Урианхай сурын аваргууд тодорлоо

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 01 -нд

Урианхай сурын 22 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 27-29-ны өдрүүдэд үндэсний сурын талбайд болж өндөрлөлөө. Улаанбаатар хотоос гадна Баян-Өлгий, Сэлэнгэ, Хэнтий, Ховд зэрэг аймгуудын баг тамирчид оролцсон энэхүү тэмцээнээс 17 спортын мастер, 12 спортын дэд мастер төрөн гарсан юм. Сонирхуулахад 30 сумнаас 21 онож спортын дэд мастер, 22 онож спортын мастер цол хүртдэг аж.

Эндээс цуваа харваанд:
1. Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, Төв аймгийн Батсүмбэр сумын харваач, спортын мастер Д.Баттулга 26 оноогоор
2. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын харьяат, “Хүч” спорт хорооны харваач, улсын мэргэн Ц.Баасанхүү  26 оноогоор
3. Баян-Өлгий аймгийн харваач Х.Хүрэлтуяа 25 оноогоор
4. Баянгол дүүргийн "Мондэ" багийн харваач Сономжамц 25 оноогоор
5. Улсын мэргэн  Б.Мөнхтөр 24 оноогоор тус тус байр эзэлжээ. Энд тэмдэглэхэд тавдугаар байрын төлөө 6 харваач оноо тэнцэн товх харваж ийнхүү Мөнхтөр мэргэн  “айргийн тавд” багтсан юм.

Ахмадын харваанд:
1. УБ хотын  Баянзүрх дүүргийн харваач П.Гармаа 20 оноогоор
2. Говь-Алтай аймгийн харьяат, Баянгол дүүргийн харваач Т.Батмөнх 20 оноогоор
3. Сэлэнгэ аймгийн харваач Пүрэвээ 18 оноогоор
4. Хөвсгөл аймгийн уугуул, спортын мастер Б.Жалбаа 18 оноогоор
5. Харваач Даваабат 18 оноогоор ахмадуудаа тэргүүллээ. Энэ удаагийн тэмцээнд 20 орчим ахмад оролцож, цэц мэргээ 35 метрийн зайнаас сорьсон юм.

10 баг өрсөлдсөнөөс багийн дүнгээр: 
1. Баянгол дүүргийн Мондэ баг
2. Алдар спорт хороо
3. Баян-Өлгий аймгийн Булган сум
4. Баянзүрх дүүргийн  харваачдын багууд байр эзэлсэн юм.
Урианхай сурын харвааны УАШТ нь 1991 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа билээ. Урианхай харвааны оны шилдгүүдийг тухайн жилийн шинийн наймны нээлтийн харваа, УАШТ, Баяр наадмын харваанд гаргасан амжилтаар нь шалгаруулж, сар шинийн босгон дээр нэрлэдэг юм.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна