Ч.Санжаадамба түрүүллээ

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 24 -нд

Монгол бөхийг гиннесийн номонд бүртгүүлсэний 2 жилийн ойд зориулсан барилдаан 22-ы ням гарагт боллоо. Монгол улсын шинэ гарди Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба нараар манлайлуулсан хүчит 208 бөх барилдлаа. 
Хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Хөвсгөл аймгийн харьяат сумын заан Гармаагийн Бат-Эрдэнэ а.х.а Б.Одгэрэлийг зайлж татахад дагаж хамж дайраад, Бөх Билэгтийн С.Майнбаяр ц.а Б.Ганзоригийг дутуухан хавирахад нь сөрж мушгиад, Их Богдын Т.Дүүрэнсаран а.з С.Пүрэвчулууныг хавираад, Булганы Б.Түмэндэмбэрэл а.з Б.Гончигтавхайг мордоод, жүдогийн Б.Баянмөнх а.н Ю.Пүрэвжаргалыг дагуулж хөмрөөд тус тус давлаа. Мөн а.а Б.Хашбатын өрөөлдөж суйлсан, Д.Болдбаатарын гар ачсан, залуу арслан Н.Жаргалбаярын нааж хавирсан, Б.Уугандаваагийн хутгуулаад дагаж эргээд давсан барилдаанууд үзэгчдийн талархлыг хүлээж байлаа. Давааны төгсгөлд аймгийн начингууд шилдэг сумын заануудтай, мөн аймгийн начингууд хоорондоо учраа таарч хүч үзлээ. Сэлэнгийн “том” Баярбаатар Завханы Б.Хүдэрчулууныг бярдаж мушгиад, чөлөөтийн О.Түмэндэмбэрэл Аваргын Ж.Бямбадоньдын хөлд орж өргөж цацаад давсан бол Дорноговийн С.Бямбадорж Дорнодын С.Цогтсүмбэрийг давхар хамаад төвөггүй шороодуулав. Дорнодын Д.Анар Дарханы Х.Мягмарсүрэнг давхар ачиж аргагүй л самбо, жүдогийн хүн гэдгээ баталсан бол Аваргын Д.Бейбит Говь-Алтайн А.Хосбаярыг суганд нь сэжээд дайрахад дагуулж тохоод нисэлттэй орхилоо. Энэ хоёр барилдаан тун ойролцоо барилдаан болох шиг харагдсан.
Хоёрын даваанд у.ө.и.н И.Ендонсамбуу Завханы Д.Бат-Эрдэнийг хавираад, Ш.Уламбаяр Таванханы Н.Ширчинхүүг хөлд нь орж цацаад, у.н Б.Баянмөнх чөлөөтийн П.Өсөхбаатарыг сугадаж мордоод, Д.Цогзолдорж Б.Баянмөнхийг мэдэрч хавираад давснаар сумын заануудын манлайн дөрвөн заан улсын “ахмад” начингуудад өвдөглөлөө. Мөн Дундговийн Э.Даш өсөх идэр Э.Энхбаттай тун ч сайн барилдаад унасан бол Эрчийн Ё.Улсболд харцага Ж.Амартүвшинг мушгиад тонгорчихов. Говь-Алтайн Дэлгэрийн а.н Т.Сайханжаргал а.х.а Ш.Мөнгөнбаатарын зүүн хөлийг шүүрээд, а.х Б.Бат-Өлзий Хөвсгөлийн А.Давааням арсланг ачаад давлаа. Мөн а.а Д.Болдбаатар а.н О.Батжаргалыг хөнтөрч татаад чимээтэй газардуулсан бол жүдогийн Д.Пүрэвдорж харцага а.а Б.Бат-Оршихын зүүн суганд сэжиж хонгодсон ч арслан давуулж хөмрөөд “цэвэр тавьлаа”. Хонгорын бяртай арслан Б.Эрдэнэхүү Сэлэнгийн А.Мөнхтүшигт баруун хөлөө алдсан ч алдсан хөлөөрөө хутгаад суулгачихав. Говь-Алтайд түрүүлсэн Балганы Хишигбаатар Дарьгангын М.Гансүхийг сугадаж шигшээд тэр чигт нь дайрч мордоод давав. Энэ даваанд а.х.а Ш.Шинэбаяр а.н О.Түмэндэмбэрэл нарын барилдаан жаахан хэлтгий шийдэгдэх шиг санагдсан. Хоёрын давааны төгсгөлийн дүйзэд Шархүүгийн Пүрэвгарьд Сэлэнгийн Эрдэнэбаярын баруун хөлд орж сүлжиж зүүн хөлд нь хутгаад, Лутын Батзориг Базаргүрийн Бадамсүрэнг хөнтөрч татаад давснаар гурвын даваанд барилдах эрхтэй болов.
Гурвын даваанд том цолтнууд амалсан бөхчүүдээ төвөггүй шороодуулсан бол нэр сонсоод шуудхан “У.н А.Батмөнхийг” хэмээн амалсан залуу харцага Э.Оюунболд удтал хүч үзээд сугадаж тонгороход нь үлдээд сөрж мушгиад давлаа. Мөн а.а Б.Эрдэнэхүү у.н Ч.Цогбаярыг, а.а Б.Бат-Эрдэнэ у.н Б.Амарзаяаг мушгиж түрээд давцгаав. У.н Д.Цогзолдорж а.а Т.Буянжаргалыг амласан бөгөөд мордож түрээд начин давлаа. Үзэгчид удтал алга ташсан нь шилдэг залуучуудтай эн тэнцүү хүч үзэж буй начиндаа талархсных болов уу. У.н Ц.Одбаяр Хөвсгөлийн Ч.Батчулууныг амалсан бөгөөд давуулж гуядсан мэхээ даалгаж давлаа. Өнгөрсөн жилийн цэргийн наадмын гурвын даваанд а.х.а байхдаа амлаад өвдөг шороодож байсан у.н Р.Пүрэвдагва аймгийн шинэ арслан Б.Хишигбаатарыг шуудагдаж түрээд угсруулж хутгаад орхив. Давааны төгсгөлд хэн ч амлалгүй тунаж хүч үзсэн аймгийн цолтнуудаас а.х.а Ш.Шинэбаяр а.х Б.Бат-Өлзийг сугадаж мордоод, а.а Д.Болдбаатар а.з Л.Батзоригийг мушгиж тонгороод, а.а Н.Жаргалбаяр а.а С.Ерөөлтийг мордож түрж дайраад давцгаав. Мөн өнөө жилийн Завхан аймгийн наадмын түрүү бөх Ш.Пүрэвгарьд а.а Л.Шинэбаатарыг сугадаж зүүн хутгаад давснаар аймгийн арслан цолдоо эзэн гэдгээ батлав. Шинэбаатар барагтай хүнд тахим буулгах бөх биш ээ.
Бөхийн барилдааны дөрвийн даваанд энэ өдөр Ховдын хоёр цолтныг шороодуулсан Архангайн шинэ начин Ж.Цэрэндаваа гардид баруун хөлөө алдаж, Дүвчин зааны том жижиг хоёр шавь таарч заан Санжаадамба хонгодоод давав. Мөн Т.Өсөх-Ирээдүй харцага өөрийн шавь а.а Н.Жаргалбаярыг барьцгүй хавирсан бол Хөвсгөлийн хоёр таарч а.а нь давлаа. Шинэ харцага Намсрайжавын Батсуурь а.а Б.Эрдэнэхүүд мордуулж шороодов. Өсөх идэр Э.Энхбат Өвөрхангайн Д.Болдбаатараас барьц сонгож өргөөд дутуухан тавихад нь Болдоо арслан сугадаж тахимдаад дагаж мордоод ойролцоо газардсан ч начин элэг бүсээ тайлав. Харин залуу начин Т.Баасанхүү өсөх идэр начин Ш.Уламбаярт уначихав уу гэмээр харагдсан ч дахин барилдаж сугадаж хутгаад давлаа.
Тавын даваанд бөх сондгойрч Гончигдамба гарди гоц мөргөсөн бол заанууд Өвөрхангайн начин арслан хоёрыг амлав. Т.Өсөх-Ирээдүй харцага Хөвсгөлийн Ганхуягийг хөлд нь дохиход дагуулж шилдэж татаад төвөггүй орхив. Харин шинэ харцага Оюунболд а.х.а Ш.Шинэбаярыг амлаж, барилдаан  тун сонирхолтой, хурц болов. Шоовдойхүүгийн Шинэбаяр арслан энэ өдөр бяртай байгаагаа нотлон Оюунболдын хөлийг авч өргөөд залгуулан сугадаж мордоод давж үзэгчдийг баясгав. Ч.Санжаадамба  заан Болдбаатар арсланг нааж хавираад орхисон бол начин Б.Сангисүрэн заан Б.Соронзонболдыг тумбарайдаж өргөөд дутуудаж, мордоход нь дагуулж мушгиад давав. Цацаа цалгиатай Одбаяр өөрийн найз Эрдэнэхүүг хөнтөрч татаад давсан бол тунасан хоёрын барилдаанд Т.Баасанхүү шуудагнаас түрж мордоод давснаар дунд шөвөгт үлдлээ.
Зургаагийн даваанд Гончигдамба гарди а.х.а Ш.Шинэбаярыг амлаж сугадаж тахимдаад давав. Цолны эрэмбээр Санжаадамба заан гоцлосон бөгөөд Т.Өсөх-Ирээдүй харцага өөрийн дархан хутгаа мэхээрээ шинэ начны шимийг үзсэн бөгөөд Баасанхүү тогтсоноор барахгүй шилдэж татаад давснаар ах харцагаас “онц дүн” авав. Тунасан онжавууд төдий л удсангүй Одбаяр таллаж татаад давлаа.
Их шөвөгт гарди Одбаяр начныг амлаж Одбаяр сугадаж тойруулж хавирсан ч өөр дээрээ татаж унав. Харин тунасан хоёрын барилдаанд Баасанхүү сугадаж зүүн хутгасан бөгөөд заан хутгааг нь мулталж сөрж мушгиад давав.
Барилдааны зүүн барууныг манлайлсан хоёр бөх манлайлсан хэвээр үлдэж гардийг хөлд нь алдаж суухад заан тэр чигт нь гуд татаж давснаар нээлтийн барилдааны түрүүг авлаа.

Монгол бөхийг дэлхийн дээд амжилтад бүртгүүлсэний хоср жилийн ойн барилдаанд зүүн барууныг манлайлсан хоёр “Дамба” үлдэж Гиннесийн 6016 бөхийн барилдаанд 13 даван түрүүлж байсан улсын заан Ч.Санжаадамба 8 даван түрүүлж, улсын гарди Б.Гончигдамба 7 даван үзүүрлэлээ.

Дүйзийг гурвын даваанаас сонирхоно уу.
Гурвын даваа:

1. Б.Гончигдамба у.г - Ш.Баяржаргал а.н
2. Ч.Санжаадамба у.з -Л.Алтангэрэл а.х
3. Б.Соронзонболд у.з - Ё.Улсболд с.з
4. Т.Өсөх-Ирээдүй у.х - Б.Мижидсүрэн а.а
5. Ц.Содномдорж у.х - Э.Эрдэнэбаяр а.х
6. Г.Алтангэрэл у.х- Ж.Цэрэндавааа.н
7. Н.Батсуурь у.х
- Т.Сайханжаргал а.н
8. Э.Оюунболд у.х - А.Батмөнх у.н
9. Э.Энхбат у.н - Б.Номиндалай а.з
10. И.Ёндонсамбуу у.н - Б.Өнөржаргал а.х
11. Ш.Уламбаяр у.н - Н.Баярбаатар а.н
12. Б.Баянмөнх у.н - Ш.Дарханбат а.а
13. Д.Цогзолдорж у.н - Т.Буянжаргал а.а
14. Л.Гантулга у.н - М.Бадарч а.а
15. Б.Заяамандах у.н
- Н.Эрдэнэчулуун а.а
16. Б.Сангисүрэн у.н - Н.Адъяабат а.а
17. Б.Амарзаяа у.н - Б.Бат-Эрдэнэ а.а
18. Ч.Цогбаяр у.н - Б.Эрдэнэхүү а.а
19. Ц.Одбаяр у.н
- Ч.Батчулуун а.х.а
20. Р.Пүрэвдагва у.н -Б.Хишигбаатар а.а
21. Т.Баасанхүү у.н - Б.Хашбат а.а
22. Ш.Шинэбаяр а.х.а - Б.Бат-Өлзий а.х
23. Д.Болдбаатар а.а -Л.Батзориг а.з
24. Л.Шинэбаатар а.а - Ш.Пүрэвгарьд а.а
25. С.Ерөөлт а.а- Н.Жаргалбаяр а.а
26. Б.Бат-Орших а.а - Б.Ганхуяг а.а
Дөрвийн даваа:
1. Б.Гончигдамба у.г
- Ж.Цэрэндаваа а.н
2. Ч.Санжаадамба у.з -Ш.Пүрэвгарьд а.а
3. Б.Соронзонболд у.з -М.Бадарч а.а
4. Т.Өсөх-Ирээдүй у.х -Н.Жаргалбаяр а.а
5. Ц.Содномдорж у.х - Б.Ганхуяг а.а
6. Н.Батсуурь у.х  -Б.Эрдэнэхүү а.а
7. Э.Оюунболд у.х
- Б.Бат-Эрдэнэ а.а
8. Э.Энхбат у.н - Д.Болдбаатар а.а
9. И.Ёндонсамбуу у.н- Ш.Шинэбаяр а.х.а
10. Ш.Уламбаяр у.н- Т.Баасанхүү у.н
11. Б.Баянмөнх у.н - Р.Пүрэвдагва у.н
12. Д.Цогзолдорж у.н- Ц.Одбаяр у.н
13. Б.Заяамандах у.н- Б.Сангисүрэн у.н
Тавын даваа:
1. Б.Гончигдамба у.г
- гоц мөргөв
2. Б.Санжаадамба у.з - Д.Болдбаатар а.а
3. Б.Соронзонболд у.з- Б.Сангисүрэн у.н
4. Т.Өсөх-Ирээдүй у.х
- Б.Ганхуяг а.а
5. Э.Оюунболд у.х - Ш.Шинэбаяр а.х.а
6. Ц.Одбаяр у.н
-Б.Эрдэнэхүү а.а
7. Р.Пүрэвдагва у.н - Т.Баасанхүү у.н тунав
Зургаагийн даваа:
1. Б.Гончигдамба у.г
- Ш.Шинэбаяр а.х.а
2. Б.Санжаадамба у.з - гоц мөргөв
3. Т.Өсөх-Ирээдүй у.х - Т.Баасанхүү у.н
4. Б.Сангисүрэн у.н - Ц.Одбаяр у.н  тунав
Долоогийн даваа:
1. Б.Гончигдамба у.г
- Ц.Одбаяр у.н
2. Ч.Санжаадамба у.з - Т.Баасанхүү у.н тунав
Наймындаваа:
1. Б.Гончигдамба у.г - Ч.Санжаадамба у.з

МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна