Урамтай барилдаан олонтой улсын аварга шалгаруулах барилдааныг дурсахад ...

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 04 -нд

Жил жилийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаан шимтэй сайхан болдог. Шинэ залуу хөвгүүд  хэнээс ч эмээхгүй урамтай сайхан барилдаан үзүүлж үзэгчдийг шуугиулдаг билээ. Өнөө жилийн аварга шалгаруулах барилдаан Сүхбаатар аймагт болох гэж байна. Үүнтэй холбогдуулж өнгөрсөн жилийн барилдааны тухай сэргээн сануулъя хэмээн энэ бичвэрийг сийрүүллээ.
2012 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаанд улсын заан Ч.Батзоригийн хүү Дэнзэнсамбуу, улсын харцага Ч.Өвгөнхүүгийн удмын С.Зээбүргэд, улсын харцага Г.Намсрайжавын зээ дүү Э.Лхамхүү, улсын начин Д.Шижээгийн ач хүү, жүдоч Э.Амартүвшин, улсын начин Л.Өлзийбаярын хүү а.н Ө.Дүүрэнбаяр, улсын начин И.Мөнхбаатарын хүү Баярбат, аймгийн начин Х.Гантулгын дүү Дашзэвэг, сумын заан Увсын Т.Мөнх-Эрдэнэ /одоо а.н/-ийн дүү Төгсжаргал, Хөвсгөлийн Э.Ширнэнгийн дүү Өлзийсайхан  нарын удамт хөвгүүд барилдсан юм.
Бага насны ангилалд Сонгинохайрхан дүүргээс оролцсон Архангайн Өгийнуурын гаралтай Эрдэнэбилэгийн Амартүвшин нэг унаатай тэргүүлж, Багахангай дүүргээс оролцсон, “Аварга” лицейн сурагч, Төв аймгийн Г.Амгалан дэд байрт, энэ барилдааны “дуулиан” болсон Баян-Өлгийн Цэнгэлийн Б.Айдос гутгаар байрт шалгарч медаль зүүцгээжээ. Харин дөрөвдүгээр байрт “Аварга” сургуулийн сурагч, Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат Б.Одсүрэн, тавдугаарт Булган аймгийн оролцогч Х.Нямдорж, зургадугаарт Дорнод аймгаас оролцсон Б.Лхагвасүрэн нар шалгарав. Улсын наадмын өсвөрийн үзүүр Г.Ганзоригийг үзэгчид дээгүүр гарна хэмээж байсан ч 12 дугаар байрт шалгарсан бол мөн их шөвөгт үлдэж байсан Сэлэнгийн Эльбрусийн Бат-Эрдэнэ долоод оров. Эхний өдөр төдий л олон унаагүй дээгүүр амжилттай байсан Хөвсгөлийн Б.Өсөхбаяр, Өвөрхангайн Ж.Мягмарсүрэн, Говь-Алтай аймгийн нэр дээр оролцсон Булганы С.Лхагвасүрэн нар хоёр дахь өдрийн барилдаанд тааруухан барилдсан ч С.Лхагвасүрэн уран барилдааны шагнал хүртэв.
Дунд нас буюу 17 насны ангилалд Увс аймгийн харьяат өсвөр үеийнхний барилдаанд цөөнгүй жил зодоглосон Д.Цэнд-Аюуш нэг унаатай түрүүлсэн бол улсын шонхор, Төвийн Бүрэнгийн Б.Самданжамц ижил даваатай хоёр өрсөлдөгчөө орхисон тул дэд байрт шалгарч, Увсын Улаангомын Э.Лхамхүү унаа холтой барилдаж гутгаар байрт оров. Хийц хэлбэр, барилдаан бүх зүйл тэгшхэн Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат “Аварга” сургуулийн Г.Төрмөнх 24 давсан ч мөнгө хүрлийн эздэд гомдолтойхон шороодож дөрөвдүгээр байрт шалгарсан бол эхний өдөр хайнга барилдсанаасаа болж медалиас мултарсан Говь-Алтайн Тайширын “сумуудын заан” хэмээх Энхбатын хүү Жүгдэрнамжил Самданжамц, Лхамхүү хоёрыг орхисон ч даваа дутуу учраас “айргийн тав”-д баригдав. Зургадугаар байрт бас ч үгүй барилдаанч бөх болохоо харуулсан Архангайн Б.Зоригтбаатар шалгарчээ. Уран барилдааны шагналыг үеийнхнээсээ илт жижиг биетэй боловч уран сийрэгхэн барилдаантай Хэнтийн Б.Бат-Эрдэнэ гардав.

Ахлах нас буюу залуучуудад энд барилдсан хөвгүүдээс цол зэргээрээ хамгийн “илүү” нь байсан Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат аймгийн заан Бередмуратын Серик өөрийн гол өрсөлдөгч Ө.Дүүрэнбаярыг хаяснаар түрүүлэх зам нь шуударсан бол зааны ач, начны хүү аймгийн начин Дүүрэнбаяр улсын аварга шалгаруулах барилдааны гурав дахь медалиа зүүлээ. Алдартан дэвжээний Л.Энхсаруул хийцтэй уран барилдсаар хүрэл медальд хүрсэн бол дархан ташаатай, даацтай тонгороотой Хөвсгөлийн Их-Уулын Энхмэндийн Өлзийсайхан 23 давааныхаа 14-5-д нь тонгорох мэхээр даван үзэгчдийг шуугиулснаар уран барилдааны шагналыг дөрөвдүгээр байрын өргөмжлөлийн хамт хүртлээ. Тав, зургадугаар байрт түрүү бөхтэй хамгийн сайн үзсэн Увс аймгийн харьяат Дэмчигийн Урианхай, түрүү бөхийг өвдөг шороодуулсан Очирын Баярцогт нар шалгарсан бол Хэнтий аймгийн начин Д.Аззаяа долоод орсон байна. Энэ насанд өөр өөр аймаг дүүргүүдээс шалгарсан Увс аймгийн таван залуу оролцжээ.
Багийн нэгдсэн дүнгээр Б.Хаштогтох дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүрэг тэргүүн байрт, улсын заан Д.Бумбаяр дасгалжуулагчтай Баянгол дүүрэг дэд байрт, сумын заан К.Казбек дасгалжуулагчтай Баян-Өлгий аймгийн баг гутгаар байрт тус тус шалгарсан билээ.

МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна