Сумын Алдарт уяач Ц.Батгэрэл: 2009 онд тун ч одтой наадаж цолоо авч байлаа

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 24 -нд

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат Цэрэндоржийн Батгэрэлтэй ярилцсанаа хүргэж байна. Хурдан морины унаач явсан тэрээр мориноос хасагдахын үеэсээ эхлэн уяа сойлго тааруулах болсноос хойш найман жил өнгөрчээ. Энэ хугацаад 20 гаруй түрүү, айрагтай болоод байгаа Батгэрэл 2009 оны сумынхаа Алдарт уяач юм.

-Батгэрэл уяач хурдан морины уяа сойлго тааруулаад удаж байна уу?

-Багын л хурдан морины нуруун дээр дэрвэж өслөө. Хүүхэд байхдаа ахынхаа уясан морьдыг унаж хурдлуулдаг байсан юм. Миний дээд талын ах аймгийн Алдарт уяач хүн бий. Унаач хүүхдүүдийн адилаар мориноос хасагдаад хоёр жилийн дараанаас уяж эхэлсэн. Өөрөөр хэлбэл 2005 оноос хойш морь уяад найман жил болж байна. Ахын маань нэртэй халтар, бас нэг шарга азарганууд байлаа. Өөр нэг ягаан үрээ, хоёр ч хээр үрээ байсан. Ойр хавийнхаа сумдын наадмаас олон түрүү, айрагтай. Эндээс миний мэдэхээс ахын хурдан шарга азарга Дундговийн Адаацаг гаралтай адуу байгаа юм. Ах маань Адаацагтаа хоёр гурав айрагдсан шарга азаргыг 1994 онд авч жилийн дараа сумандаа түрүүлгэсэн. Одоо энэ шарга азарганы үр төлүүд сайн давхиж байгаа.

-Харин таны хувьд уяа эвлүүлсэн найман жилийн хугацаанд  ямар амжилт гаргаад байна вэ?

-Анхандаа ч ахынхаа морины ажилд тусалж гүйсээр дөртэй болсон гэх үү дээ. Тэгээд 2009 онд энэ хавьдаа ягаан даага, халтар азарга,халтар хязаалангаа түрүүлгэж билээ. Залгаад Орхон  сумын 50 жилээр азарга, даагаа түрүүлгэж, хязаалан гуравлуулсан. Эд бүгдээрээ ахын шарга азарганы төлүүд байгаа юм. Ингээд болоогүй ээ. Азаргаа үлдээчихээд хязаалан, даага хоёроо аваад Ерөөгийн наадамд хоёуланг нь түрүүлгэж үргэлжлүүлээд Дарханы наадамд ягаан даагатайгаа очиж дахин түрүүлгэсэн. Мөн Төв аймгийн Баянцогтын 50 жилийн ойгоор азарга, хязаалан, даагатай очлоо. Тэгэхэд азаргаа мордуулсан ч  хөл нь жаахан доголоод 70 хавьцаа ирсэн. Харин 200 гаруй хязаалангаас миний үрээ зургаалж, 250 гаруй дааганаас түрүү магнай нь болж байлаа. Тэгээд Төв аймгаас буцаж явахдаа Орхоноос хоёр түрүү авсан нь тэр юм.

                Түүнээс өмнө  хэдэн жил сумандаа л нааддаг байлаа. 2007 онд халтар соёолон үрээгээ сумандаа түрүүлгэж анхны түрүүгээ хүртэж дээлэндээ багтахгүй баярлаж явлаа шүү дээ. Харин 2008 онд Ерөөд хээр хязаалангаа айрагдуулж, жилийн дараа нь үнэхээр одтой наадсан. Түүний дараа 2011 онд хул хонгор хязаалангаа сумандаа түрүүлгэж, хүрэн морио соёолонд аман хүзүүдүүлсэн. Харин ноднин хар үрээ айргийн таваар хурдалсан байна.

-Айраг түрүүний тоо нэлээн гарах нь ээ. Хэдэн оны сумын Алдарт гэлээ?

-Би 2009 онд сумын Алдарт уяач болсон. Энэ хугацаанд 20 гаруй айраг түрүүтэй болсон байна. Энэ жил аймгийн Алдарт уяач болохоор байсан ч гурван хүн л цол авах тоотой учраас түр хойшилсон байгаа. Өнөө гурав нь ахмад уяачид байсан юм.

-Адуу их цуглуулж байна уу?

-Манай адуунууд шарга азарганаас эхтэй. Гаднаас олон адуу авч байсангүй ээ. Анх шарга азаргыг авахад манайх гурав дөрвөн гүүтэй байсан санагдаж байна. Эдний нэг нь Төв аймгийн Жаргалант гаралтай хул гүү байлаа. Бас сумаасаа нэг халтар гүү авч шарга азаргандаа хураалгаж гарсан төлүүд нь хурдан байна.

-Ярилцсанд баярлалаа. Таныг морины босоо цагаан хийморь өнөд ивээж байг.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна