Хөдөлмөрийн баатрын мялаалга наадам энэ сарын 29-нд болно

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 06 -нд

Монгол улсын Зууны манлай уяач, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчин, судлаач, удам дамжсан, Тод манлай уяач М.Данзаннямын Даваахүүгийн нэрэмжит наадам энэ сарын 29-нд Төв аймгийн Баянцагаан суманд болох ажээ. Намрын билэгт сайн энэ өдөр их нас, хязаалан,соёолон насны морьдын уралдаан болж, бөх барилдан, шагай харвах ажээ. Түүний хувьд морь уях төрийн хэргээс гадна нэгэн цагт бөх барилдаж, шагай харваж байсан удаатай юм. Мал аж ахуйн салбарт дөч гаруй жил тасралтгүй хөдөлмөрлөн буянт мал сүргээ өсгөн үржүүлж, үүлдэр угсааг нь сайжруулж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн шандаст олон хүлгийн хурд угшлыг  хамгаалан өсгөж, уяа сойлгыг тааруулж, наадамчин түмнээ олон жил баясгаж, Монгол адууны соёлд оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж удам дамжсан Монгол Улсын Тод манлай уяач, Д.Даваахүүг Хөдөлмөрийн баатар цолоор могой жилийн босгон дээр мялаасан билээ.  “Морь таних, шинжих, уях гэдгийн цаана монгол хүний сэтгэхүйн маш том философи бий" хэмээн ярих тэрээр Монгол төрийн наадмаас хорь гаруй түрүү аваад байгаа ажээ. Түүнчлэн нэг жилийн наадмаар зургаан насны түрүүлж айрагдсан 30 мориноос 11 нь Тод манлайн “данстай” хурдан хүлгүүд байсан аатай түүх бий. Тэрээр бас судлаач  нэгэн. Түүний автортой "Хүлэгчийн нууц", "Монгол улсын эрийн гурван наадмын хоёр зуун жилийн түүхэн товчоон", "Молор эрдэнийн алтан судар" бүтээлүүдийг нэрлэж болно. Энэ мэт Тод манлайн тухай олныг өгүүлж болох юм.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна