Унаач Ц.Төрболд: Би их нас, соёолон насны морь унах дуртай

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 09 -нд

Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн хурдан морины уралдааны шүдлэн насанд  Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул Д.Одхүүгийн хээр түрүү магнайд хурдалсан билээ. Энэхүү хээр үрээг 14 настай Ц.Төрболд хүү унаж хурдлуулсан юм.
-“Тод магнай” сэтгүүлийн уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Цэгмидийн Төрболд гэдэг. Би 13 настай. Өлзийт хорооллын 59-р дунд сургуульд сурдаг.
-Хурдан морь унаад хичнээн жил болж байгаа вэ?
-Анх 9 настайдаа ааваараа  заалгаж хонины морь унаж сурч байлаа. Түүнээс хойш дөрвөн жил хурдны морь унаж байна. Тэр үед аав маань морь уядаг байсан бол одоо хотод амьдарч байгаа болохоор больсон. Аавын нэг их хурдан халтар азарга байсан гэж ярьдаг юм байна лээ. Гэхдээ би аавынхаа уясан морьдыг унаж байгаагүй.
-Анхны айраг түрүүгээ хэзээ авч байсан бэ?
-2010 онд Шижээ уяачийнхаа соёолон үрээг Төв аймгийн Сэргэлэнд унаж айргийн гурваар оруулж анхны айргаа авч байлаа. Бас тэр жилээ улсын наадамд уралдаж гуч гаргаад л ирсэн. Тэрнээс хойш ойр хавийнхаа сумдаас нэлээн хэдэн айраг авсан.
-Энэ жилийн наадмаар хэдэн насны морь унав?
-Энэ жил гурван насны морь унаж уралдаад тавь, жар гаргаад л орсон. Харин Шижээ уяачийнхаа уясан Одхүү ахын шүдлэнг түрүү магнайд хурдлуулсандаа баяртай байна. Наадмын дараа залгаад Төв аймгийн 90 жил төвийн бүсийн уралдаанд Одхүү ахын хээрийг унаж дахин түрүүлгэсэн. Өмнө зун жил орсон болохоор морь унаагүй. Түүний өмнө жил санасан шигээ сайн давхиж чадаагүй.
-Одтой нааджээ?
-Тийм шүү. Анх удаагаа төв цэнгэлдэхэд морио цоллуулж орж үзсэн. Ерөнхийлөгчийг ойроос харах гоё л юм байна лээ. Одхүү ах маань сайн уралдсан гэж хичээлийн хэрэгслэлтэй бэлэг өгсөн.
-Морь унаж уралдахад хэцүү юу?
-Хэзээ ч хэцүү санагдаж байгаагүй. Би их нас, соёолон насны морь унах их дуртай. Цаанаа л урамтай байдаг юм. Тоосонд нь орж, хөлсийг нь  авахад хийморио сэргээдэг соёолонг хамгийн ойроос би л мэдэрч байна гэж бодохоор гоё байдаг.
-Танай ангид унаачид олон байдаг уу?
-Арваад хүү бий.
-Охид  байна уу?
-Охид морь унадаг юм уу. Би таарч байгаагүй юм байнаа.
-Том болоод ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?
-Одоохондоо сайн шийдээгүй л байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг дүүдээ үлдээж байна?
-Монголынхоо нийт уяач ах нартаа уясан болгон нь хурдан байхыг хүсэн ерөөе.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна