Хамгийн олон бөх барилддаг 11 сарын барилдааныг таамаглахад ...

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 15 -нд

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 11 дүгээр сарын барилдаан энэ 16 буюу Бямба гарагт Монгол Бөхийн Өргөөнд болно. Өмнөх жилүүдэд тухайн оныхоо хамгийн олон буюу 2011 онд 672, 2012 онд 640 сумын заан барилдаж байсан түүхтэй. Тэгвэл өнөө жил хэдэн бөх барилдах бол.. 2011 онд Гэлиймаагийн Биндэрьяа түрүүлж байсан бол өнгөрсөн жил Нацагсүрэнгийн Золбоо түрүүлсэн. Харин өнөө жил хэн байх бол??
Миний бодоход энэ сарын сумын заануудын барилдаанд ойролцоогоор 600 орчим залуус барилдах болов уу? Өнгөрсөн сарын сумын заануудын барилдаанд 512 бөх барилдуулахаар бөхөө бүртгээд байсан боловч бөх бүртгэх цагаас хоцорч ирсэн барилдах чин хүсэлтэй 60 орчим залуу байсан тул тэднийг оролцуулан барилдуулж 576 болсон билээ. Энэ сард мөн тэр тооны бөхчүүд ирнэ хэмээн тооцвол тэдэн дээр хөдөө орон нутагтаа ажиллаж амарч байгаад ирсэн шилдэг залуус нэмэгдэж бараг л 600 шахах биз. Дашрамд хэлэхэд сумын цолтон болон залуу бөхчүүдийг барилдах цагаасаа өмнө ирж бүртгүүлэхийг анхааруулж байна. “Эрт бүртгүүлсэн бөх барилдахад амар байдаг. Учир нь аль эрт бүртгүүлээд санаа зовох зүйлгүй амгалан байдаг. Харин хоцорч, яарч бүртгүүлсэн бөх тэр хэрээрээ сандарч барилдаанаа төдийлөн гаргаж чаддаггүй” хэмээн ахмадууд хэлэх нь бий. Амьд судар болсон ахмадын үгэнд учир бий дээ. Ингээд уншигч та бүхэндээ энэ сарын заануудад хэн дээгүүр үзэх магадлалтайг өөрийн бодлоор хэлхэн бичье.

ЖИГЖИДСҮРЭНГИЙН БЯМБАДОНЬД. Аварга дээд сургуулийн төгсөх ангийн оюутан Доньдыг ТВ9 телевизийн бөхийн тайлбарлагч Ц.Батнасангийн хэлдэгчлэн саявтархан болсон Их дээд сургуулийн оюутнуудын улсын аварга шалгаруулах багийн барилдаанд барилдаж буйг нь харахад бэлтгэл нь жигдэрч мөн ч сайхан болсон харагдана лээ. Сумын заануудын барилдаанд их шөвөгт шалгарч байсан, эрэмбэ өндөртэй энэ залуу бага дунд шөвөгт ч нэлээдгүй шалгарч байлаа. Энэ сард нэгийг дуулгах биз ээ.
ЭРДЭНЭБАТЫН ДАШ. Хойч үеийнхэн дотроо барилдаан, бяр хүч, бие арлаар аргагүй ялгарч буй энэ залуу өмнөх сарын сумын заануудын барилдаанд илүүрхэн түрүүлсэн. Гараа дэвээ шаваа нь нутгийн бөх хурц арслан А.Алтанхуягтай төстэй Эрдэнэдалайн Даш ойрдоо унах ер нь дургүй байгаа даа. Дараалан түрүүлэхийг хэн байг гэх вэ.
ПҮРВЭЭГИЙН ӨСӨХБААТАР. Сумын заануудын барилдаанд тогтмол амжилттай барилддаг цөөн хүмүүсийн манлайд Өсөхөө байх нь зүйн хэрэг. Одоогоор нэг түрүү хоёр үзүүртэй байгаа чөлөөтийн шилдэг тамирчин залуу энэ сард өнгөнд үзэх байлгүй. Ганц бөхийн өргөөнд биш ямар ч газар барилдсан дээгүүр л үзээд байгаа. Саяхан ХААИС-д түрүүлсэн бол Багахангайд гуравт шалгарсан сурагтай байсан. Хүний мэхэнд их л үлдэцтэй хэрнээ өөрийнхөө хийсэн мэхийг тун ч даацтай хийнэ.
БАТЦЭНГЭЛИЙН ЧИМЭДВАНДАН. Барилдсан барилдаан бүхэндээ үзүүрлээд байгаа Вандан энэ удаа түрүүлчихэж мэдэх л байх. Өмнөх сарын барилдаанд өргөөнд үзүүрлэсэн бол ШУТИС, ХААИС, Багахангайн барилдаанд мөн л үзүүрлэсэн. Бие арал сайхантай, хэнийг ч хаяж мэдэх шилдэг залуу.
НЯМЖАВЫН ШИРЧИНХҮҮ. Оюутны улсын аваргаар ямар эвгүй барилдаантай бөх вэ гэдгээ дахин нэг нотолсон. Багаа хүрэл медаль авахад хамгийн чухал үүргийг гүйцэтгэсэн Таванханы залуу маань одоогоор нэг удаа түрүүлж, хоёр удаа 6 давсан амжилттай байгаа. Энэ сард 6-аас илүү давахыг үгүйсгэх аргагүй л байна лээ дээ.
БҮРНЭЭГИЙН БАЯНМӨНХ. Манлай заан эрэмбээрээ дээгүүр гарч л таарна. Жүдоч залуу өмнөх сард гуравт, ШУТИС-т мөн гуравт үлдсэн байсан. Сүүлийн үеийн заануудын барилдааныг манлайлан барилдсаар байгаа энэ бөх энэ сард илүү олон бөхийг манлайлж тэр хэрээрээ илүү олон даваа авах боломжтой.
ЭНХЖАРГАЛЫН ДАРХАНБАТ. Хэнтийн Дархаа ирсэн байна лээ. Зарим бөхчүүд хөдөөнөөс ирснийхээ дараа муухан байдаг бол Дархаа эсрэгээрээ. Өнгөрсөн жил хөдөөнөөс ирээд олон шөвгөрсөн дөө. Энэ жил түрүү үзүүрт үзэх байх аа. Хүнд бярдуулдаггүй, их л онцлог барилдаантай хүн дээ. Аймаг цэрэгт 5 давсан сумын заан энэ цаг үед хэр олон бол.
ДАМДИНПҮРЭВИЙН БАТ-ЭРДЭНЭ. Бөхийн хийц галбир тун ч сайхантай Даниа маань одоогоор нэг түрүү, нэг шөвөгтэй байгаа. Туршлага л жаахан дутна уу гэхээс бусад бүх зүйл түүнд бий. Саяхан бага зэрэг гэмтэлтэй байгаа сураг дуулдсан. Түүнийгээ эдгээсэн бол дээгүүр харах л хүмүүсийн нэг.
ШИРНЭНДОРЖИЙН АЛТАНГЭРЭЛ. Давхар ачих мэхийг хорьсон ч хориогүй ч хийдэг энэ залуу жинхэнэ жүдо стилийн барилдаантай. Өмнөх сарын барилдаанд Э.Ширнэн, Б.Цэрэндагва, Н.Ширчинхүү нарыг цувуулсан шигээ энэ сард хэдийг “цувуулах” байхаа. Гэхдээ бас Баянаад унадаг шигээ унахгүйг хичээвэл зохилтой байх.
ГАНСҮХИЙН ХИШИГБАТ. Хайнгадуухан барилдаантай боловч зүүн талдаа мушгисан байхад хэнийг ч “зална”. Намрын нээлтэд их шөвөгт шалгарсан шигээ сайхан барилдахад бас л үзээтэй дээ. ШУТИС, Багахангайд мөн л шөвгөрсөн сурагтай.
ГАНПҮРЭВИЙН ГАНБААТАР. Сайханы Ганбаа өнгөрсөн сард сүүлийн 5-д шалгарсан. Үзүүр бөхийг тонгороод нэлээн дөхүүлсэн дээ. Энэ сард мэхээ гүйцэд хийгээд барилдахад бүр дээшээ үзэх бяр, арал түүнд дүүрэн бий.
ГҮНСЭННОРОВЫН БАТМӨНХ. Тун ч эвгүй барилдаантай даа. Саяхны нэгэн барилдаанд улсын начин Одбаярыг давхар ачаад айхтар хаясныг уншигчид маань санаж байгаа байх. ХААИС-д мөн их шөвөгт үлдсэн байна лээ. Бэлтгэл нь жигдэрсэн бол дээгүүр л гарна даа.
ОРГОДОЛЫН ҮЙТҮМЭН. Чөлөөтийн Үйтээ саяхан нэг барилдаж харагдсан. Энэ удаагийн барилдаанд барилдвал дээгүүр үзэх л хүмүүсийн нэг. Өнгөрсөн жилийн 11 сарын барилдаанд 640 бөхөөс их шөвөгт Ш.Пүрэвгарьд Н.Золбоо нартай үлдсэн гэхээр ямархуу бөх вэ гэдэг нь харагдана.
ЁНДОНПЭРЭНЛЭЙН УЛСБОЛД. Сумын заануудын барилдааны шөвгөрсөн тоогоор жагсаавал Улсаа тун дээгүүр жагсана. Гурав, тав, наймд мөн олон үлдсэн энэ бөх тун эвгүй барилдаантай. Хүний мэхийг дагуулаад хонгодоо хутгаа хийхэд барагтай хүнийг хазайлгана даа.
ЛХАМСҮРЭНГИЙН ЖАМБАЛ. Давсан ч унасан ч инээж явдаг энэ залуу саяхан Багахангайд болсон сумын заануудын барилдаанд түрүүлсэн байна лээ. Бөхийн өргөөнд их шөвөгт үлдэж байсан Жамбал энэ сард дөнгүүр үзэх байх аа.
СҮРЭНЖАВЫН ОЧИРБАТ. Их шавийн энэ залуу орж гарсан эвгүй барилдаантай. Өнгөрсөн жил ХААИС-д түрүүлж байсан бол энэ намрын хоёр барилдаанд хоёуланд шөвгөрсөн. Тэгэхдээ бүр нээлтийн барилдаанд их шөвөгт үлдсэн шүү.
ГОМБОДОРЖИЙН ЦЭНДДОРЖ. Намрын хоёр барилдаанд аль алинд нь зургаа давсан. Зайлж бусгах, дагуулж хавирах дархан мэхтэй энэ залуу Хилчин дээр бэлтгэлээ базааж байгаа. Одоо 7 давах байлгүй.
ТОГТОХЫН ХАЙДАВДОРЖ. Нөмрөгийн Хайдав мөн ч сайн бөх дөө. Сумын заануудын барилдаанд байнга гэмээр шөвгөрдөг гар урттай, мэдрэмж тун сайтай энэ бөх өмнөх хоёр барилдаанд Цэнддоржид унасан. Энэ удаа Цэнддоржоос өөр хүнийг амлаад барилдахад учиртай байх биз. Эсвэл монгол бөх гурав амлаж даагаа нэхдэг гээд амлах ч юм бил үү хэн мэдлээ.
БАЯРТОГТОХЫН МӨНХ-ӨРНӨХ. Намрын хоёр барилдаанд барилдаагүй энэ залуу өчигдөр хотод ирсэн сурагтай. Мэхэндээ даацтэй, зоригтой барилддаг. Тэр өмнөх жилүүдийн сумын заануудын барилдаанд Д.Тогтохжаргал, Н.Эрдэнэбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Б.Уугандаваа нарыг өвдөг шороодуулж байсан гэхээр ямар бөх вэ гэдэг харагдах байх аа.
ГАНЗОРИГИЙН ЖАМБАЛДОРЖ. Мушгиж тонгорох, тахимдах мэхтэй ногоон зодогт маань хааяа арай хайнга барилдаад байх шиг харагддаг. Энэ алдаагаа залруулахад дээгүүр үзнэ л дээ.
БИЗЬЯАГИЙН ЦЭРЭНДАГВА. Баян-Өндөрийн энэ бөх өнөө жил Дундговьд дөрөв даваад унасан бол сумандаа дахин түрүүлжээ. Өмнөх сард тав даваад зургаа дээр Ш.Алтангэрэлтэй тунаад этүүлчихсэн. Хав, сэрвүү аль ч барьцнаас сайн барилддаг Цэрэндагва маань энэ сард давааныхаа тоог ахиулах байлгүй.
Дээр нэрлэсэн залуусаас гадна Аваргын С.Түвшинжаргал, Б.Баатарболд, Э.Сумьяабат, Л.Цэнд-Аюуш, Ч.Даш, Ганболдын Төрмөнх, Ховдын О.Очбат, Б.Анхжаргал, О.Пүрэвбаяр, Булганы Б.Түмэндэмбэрэл, Э.Чимэддорж, Э.Энх-Амгалан,  Л.Маналсүрэн, Шонхорын М.Улаанхүү, Эрдэнэцогтын Даваажаргал, Энхбатын Жүгдэрнамжил, Энхмэндийн Өлзийсайхан, Женкогийн М.Билгүүдэй, Хөвсгөлийн Э.Ширнэн, А.Мягмаржав, Б.Сүхбат, Их Богдын Төмөрийн Дүүрэнсаран, ҮБТДС-ийн Болоогийн Алтангэрэл, Б.Лхагвадорж, Их Монголын Хүчтэний З.Баттөмөр, С.Даваадорж, С.Төмөрбаатар, О.Наранбаатар, Увс нуурын О.Баярцогт, О.Түмэн, Б.Мөнхбаяр, Д.Урианхай, Т.Эрхэмбаяр, Б.Мөнх-Эрдэнэ, Э.Лхамхүү, Э.Гансүх, Архангайн Б.Чинбат, Б.Мөнхтулга, Төвийн М.Тэгшбаяр, Д.Одсүрэн,  Ц.Алтансүх, Завханы Э.Доржсүрэн, Э.Одхүү, Д.Дэмиддорж, М.Амарсанаа, М.Батмягмар, Ажнайн Т.Төгсдөлгөөн, Хилчиний М.Ууганбаатар гээд эвгүй үзэх залуус бий дээ.
Барилдаан сайхан болох байх аа.

МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна