Б.Саранхүү: Гиннест айрагддаг хээр морь маань хавраас хойш найм уралдчихсан байна лээ

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 25 -нд

 -Өнөө жил бүсийн наадмаас хоёр ч айраг хүртлээ. Дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх 4249 морины уралдаанд таны хээр морь айргийн гуравт хурдалсан байхаа?
-Монголд адууны яам байгуулагдсаны 750 жилийн ойг тохиолдуулан, монгол морио дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх санаачлагыг ММСУХ гаргаж, түүнийгээ амжилттай хэрэгжүүлсэн. Би энэхүү түүхэн үйл явдлын ажлын хэсэг буюу комисст орж ажилласандаа баяртай байгаа. Монгол түмэн маань хотлоороо дэмжин, урамшуулж, энэ их үйлсийг нэр төртэй бүтээлээ. Аймаг болгон тодорхой хэмжээний хариуцлага хүлээж, уяачдын төлөөллөө оролцуулсан. Манай Төв аймгаас гэхэд бараг 2000 уяач оролцсон байх. Энэхүү түүхэн уралдаанд миний хээр морь бүсдээ айргийн гуравт хурдалсан. Нийт уралдсан адуундаа бол 16-д давхисан.
-Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд бас айрагдсан билүү?
 -Тэгсэн. Төв аймгийн 90 жилийн ойд 540 гаруй их мориноос айргийн 5-д хурдалсан. Хээр морь маань Архуст суманд Ц.Чулуун  уяач уяа сойлгыг нь тааруулсан. Энэ дашрамд “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад уяачдаа баярласнаа илэрхийлье.
-Хээр морь хаанахын адуу юм бэ?
-Манай Баянжаргалан сумын унаган адуу. Би 2006 онд аймгийн наадамд түрүүлсэн даагыг Должингийн Баярсайхан гэдэг хүнээс  авч байсан юм. Надад ирээд шүдлэн уягдалгүй өнжөөд, хязааландаа Төв аймгийн наадамд есөд давхисан. Соёолондоо Архустын наадамд арван хэдээр ороод, хавчигтаа өнжиж, долоотой нийлээд Дундговь аймагт болсон “Их мандал-2012” говийн бүсийн наадамд арван хэдээр орсон юмдаг. Уг нь түрүүлж зугтааж байгаад үзүүр дээрээ жаахан суугаад арван хэдээр орсон. Тэр жилээ /2012 онд/ Архуст болон сумандаа түрүүлээд, аймагтаа мөн арав гаргаж давхисан.
-Энэ жилийн тухайд хэд уралдсан бэ?
-Тоолоод үзсэн чинь хавраас хойш найм уралдчихсан байна лээ. Баянжаргалан суманд болсон нэг багахан наадамд айрагдаад л эхэлсэн юм. Хамгийн сүүлд Өвөрхангайд уралдаад арав гаргаж давхисан. Өвөрхангай аймгийн морины шүтээн дээр босгосон төрийн найман хүлгийн гурав нь манай Баянжаргалангийн адуунууд. Даваанэрэнгийн хүрэн халзан азарга, Галын хүрэн морь ,Ганбаатарын халзан морь манай нутгийн адуунууд шүү дээ. Тиймээс хөшөөний нээлтэнд зориулсан уралдаанд манай сумынхан ихээхэн ач холбогдол өгч оролцсон.
-Хээр морины хоёр айргаас гадна томоохон наадмаас хишиг хүртэж байв уу?
- 2009 онд Баянхонгор аймагт болсон Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн даншигт хязаалан үрээ дөрөвт давхиулсан. Хүрэн үрээ маань Архустын унаган адуу. Дашцэрэнгийн Эрдэнэбат гэдэг залуугаас авч байсан юм. Тэр хавийнхан бол андахгүй дээ. Архуст, Цэнхэрмандал, Багануур, Баянжаргалан хавиар олон түрүүлж айрагдсан адуу. Даагандаа гэхэд л найман алтан медаль авч байсан гэдэг юм. Би хязаалан болдог жил нь аваад Архустын 50 жилийн ойд түрүүлгээд, Ламын гэгээний даншигт айрагдуулсан. Бас намар авто замын 80 жилийн ойд аман хүзүүдсэн юм байна. Мөн манай сумын Бямбадоржийн бэлгэнд өгсөн Саарал үрээ азаргандаа Архуст суманд 2 жил дараалан түрүүлж байсан. /2010,2011 он/
-Одоогийн байдлаар бүсийн наадмаас гурван айраг хүртээд байгаа юм байна шүү дээ?
- 2012 оны “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаанд хонгор халзан соёолон айрагдуулж байсан.
-Нээрэн тийм шүү дээ. Халзан үрээ хаанахын адуу вэ?
-Дорноговь аймгийн Алтанширээ  сумын харьяат Анхбаяр гэдэг залуугийн унаган адуу соёолон Дүнжингаравт хурд-д айрагдаж улсын наадамд 6-д давхисан .Хязаалан адуу   Дорноговь аймгийн 80 жилийн ойд арав гаргаж давхисан адуу авч байсан .
-Монгол төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулсан их хүмүүсийн үр сад аргагүй л өнгөтэй наадах юмаа?
- Алдарт хүрэн морины эзэн Гал уяач манай аавын ээжийн дүү байгаа юм. Миний өвөө Ганчулуун хурдан морь уядаг, би түүнийг унадаг байлаа. Манай аав ч ялгаагүй бас морь уядаг байсан. Аавын маань хурдан хул азарга тэр хавьдаа нэлээд олон түрүүлж айрагдсан. Сүүлд улс хувьсгалын 80 жилийн ойд, хул азарга 19-д давхиж байсан юмдаг. Аав маань нас өндөр болж хотод суурьшин  манайхан морь малнаас холдоод ирэх үеэс надад морь уяя гэдэг бодол төрсөн юм. 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиож, тэр том ойд өөрийн нэртэй морь мордуулъя гэсэн бодол төрсөн. Тэгээд л нэг өдөр гарч давхиад Баянжаргалан орж суманд түрүүлсэн шүдлэн, даага хоёрыг авч талийгч Оюунбилэг Манлай дээр авчирсан юм.  Түүнээс хойш энд тэндээс бишгүй олон адуу авсан.
-Шинэ цагийн монгол адуу бий юу?
- Манай адууны гол суурь нь нутаг буюу Баянжаргалангийнх. Дээр нь Сүхбаатар, Хэнтий, Дорноговиос бас нэлээд адуу авсан. Өнгөрсөн жил Монгол Жоки клубын оруулж ирсэн цэвэр Англи азарга авсан. Энэ жил гүү хураалгаж байгаа.Бас нэг араб азарга бий. Яваандаа Монголд сонгомол морин уралдаан хөгжиж магадгүй гэж бодоод одооноос бэлтгэж байнадаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна