Хошой мэргэн Л.Отгонбаяр: Мэргэн цолтнуудаа хүндэлж байж, тэдний тэр сайхан цолонд хүрдэг юм болов уу гэж боддог

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 09 -нд

 -“Монгол бардамнал” булангийн маань урилгыг хүлээн авч ярилцах болсонд баярлалаа. Жилээ даадаг наадмын тэр л халуухан өдрүүдийг “намрын өнгөнд” буулгаад нэг үзэх үү?

-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийн нийт уншигчдад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Тийм шүү, наадмын сонин сайхан одоо ч хуучраагүй байна. Их Монгол улс байгуулагдсаны 804, АХ-ын 92 жилийн ойн баяр наадмаар манай Хангарьдынхан тун ч одтой наадлаа. Миний хувьд төрийнхөө их баяр наадамд хоёр дахь удаагаа түрүүлсэндээ сэтгэл их өндөр байгаа. Баяр наадмын харвааны сүүлийн өдөр шилдэг найман харваачийн тав нь манай Хангарьдынхан байгааг хараад баяр бахдал өөрийн эрхгүй төрж байлаа.

-Тэр баяр мөчийг хамгийн түрүүнд хэнтэй хуваалцсан бэ?

-Миний том ах аймгийн Алдарт уяач Батзул гэж хүн Ховд аймгийн Булган суманд амьдардаг юм. Хамгийн түрүүнд энэ ахтайгаа л утсаар ярьсан даа. Энэ жил ах маань аймагтаа наадсан. Ирэх жилээс улсын наадамдаа ирж наадна гэж дүүдээ ам гарсан. Ах маань жороо голдуу морьтой л доо. За тэгээд мэдээж сурын хамт олон, Эрдэнэт үйлдвэрийнхэн, гэр бүл найз нөхөд гээд л баяр хүргэсэн утасны дуудлаганд хэсэгтээ л дарагдсан.

-Хангарьдын халуун бүлд орж байсан үе хэзээ вэ?

-2007 онд Хангарьдын нэг гишүүн болж байлаа. Анх удаагаа нум сумыг барьж үзчихээд сурд орчихсон хүн дээ би. Тэр цагаас хойш зургаан жил өнгөрсөн байна. Сурд ороод эхний хоёр жил нь ойр орчимдоо л нааддаг байлаа. Харин 2009 онд анх удаа улсын баяр наадамд цэц мэргээ сорьж, дараа жил нь түрүүлсэн. Анхны улсын наадам гэдэг утгаараа тэр жилийн наадмыг одоо ч дурсах дуртай. Аймаг, сум, төрийн баяр наадам ялгаагүй л нэр төрийн хэрэг шүү дээ. Өмнө нь Үндэснийхээ дээл хувцсыг иж бүрнээр нь өмсчихөөд, нум сумаа бариад зогсож байгаагүй болохоор өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг юм билээ. Хүн бүхэн хараад ч байгаа юм шиг санагдаад, их гоё. Мэдээж харваач хүн бүр л улсынхаа баяр  наадамд цэц мэргээ уралдуулахыг хүсдэг. Тэр хүслээ биелүүлж, хамгийн өндөр оноог нь авчихаад зогсож байхад нутгийн минь уул ус  хүртэл баярладаг юм болов уу. Тэр утгаараа энэ хамт олны дунд орсондоо сэтгэлд өндөр явдаг.

-2010 онд түрүүлсэн болохоор дараа жил нь илүү хариуцлагатай харвах хэрэгтэй болно биз?

 -Тэгэлгүй яахав. Илүү их хичээх хэрэгтэй болдог юм билээ. 2010 онд түрүүлчихээд, 2011 онд наадам болохоос долоо хоногийн өмнө бэлтгэл дээр нумаа гэмтээчихсэн. Олон сараар бэлтгэл хийж, нумаа биеийнхээ нэг хэсэг болтлоо мэдэрчихсэн хариуцлагатай үед ийм юм болсон. Тэгээд өөр нумаар санаандаа хүртэл харваж чадаагүй. Харин дараа жил нь өнөө нумаа засуулж бэлтгэл хийж байгаад харвасан. Бэлтгэлийн үед тоглоом шоглоомоор “энэ жилийн наадамд 37 ононо” гээд  хэлчихсэн “хүссэн юм хүзүүгээр” гэдэг л болсон. Би 37 оноотой Өлзийбилэг мастертэй хоёрдугаар байрын төлөө товхлож, гуравдугаар байранд орж, Хүдрээ ах 38 оноогоор түрүүлж байлаа. Тэрнээс хойш тоглоом шоглоомоор ч түрүүлж ам гарахаас жаахан эмээдэг болчихоод байгаа. Харин энэ жилийн хувьд санаандаа хүртэл бэлтгэлээ хийсэн. Миний хувьд хоёр жилийн өмнөөс байт харвааны нэг төрөл компаундаар бэлтгэл хийх болсон нь амжилт гаргахад нөлөөлсөн гэж бодож байгаа. Тиймдээ ч шинэ залуу харваачдад энэ төрлөөр хичээллээд үзэхийг санал болгодог болоод байгаа.

-Ширүүн өрсөлдөгчид сурын талбай дээр цаг тутамд л таардаг байх даа?

-Тэгэлгүй яахав. Миний мэдэхийн л сур гэр бүлийн хүрээнд өв залгамжилсан маягтай явж ирсэн. Харин өнөөдөр жинхэнэ хөгжих гольдролдоо орж, хэн дуртай Монгол хүн харвах боломж бүрдсэн байна. Тиймдээ ч өдөр ирэх тусам харвах хүсэлтэй хүмүүсээрээ сурынхан маань хүрээгээ тэлж байна. Ямар сайндаа л сүүлийн үед нум олдохоо байгаад байна шүү дээ. Сурын үнэлэмж ч өдрөөс өдөрт, жилээс жилд өсч байна. Би аливаа асуудлыг өөдрөг талаас нь бодож  харах дуртай. Үнэндээ анх намайг сурд орж байхад сурын үнэлэмж өнөөдрийнхтэй харьцуулахын аргагүй байлаа. Тэгвэл өнөөдөр наадмын бай шагнал 4 сая бол цаашлаад 20 сая хүртэл ч байна. Энэ бол чамлах зүйл биш. Яваандаа сурын үнэлэмж илүү нэмэгдэнэ гэж боддог. Нэгэн цагт дэлхийн талыг эзэлж явахдаа байлдааны гол лидерүүд нь мэргэн харваачид байсан тухай түүх бий. Аливаа юм ээлжтэй. Тэр утгаараа өнөө бидний үед сурын сэргэн мандалт ирж байна гэж боддог. 

-Мэргэний удамп нум саадаг агссан харваачид байгаагүй байх нь ээ?

-Тийм ээ. Аав, ээжийн маань талд харвадаг хүн байгаагүй л дээ. Би Ховд аймгийн Булган сумын хүн. Миний багын л манай сум баяр наадмаар морио уралдуулж, бөхөө барилдуулдаг байлаа. Тийм болохоор сураас их хол өссөн гэж болно. Түүнээс хожмоо 2007 онд ажлынхантайгаа зугаалгаар явж байхдаа Өлзийхутаг мастерын нумыг татаж үзсэн нь суранд орохын эхлэл байсан юм. Бид нэг цехэд ажилладаг. Эндээс л сурын дасгалжуулагч, Даяар дуурсагдах мэргэн Даваахүү багшийн шавь болж Хангарьдын халуун бүлд орж байлаа. Тэр хүчтэй, техниктэй, шалгарсан харваачдын шилдэг багт орсон маань ийнхүү амжилт гаргахын нэг үндэс болсон. Алдаа оноог минь сэтгэл харамгүй хэлж өгдөг болохоор амжилт маань өдрөөс өдөрт өсч байгаа болов уу.

-Бөхчүүдэд дархан мэх гэж бий. Түүн шиг Мэргэний “дархан мэх” гэж байх уу? 

-Сэтгэлийн хөөрлөө дарж, өөрийгөө хянаж сурч байж л амжилт гаргадаг юм. Зарим нэг спорт сэтгэлийн хөөрлөө гаргаж, тэр хэрээрээ өөрийгөө хурцалж ирлэдэг шүү дээ. Харин сурын спорт маш тайван байхыг шаарддаг. Зүрхнийхээ цохилтыг мэдэрч байж, байгаа онох нөхцөл бүрддэг юм. Энэ нь амьсгаагаа яаж авахаас л эхэлдэг. Тэр утгаараа сэтгэл зүйн бэлтгэлийг маш сайн хийж байж шийдвэрлэх сумнуудаа ононо гэж боддог.

-Сэтгэл зүйн хувьд бэлтгэл сайтай байх нь амьдрал дээр давуу тал болдог болов уу?

-Тэгэлгүй яахав. Ер нь “долоо хэмжиж байж л нэг огтлохыг” чухалчилдаг болсон. Сураар хичээллэх нь хүмүүжлийн асар их ач холбогдолтой гэж би хэлнэ. Манайхан чинь ёс жаягаа тун сайн мэддэг, тэрийгээ баримталдаг улс байгаа юм. Наад зах нь багийн бэлтгэлд гарлаа гэхэд яг л эрэмбээрээ сууна шүү дээ. Зүгээр нэг айлд орсон  ч ялгаагүй. Сурын баг явж л байгаа бол эрэмбээрээ байх ёстой гэдгийг манай Эрдэнэтийнхэн ягштал биелүүлдэг. Ер нь мэргэн цолтнуудаа хүндэлж байж, тэдний тэр сайхан цолонд хүрдэг юм.

-Цол дагаж бяр гэдэг дээ. Хошой мэргэн болчихлоо. Бяр амтагдаж байна уу?

-Энэ сайхан төрийн хишиг чинь хүнийг бас хүмүүжүүлдэг юм билээ. Отгонбаяр мэргэн гэж дуудуулах, сумаа тавиад зогсож байхад яах аргагүй л  өөртөө их итгэлтэй болчихдог юм. Тэр хэрээрээ олны дунд биеэ зөв авч явж, үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй гээд л.

-Наадмын дараа хаагуур хаагуур наадав. Ямар ямар амжилт гаргасан бэ?

-Наадмын дараах хамгийн том тэмцээн багийн улсын аварга шалгаруулах байлаа. Дасгалжуулагч Даваахүү багшийн маань төрсөн нутаг Тосонцэнгэлд болсон энэ тэмцээнд бид арав дахь түрүүгээ авсан. Тосонцэнгэл сумын 90 жилийн ойгоор болсон энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь Даваахүү гавьяатын нэрэмжит болсоноороо нэг онцлог байлаа. Бид тэмцээн болохоос хоёр сарын өмнө нутагт нь очиж 10 дахь түрүүгээ авч бэлэг барина гэж багшдаа амласан байсан юм. Бас тэр үеэр Даваахүү ахын төрсөн өдөр давхцаж, бид баяр дээр нь баяр нэмж арав дахь түрүүгээ авсан тэр мөч үнэхээр гайхалтай байсан. Яах аргагүй л энэ жилийн баярт мөчүүдийн нэг байгаа юм. Залгаад халхын бүх л шилдэг харваачид цугласан Тосонцэнгэл сумын 90 жилийн ойн баяр наадмын харваанд түрүүлсэн. Хошой мэргэн Баасанхүү, спортын мастер Сүхбаатар бид гурав 37 оноотой товхлож би түрүүлсэн байгаа. Үүний дараа “Энержи”-гийн наадамд түрүүлж ирээд Улаанбаатар хотноо болсон байт сурын Азийн гран прид оролцож, наймд үлдээд Энэтхэгийн нэг нөхөрт хожигдсон. Иймэрхүү л сонинтой байна даа. Одоо энэ сарын 18,19-нд хаалтын харваандаа оролцоно. Ингээд л манай сурынхны завсарлага эхэлж байгаа юм.

-Багшдаа зэмлүүлэх үе гардаг л байх даа?

-Гаралгүй яахав. 2012 оны багийн улсын аваргаар Ёндон бид хоёр хангалтгүй харваж манай баг зоноосоо гарч чадалгүй мултарч байсан үе бий.  Харамсалтай байсан. Харин энэ жилийн хувьд багшдаа бэлэг барина гэж амласан болохоор бэлтгэл сургуулилтаа хичээнгүйлэн хийсэн. Багийн амжилт  гэдэг олон хүний хичээл зүтгэлээс хамаарах учраас дор бүрнээ л хичээсэн. Тиймдээ ч тасархай түрүүлсэн.

-Тэгвэл багшийн урам хайрласан үгийг хэзээ сонсож байв?

-2008 он юм байна. Зүүнхараад болсон багийн улсын аварга дээр Өлзийхутаг мастер бид хоёр цуг боссон юм. Тэгэхэд манай дөрөв, айлын хоёр сум байсан шиг санагдаж байна. Манайхан ерөнхийдөө хожигдох маягтай болчихсон байлаа. Тэгэхэд би дараалан эхний гурван хасааг нь, Өлзийхутаг мастер нэг хасааг нь оносон. Манайхан “нүхэндээ орно” гэж ярьдаг юм. Айлаас нэг сум авч бид хожиж байлаа. Тэгэхэд Даваахүү мэргэн “олон жил намайгаа баярлуулна даа” гэж хэлж байсныг одоо ч мартдаггүй юм.

-Хүн бол сэтгэлийн амьтан. Магадгүй наадмын өглөө бурханд залбирдаг уу?

-Би сэтгэлдээ нутгийнхаа уул усыг  бодож залбирдаг. Манай нутагт Бүрэн хайрхан гэж уул бий. Бүрэн хайрхнаа бодохын зуурт нүднээ тэр л өнгө будгаараа буудаг юм. Мэдээж сайхан хийморийн сангаа тавиулчихна. Гэхдээ би нарнаас, энэ сайхан байгаль дэлхийгээсээ их энерги авдаг.

-Таны хувьд ээлтэй дээлний өнгө, ээлтэй нум сум гэж бий юу?

-Байлгүй яахав. Өнөө дээр хэлсэн нум байна. Энэ нумаараа анх мастерын болзлыг хангаж, дараа нь мэргэн, өнөө жил хошой мэргэн болсон байгаа. Энэ хугацаанд бага сага гэмтэл гарсан ч Баттөмөр гоц мэргэнээрээ засуулчихдаг юм. Ээлтэй нум болохоор гамнаж гамнаж наадмын урд л гаргаж нэг бэлтгэл хийж харвадаг. Бусад үед өөр нумаараа харвадаг. Харин дээлний хувьд саарал, цайвар шаргал өнгийн дээл өмсөх дуртай.

-Дээр манай сум эрийн хоёр наадамтай гэж ярилаа. Сумандаа сурын спортын хөгжүүлэхэд гар бие оролцож байна уу?

-Тийм шүү. 2011 онд би мэргэн болсныхоо дараа жил нь ангийнхантайгаа хамтраад иж бүрэн таван  нум сум Булган сумандаа хүлээлгэж өгч байлаа. Харин өнөөдөр сумынхан маань эрийн гурван наадмаараа нааддаг болсон тухай Засаг дарга, Иргэдийн хурлын даргатай ирж надад  талархал илэрхийлсэн. Үүнд би маш их баярлаж байгаа. Удахгүй манай сумынхан багаараа ирж улсын аваргад хүч үзэх байх гэж итгэж байна.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг үлдээж байна?

-Баяр наадмын тэр л өдрүүдэд надтай хамт байсан олондоо баярлалаа. Мөн байнга дэмжиж тусалдаг Эрдэнэт үйлдвэрийнхээ хамт олонд маш их баярлаж явдагаа “Тод магнай”-н хуудсаар дамжуулан илгээх байна. Та бүхнийхээ итгэлийг өндөрт өргөж олон жил баярлуулнаа.

 П.Ундраа

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.