Намрын харвуул тэмцээний шилдгүүд тодорлоо

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 16 -нд

2013 оны 9-р сарын 14-ны  өдрийн ням гарагт Өлзийт хорооллын морин харвааны талбайд Монголын уламжлалт харваачдын холбоо, Морьт харваачдын холбоо хамтран намрын харвуул тэмцээнийг зохион явууллаа. Тус хоёр холбооны хувьд хоёр дахь удаагаа хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн тэмцээнд дөрвөн багийн 20 гаруй тамирчид 7 төрлөөр цэц мэргээ сорьсон юм.
Намрын харвуул тэмцээнд Улсын мэргэн Батзаяа, Бүтваан, спортын мастер Эрдэнэзуу, Энхсайхан, Жалбаа, Туваанжав, Өлзийжаргал нарын Баянгол дүүргийн “Мондэ”, морьт харваачдын холбооны “Талын чоно”, шүүгчдийн баг буюу “Хараацайн зүрхэнд харвах баг”, уламжлалт харваачдын холбооны багууд долоон төрөлд өрсөлдлөө. Үүнд хөдөлгөөнт бай болох нисдэг таваг харвах, морин дээрээс харвах, далдын дайсан буюу хэвтээ байг 120 метрт харвах, зэв нүүлгэх тэмцээнд 290 метрт харвах, саранпай харвах 60 метрт, бөмбөг намнах буюу 40 метрт, өвдөглөж суугаад 30 метрт харваж  өрсөлдсөнөөс Уламжлалт харваачдын холбоо 66 оноогоор дөрөвдүгээр байранд орсон юм. Харин гуравдугаар байранд морьт  харваачдын холбооны “Тэнгэрийн чоно” 67 оноогоор, хоёрдугаар байранд “Хараацайн зүрхэнд харвах баг” 93 оноогоор тус тус оржээ. Харин Баянгол дүүргийн "Мондэ" баг 143 оноогоор тэргүүлж, алтан медаль, өргөмжлөл, 500  мянган төгрөгийн эзэд болсон юм. Мөн энэ үеэр холч харвааны шилдгүүдийг тодруулсан бөгөөд эрэгтэйчүүдээс спортын мастер Л.Мөнхөө 290 метр, эмэгтэйчүүдээс Туваанжав 214 метр харваж тэргүүллээ.

 

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна