Замчин” нийгэмлэгийн спортын мастер Ц.Осор ахлагчтай хамт олон /1962 он/
- Ахмад харваачдын анхдугаар тэмцээний аварга Гарамгай мэргэн Аюушийн Цэвээн /2003 он/
- Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул Г.Дамдингийн хүү Жамбалсоно 13 настайдаа улсын наадамд томчуудтай өрсөлдөж, тавдугаар байранд шалгарсан нь хүүхдийн харваанд анхдагч болж байгаа юм. /1946 он/
- 40 сумнаас 39 оносон анхны харваач Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Улсын мэргэн Догдомын Дагвасүрэн /1989 онд/
- Харин Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУ-ын Гарамгай мэргэн Шагжсүрэнгийн Даваахүү 40 сумнаас 40 оносон /1995 он/ анхны харваач  болж байгаа юм. Ийнхүү түүх өгүүлэх анхдагчийн цуваа пүрэв гарагт ч үргэлжлэх болно.

МУ-ын Мэргэн П. Гарамдорж

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна