Үржлийн фермүүдэд шингээх эрлийзжүүлгийн аргыг хэрэглэхэд нэн тохиромжтой

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 11 -нд

Өөр өөр үүлдэрт харьяалагдах адууг нийлүүлж үржүүлэхийг эрлийзжүүлэг гэдэг. Нутгийн жижиг адууг сайжруулах, шинэ шинэ хэв шинж бүхий үүлдрийг бий болгохын тулд энэ аргыг хэрэглэдэг. Эрлийзжүүлэг явуулах үед хоёр үүлдрийн удамшил нэгдэж шинэ шинэ чанар бий болдог ба өсвөр бага адууг зохих ёсоор тэжээж, торниулан бойжуулснаараа тэдгээр шинэ чанарыг хөгжүүлдэг. Эрлийзжүүлгээр гарсан эрлийз адуу гуйвамтгай удамшилтайн гадна орчныхоо нөхцөлийг шилэн сонгож авах чадвар сайтай байдаг. И.В Мичурин зонхилын хууль /зүй тогтол/ гэгчийг нээн тогтоосон бөгөөд тэр хуулийн дагуу авч үзвэл эрлийз амьтныг маллаж байгаа нөхцөлд илүү сайнаар дасч зохилдсон хээлтэгч буюу эсвэл хээлтүүлэгч малын шинж чанар нь тэрхүү эрлийз малд илүү сайнаар хөгжин гарч болно. Жишээлбэл: цэвэр цусны уналгын адууг казах адуутай эрлийзжүүлж, гарсан эрлийз адууг бэлчээрээр сүрэглэн маллах нөхцөлд бойжуулбал казах адууны шинж тэмдэг нь эрлийз адуунд илүү сайнаар тодрон гардаг байна. 
Харин эрлийз адууг байран маллагааны нөхцөлд маллан бойжуулж тарлалтыг тогтмол явуулж байвал цэвэр цусын уналгын үүлдрийн шинж тэмдэг нь илүү тодоор илрэн  гарна. Тийнхүү эрлийзжүүлэг явуулахдаа төл малыг чиглэлтэйгээр торниулан бойжуулж анхдагч үүлдрийн үнэтэй сайн чанарыг эрлийз малд хөгжүүлж болно. Манай хойд хөршийнхөн адууны аж ахуйдаа эрлийзжүүлэгт доорх аргыг хэрэглэдэг. Үүнд: шингээх, шинэ үүлдэр гаргах, цус нэмэх буюу цус сэлбэх, солбицуулах эрлийзжүүлэг ба хэрэгцээний эрлийзжүүлэг болно. Нутгийн жижиг биет адууны үүлдрийг сайжруулахын тулд шингээх эрлийзжүүлгийг гол төлөв хэрэглэдэг. Энэ зорилгоор сайжруулагч үүлдрийн азаргыг ашиглана. Тэгээд гарсан нэгдүгээр үеийн эрлийз гүүг бас л өнөөх сайжруулагч үүлдрийнхээ азаргаар хээлтүүлэн хоёрдугаар үеийн эрлийз төл гарган авна. Энэхүү эрлийзжүүлэлтийг цаашид дээрхийн адил журмаар үргэлжлүүлнэ. Эрлийз адууны тэжээллэг, маллагааны нөхцөл нь сайжруулагч үүлдрийн адууны тэжээллэг маллагааны нөхцөлтэй ойролцоо байж чадвал шингээх эрлийзжүүлгээр сайн үр дүн гарна. Адууг бэлчээрээр сүрэглэн маллаж, үржүүлэх, хоцрогдмол нөхцөлд казах адууг цэвэр цусны уналгын үүлдэртэй шингээх эрлийзжүүлгийн журмаар эрлийзжүүлсэн ажил амжилт өгөөгүй байх нь бий. Нутгийн адууг орловын хатирч адуутай эрлийзжүүлэх ажил нь тэжээллэгийн муу нөхцөлд бас л сайн үр дүн өгөөгүй гэдэг. Адуун сүргийг үй олноор нь сайжруулах ажилд ашиглагддаг үржлийн адуу өсгөн бойжуулж байгаа үржлийн фермүүдэд шингээх эрлийзжүүлгийн аргыг хэрэглэхэд нэн тохиромжтой.
Шинэ шинэ хэв байдал болон үүлдрийг бий болгохын тулд адууны аж ахуйд үүлдэр гаргах эрлийзжүүлгийн аргыг хэрэглэдэг. Нэгтгэвэл зохих үнэтэй сайн чанартай ба шинэ шинэ гоц сайн чанар гаргаж чадах адууны үүлдрүүдийг энэ эрлийзжүүлэгт оруулахын тулд шилж авдаг юм. Жишээ нь дон үүлдрийн адуу чийрэг бие цогцостой тэсвэр хатуужил сайтай, бядлаг биетэй, бэлчээрээр сүрэглэн маллах хатуу ширүүн нөхцөлд сайн дасч зохилдсон, гэвч уналгын адуунд байвал зохих сайн явдалгүй. Цэвэр цусны уналгын үүлдрийн адуу явдал сайтай, уналгын адууны төрх байдалтай, хөл мөч сайтай, гэвч бэлчээрээр адууг сүрэглэн маллах нөхцөлд үржиж чадахгүй. Тэгвэл энэ хоёр үүлдрийг эрлийзжүүлэн гаргаж авсан будённый үүлдрийн адуу бол бядлаг янзын галбир байдалтай, явдал сайтай ба бэлчээрээр сүрэглэн маллах нөхцөлд дасч зохилдсон болно. Үүлдрүүдийг сонгон авч /жирийн эрлийзжүүлэгт хоёр үүлдрийг, төвөгтэй эрлийзжүүлэгт гурав ба түүнээс ч олон үүлдрийг авч/ эрлийзжүүлэг явуулаад нэгдүгээр үеийн эрлийз адууг гарган авна. Хэрэв нэгдүгээр үеийн эрлийз адуу үржлийн ажлын өмнө тавигдсан зорилтыг хангаж чадсан байвал шилдэг эрлийз азаргаар гүүг хээлтүүлэх, өөрөөр хэлбэл эрлийз адууг /өөр хооронд нь / үржүүлэх ажилд шилжин ордог. Гэвч нэгдүгээр үеийн эрлийз гүүг анхдагч аль нэгэн үүлдрийн азаргаар дахин хээлтүүлэх шаардлага тохиолдох нь олонтаа. Энэ нь анхдагч аль нэгэн үүлдрийн  шинж чанарыг улам хүчтэй тод гаргах зорилготой юм. Төгсгөлд нь тэмдэглэхэд тер, торий, шинэ киргиз үүлдрийн адууг бий болгохдоо бас л шинэ үүлдэр гаргах эрлийзжүүлгийн аргыг хэрэглэсэн байдаг.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна