Сурынхан аяны богцоо задаллаа

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 31 -нд

Долоо дахь жилдээ болж байгаа Дэлхийн уламжлалт харвааны тэмцээн аравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд  өмнөд Солонгос улсад амжилттай болж өндөрлөсөн. Энд дэлхийн 31 орны 408 харваач цэц мэргээ сорьсон юм. Монголын баг бүрэлдээхүүний 50 хувь нь улсын мэргэчүүл байсан бол 30 хувь нь спортын мастерууд, үлдсэн 20 хувь нь залуу харваачид байжээ. Орон орны 7 байнд харваж өрсөлдөх энэхүү тэмцээний эхний бай АНУ байсан бол Хятад, Унгар, Монголын байгаар үргэлжилсэн аж.  Ингээд 31 орны харваачдаас Монгол улсаа төлөөлөн оролцсон МУ-ын мэргэн  С.Баярмаа /Таван толгой ХХК/ - 41 оноогоор алтан медалийн эзэн болсон бол харин удаах байранд МУ-ын мэргэн Д.Норжмаа /Алдар/ -38 оноогоор, МУ-ын  гоц мэргэн, спортын мастер Х.Оюунчимэг /Төв аймаг/ - 30 оноогоор тус тус эхний гурван байранд бичигдсэн юм. Ийнхүү олз омог дүүрэн яваад ирсэн харваачид явсан газрынхаа сонин сайхнаас сэтгүүлчидтэй хуваалцсанаас Д.Норжмаа мэргэнтэй ярилцсанаа хүргэж байна. 


МУ-ын мэргэн Д.Норжмаа: Бид цэцэн мэргэнээрээ гайхуулахаас гадна өв соёлоороо гайхуулаад ирлээ
-Баяр хүргэе. Амжилттай сайхан оролцоод ирлээ?
-Баярлалаа. Долоо дахь жилдээ болж байгаа Дэлхийн уламжлалт сур харваачдын фестиваль наадмыг зохион байгуулагдсан цагаас нь эхлэн манай харваачид амжилттай оролцож байгаа. Миний хувьд гурав удаагаа оролцож, мөнгөн медаль хүртлээ.  Дэлхийн 31 орны 400 гаруй харваачид энд цэц мэргээ сорихоос гадна эрдэм шинжилгээний хурал, урлагийн арга хэмжээ болдог бөгөөд шагналын өдөр ирсэн бүх харваачид үндэсний дээл хувцсаа өмсөж өв соёлоороо бас гайхуулдаг юм. Бидний хувьд цэцэн мэргэн харваагаараа гайхуулахын зэрэгцээ үндэсний өв соёлоороо бас гайхуулаад ирлээ. Урлагийн тайзнаа нь морин хуураа эгшиглүүлж, алдарт “Үлэмжийн чанар”-аа дуулсан нь ирсэн зочдын анхаарлыг татсан. Мэдээж шагналын тавцан дээр гурван монгол эмэгтэй зэрэгцээд зогсож байгааг харахад бахархал бардамнал өөрийн эрхгүй төрсөн. Би үнэхээр их баяртай байна. Энэ дашрамд намайг дэмжиж тусалдаг “Алдар“ спорт хороо, “Жем интернэйшнл” группийн хамт олондоо баярлалаа, ажлын амжилт хүсье.
-Өмнө нь ямар ямар амжилт гаргасан билээ?
-2009 онд оролцоод хүрэл медаль хүртэж байлаа. Харин 2011 онд Үндэсний сурын холбооны нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа урилгаар оролцсон. Энэ удаад тамирчнаар оролцоод мөнгөн медаль хүртэж, багийн харваанд 52 оноогоор рекорд тогтоогоод байгаа.
-Тэмцээний цар хүрээ нэмэгдэж байгаа тухай та бүхэн ярилаа. Анх таны оролцож байснаас хойш ямар ямар өөрчлөлт гарсан байна вэ?
-Тийм ээ, тэмцээний цар хүрээ маш их нэмэгдсэн байна. Харваачдын тоо нэмэгдэхийн хэрээр онооны нягтрал ч их нэмэгдсэн. Миний хувьд 2009 онд 18 оноогоор хүрэл медаль авч байсан бол энэ жил 38 онож мөнгөн медаль авсан байх жишээний. Ширүүн өрсөлдөгчид олон болсон байна. Ажиглаж байхад гадныхан бүхэл бүтэн эрдэм шинжилгээний баг ажиллуулдаг байхаа. Байнгын бичлэг хийж, баримт цуглуулсан улс байх юм. Тэд энэ цуглуулсан материалаа ажил хэрэг болгож байгаа учраас үр дүн гараад байна.  Бид ч дутах юу байх билээ. Үүний тулд жаахан дэмжлэг л хэрэгтэй юм даа гэж бодож байлаа.
-Ярилцсанд баярлалаа.


П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна