Вят үүлдэр

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 08 -нд

Энэ үүлдрийн адууны эх нутаг нь оросын Киров муж гэж болно. Вят губернийн нутгийн ардууд хамгийн тэсвэртэй шилдэг адууг шилж сонгох замаар энэ үүлдрийг гаргаж авсан юм. Вят үүлдрийн адуу өчүүхэн чихтэй, духаараа өргөн хатингар толгойтой, богино бүдүүн хүзүүтэй, намхандуу мундаатай, өргөн нуруутай, нуруу нь хотгордуу байх нь олонтаа. Бөөрөнхий богино бөгөөд налуудуу хондлойтой, хатингар хөлтэй бат бэх туурайтай бага сагагтай. Хойд хөл нь матигар байцтай байх нь бий.
Энэ адуу загалтай /дал ба богтос чөмөгнийхээ орчимд эрээн судалтай/ ба нурууг голлосон хар судалтай хул зээрд, хул хээр, хул хонгор зүстэй. Бор зүстэй адуу ховор тохиолдоно.
Вят адуу бол ажиллах чадвар сайтай ба нутгийнхаа уур амьсгалын нөхцөлд сайн дасч зохилдсоноороо онцгой байдаг. Энэ адууг намар болон өвлийн гүн цастай цагт эдлэхэд илүү тохиромжтой. Нэгэн үе оросууд хүнд ачааны үүлдрийн болон орлов үүлдрийн лагс хэв байдал бүхий жижгэвтэр адуугаар цус сэлбэх замаар эрлийзжүүлгийн ажлыг хийж байсан нь үр дүнтэй ажил болсон гэдэг.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна