Бельгийн хүнд ачааны үүлдэр

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 22 -нд

Бельги нутагт бий болж нэлээд олон улс орноор тархан үржиж байгаа бельгийн хүнд ачааны үүлдэр нь өрнө зүгийн орнуудаар ихэд алдаршсан болно. Аж үйлдвэрийн хөгжил нь Бельги нутагт хүнд ачааны адуу бойжуулахад зохимжтой нөхцлийг бий болгож өгчээ. Хүнд ачааны адуу их хэрэгцээтэй байсан ба бусад оронд тийм адуу ихээр гаргаж байсан явдал тэр адуу бий болоход их ач холбогдол үзүүлжээ. Сүүлийн үед тэр адууны биеийн хэмжээ болон бядлаг байдлыг нэмэгдүүлэх талаар өрөөсгөл талтай ажилласны уршгаар бельгийн хүнд ачааны үүлдрийн адуу хэтэрхий бядлаг хэв байдалтай болсон нь уул адууны шинж чанарыг муутгасан  ажээ.
Энэ үүлдрийн галбирын онцлог гэвэл энэ адуу хатингар том толгойтой, цэх шулуун хамартай, шилээрээ өөх их хуримтлуулсан богино хүзүүтэй, өндөр биш бөгөөд богино, өргөн зузаан мундаатай, мундаа нь хүзүүтэйгээ зааггүйгээр нийлсэн байна. Нуруу богино бөгөөд хүзүү ба хондлойн булчин мах бядлаг зузааны улмаас хотгор мэт харагдана. Булчинлаг зоотой, ацалсан өргөн хондлой нь налуу байх нь олонтаа таарна. Их матаастай нуман хавирга бүхий торх маягийн бөөрөнхийлдөг биетэй, өргөн цээжтэй, бядлаг зузаан булчин махтай, богино бүдүүн хөлтэй, урд хөл нь дотогшоо майгадуу. Далбагар туурайтай ба туурай нь хэврэг зөөлөн байна. Бельгийн хүнд ачааны үүлдрийн дотор буурал зээрд, буурал хээр  зүс хамгийн их дэлгэрсэн бөгөөд бор зүс ховор тохиолдоно.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна