Саятны шандаст хээр

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 03 -нд

Монгол эрийн чимэг морин эрдэнээ дээдлэгч эрсийн идэвхи сэргэсэн 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үед дуу хуурын өлгий нутагт "Саятан" Баярсайхан хэмээх эрхэм, түүний хурдан хар азарганы тухай яриа амнаас ам дамжин хөвөрч байсан гэдэг. Хулд сумын харьяат, хүлэг шинжих, уяа эвлүүлэхдээ гаргуун Бирозана багшийн дааган цагаас нь хурдлуулсан хар азаргыг долоон настайд нь Хулд сумын уугуул Банди худалдан авч, өөрийн ач хүү Лхагва-Очиртоо өгч, тэр цагаас хойш хар азарга түүний эцэг Б.Баярсайханаар овоглогдон олон наадамд түрүүлж айрагдан, эзэн хүнийхээ магнайг тэнийлгэсэн билээ.
Хар азарга өөрөө хурдлахаас гадна үр төлүүд нь эцгийн шийрийг хатаан хийморь өргөн хурдалж буйгийн нэг нь өнөө жил төрийнхөө их баяр цэнгэлд аман хүзүүнд хурдалсан Б.Баярсайханы хээр үрээ юм. Домогт харын үр хээр үрээний эх нь МУ-ын Алдарт уяач Цэрэндашийн Жамбалсүрэн буюу олноо нэршиж заншсанаар Жамбагын унаган хул гүү бий. Алдартаас дааганд нь авсан хүрэн азарга “Говьшанхын хурд” говийн бүсийн уралдаанд хоёронтоо түрүүлж, түүнд нь урамшсан Баярсайхан уяач Жамбагатай хэд хэдэн удаагийн адууны наймаа хийсны нэгэнд нь хул гүү иржээ.
Хүүгийнх нь эзгүйд адуу малыг нь адгуулж байсан дүү Эрдэнэтөгсдөө Б.Баярсайхан хул гүүгээ бэлэглэж,  удалгүй төрийн наадмын хишигт хээр үрээ төржээ. Тиймээс чухамдаа хээр үрээ Эрдэнэтөгсийн адуу. Гэсэн хэдий ч улсын цолонд ойрхон яваа ахыгаа дэмжиж, нэр дээр маань цоллуулсан байх хэмээн Б.Баярсайхан уяач хуучилна билээ.
Хоёр талын цустай хээр үрээ даагандаа Өмнөговь  аймгийн наадамд аман хүзүүдэн, давхар уяагаар “Их мандал 2012” говийн бүсийн уралдаанд дөрвөөр давхиж, өнөө жил төрийнхөө наадамд аман хүзүүдэн, төвийн бүсийн наадамд долоод хурдалсан юм.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна