ШУТИС-ийн сумын заануудын барилдаанд оюутан Ц.Заяатүшиг түрүүллээ

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 21 -нд

ШУТИС-ийн “Соёмбо” клубээс санаачлан зохион байгуулсан сумын заануудын барилдаан 10 дугаар сарын 19-ий Бямба гарагт ШУТИС дээр болов. Сумын заан Б.Баянмөнх, Н.Шичринхүү, Б.Чимэдвандан, Ё.Улсболд, С.Очирбат, Г.Хишигбат нараар манлайлуулсан хүчит 136 бөх барилджээ. Бөхийн барилдааны хоёрын даваанд жүдоч Д.Төмөрхүлэг Таванханы С.Оргилбаатарыг сугадаж дайрахад үүрээд хоёр бөх тун ойролцоо газардаж дахин барилдсан бөгөөд Д.Төмөрхүлэг дутуухан тохоод буцааж наагаад давжээ. Мөн Увсын Х.Баярнэмэх Аваргын Ж.Бямбадоньдоор, Увсын Э.Гансүх Их Богдын Г.Жамбалдоржоор, Завханы Б.Хүдэрчулуун Ховдын О.Очбатаар, МУИС-ийн М.Мөнгөнгадас Завханы С.Доёддоржоор, Булганы Э.Энх-Амгалан Увсын Д.Урианхайгаар, Увсын Т.Эрхэмбаяр Өвөрхангайн Х.Энхчулуунаар тус тус хоёр давжээ. Гурвын даваанд Төв аймгийн харьяат Г.Пүрэвдорж Ховдын О.Пүрэвбаярыг хонгодоод, Цайдам Ургацын С.Очирбат ҮБТДС-ийн Б.Алтангэрэлийг тахимдаж түрээд давсан байна. Мөн Увсын Э.Гансүх МУИС-ийн М.Мөнгөнгадас нарын барилдаан маргаантай болж Мөнгөнгадас давсан байна. Дөрвийн даваанд бөх сондгойрч Б.Баянмөнх гоц мөргөсөн бол Таванханы Н.Ширчинхүү Архангайн Б.Гончигжавыг мушгиад, Завханы Б.Чимэдвандан Шонхорын Х.Лувсаншаравыг мордож дайраад, МУИС-ийн М.Мөнгөнгадас Завханы Ё.Улсболдыг хутгаад, Булганы Г.Ганбаатар Төвийн Г.Пүрэвдоржийг мордоод тус тус давсан байна. Тавын даваанд барууны магнай Н.Ширчинхүү гоц мөргөж, Б.Баянмөнх МУИС-ийн оюутан, Булганы Дашинчилэнгийн М.Мөнгөнгадасыг сугадаж түрж дайраад, Завханы Б.Чимэдвандан Дарханы С.Очирбатыг хөлд ороод дутуудахад сөрж хөлд нь ороод давжээ. Зургаагийн даваанд Завханы Б.Чимэдвандан гоцлож, зүүн барууны магнайн бөхчүүд барилдаж Ховдын Г.Хишигбат, Ц.Заяатүшиг нар тунасан байна. Н.Ширчинхүү хутгаад буцааж давхар тохох гээд дутуудаж Б.Баянмөнхөд унасан бол Ц.Заяатүшиг Г.Хишигбатаар даваагаа ахиулжээ. Их шөвөгт Б.Чимэдвандан Б.Баянмөнхийг орхиж Ц.Заяатүшиг гоц мөргөжээ. Үзүүр түрүүнд Цогтбазарын Заяатүшиг давснаар сургуулийнхаа барилдаанд түрүүлсэн бол Завханы Б.Чимэдвандан өргөөнд үзүүрлэсэн амжилтаа баталгаажуулж дахин үзүүрлэжээ. Дөрөвдүгээр байрын төлөөх барилдаанд Г.Хишигбат давснаар Н.Ширчинхүү тавдугаар байрт орсон байна.

МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна