Спортын мастер Ц.Туваанжав: Монгол эмэгтэй харваачийн хувьд холч харваанд рекорд тогтоохыг хүсдэг

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 18 -нд

-Холч харвааны төрөлд хоёр дахь удаагаа түрүүллээ. Өмнөх амжилтаа энэ удаад эвдэж чадсан уу?

-Манай уламжлалт харваачдын холбоо, морьт харвааны холбоотой хамтран намрын харвуул тэмцээнээ амжилттай зохион явууллаа. Миний хувьд хавар болсон тэмцээнд 248 метр харваж түрүүлсэн. Харин энэ удаад 214 метр харвалаа. Уг нь өмнөх амжилтаа эвдэх зорилго тавьсан ч арай хүрсэнгүй. Гэхдээ дараа дараагийн удаад энэ рекордоо эвдэх зорилготой.

-Хавар Үндэсний сурын холбооноос зэв нүүлгэх харвааг зохион байгуулсан. Тэнд холч харваанд хэн түрүүлсэн юм бол?

-Хаврын зэв нүүлгэх харваанд би оролцоогүй. Тэнд эвэр, модон, нийлмэл нумын нийлбэр оноог шилдгүүдийг тодруулсан. Гэхдээ миний 248 метрийн рекордыг эвдээгүй юм байна лээ.

-Энд амжилт гаргахад юу нөлөөлсөн бэ?

-Би хавар Унгарт болсон олон улсын тэмцээнд явсан юм. Тэгэхдээ дэлхийд 620 метр харваж рекорд тогтоож байсан Монуш гэж хүнтэй уулзаж ярилцсан. Тэр хүн надад холч харвааныхаа техник туршлагаас хуваалцаж, би тэрийг нь өнөөдөр амьдрал дээр хэрэгжүүлж явна.

-Туваанжав харваачийн хувьд энэ жил хэрхэн наадав?

-Улсын наадмаар дундуур л харвалаа. Гэхдээ энэ жилийн миний амжилт бол Унгарт болсон олон улсын их наадмаас алтан медаль авч ирсэн байгаа. Сүүлийн үед би холч харвааны төрлийг илүү сонирхож байгаа. Нэгэнтээ Есүнхэй мэргэн 335 нумын газар харваж амжилт гаргаж байсан бол түүний үр сад болсон монгол эмэгтэй хүн шинэ амжилтын эзэн болж чадахгүй гэж. Тиймдээ ч холч харвааны төрөлд рекорд тогтоохыг хүсдэг. Энэ маань монгол хүний чадлыг тодорхойлох зорилготой юм шүү дээ.

-Намрын харвуул тэмцээнд танай баг эмэгтэйчүүд гэхэд ширүүн өрсөлдөгчид байлаа шүү?

-Бид нэг үеийн харваачид байгаа юм. Спортын мастер Энхсайхан, Өлзийжаргал, Бямбажав, спортын дэд мастер Сосорбарам, залуу харваач Пүрэвсүрэн нартайгаа нэг баг болж харвалаа. Хэдийгээр бид өөр өөр багт харвадаг ч тэмцээний урьд өдөр ярилцаж байгаад нэг баг болсон юм. Ганзага нийлж амжилттай наадлаа. Энэ нь бидэнд урам нэмж дараагийн удаад алтан медалийн төлөө өрсөлдөх хүсэл зоригийг бадрааж өглөө.

-Ярилцсанд баярлалаа.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна