Б.Баттөр: “Урьхан” Ганбатын улсад дөрөвлөдөг хүрэн морь миний унаган адуу

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 05 -нд

Сүхбаатар сумын "Нийгмийн хонгор" уяачдын холбооны дэд тэргүүн Б.Баттөр энэ удаагийн ярилцлагын ширээнээ уригдсан юм.

-Алдарт Нийгмийн хонгор хурдан хүлгээрээ овоглосон Сүхбаатар сумын уяачдын холбооныхоо ажил үйлсээсээ танилцуулахгүй юу? 
- Манайх 2009 онд “Нийгмийн хонгор" уяачдын холбоогоо шинээр зохион байгуулаад, 2010 онд ажил үйлсээрээ тэргүүлж, аймгийн шилдэг холбоогоор шалгарсан. Тэргүүн, дэд тэргүүн, нарийн бичгийн дарга, 25 тэргүүлэгчтэй, нийтдээ 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай холбоо сумандаа болон гадна дотно болдог наадамд зохион байгуулалт сайтайгаар оролцож нэлээд сайхан амжилтуудыг үзүүлсэн. Сүүлийн үеийн амжилтаас дурдвал 2010 онд Егүзэр хутагтын наадамд хоёр айраг авсан, 2012 онд Хатагин гурван хошууны наадамд 3 айраг авсан. Түүнээс гадна Сүхбаатар сум аймгийнхаа хэмжээнд олон тахидаг уул, овоотой, тэр наадмыг бид сайхан зохион байгуулсан учраас энэ шагналыг хүртсэн гэж боддог. Дээрээс нь 100 сая төгрөгөөр адуунууд хот руу зарагдсан байдаг. Энэ нь малчин иргэдэд нэлээд хөрөнгө оруулалт болж байна.
- Холбооны зүгээс уяачдынхаа бүртгэл судалгааг гаргасан байх. Сүхбаатар сум улс, аймаг, сумын цолтой хэдэн уяачтай вэ?
- Манайх 130 гаруй гишүүдтэй, тодорхой хэмжээний санхүү босгож ажиллах ёстой учраас гишүүнчлэлийн бүртгэлийг сайн хийдэг. Ер нь морь уядаггүй хөдөөний залуу гэж байдаггүй болсон шүү. Улс, аймаг, сумын Алдартууд олон бий. Манай сумаас Бужигаагийн Усны-Эх гэж Монгол улсын Алдарт уяач төрсөн. Алдарт Орлой хонгор морины эзэн шүү дээ. Аймгийн Алдарт 14, сумын Алдарт 28 хүн бий. Дааган Нараа гэж олон түмэндээ нэрлэгдсэн сүүтэй даага хурдлуулдаг Аймгийн Алдарт уяач Норовжавын Нармандах гэж байна. Чинзориг гэж хүний буган даагыг уяж улсын наадамд гурваар оруулж, тэр жилээ Дорноговийн Данзанравжаагийн наадамд аман хүзүүдүүлсэн. Аймгийн Алдарт уяач Гомбожавын Ганбаатар улсын наадамд олон удаа уралдсан, Дарьгангын Алтан овоонд хязаалан түрүүлгэж байсан. Ганбаатарын дээд үе нь жих хонгор морьтой дэнхэр Жигжид гэж хүн байсан. Бага насны болон азарганы уяа сойлгыг сайн тааруулдаг уяач байна. Гэх мэтчилэн сайн уяачид бий.
- Сүүлийн үед залуучууд морь сонирхох болж уяачдын бүхэл нэг үе гарч байх шиг. Хорь гаруй настай аймгийн Алдартууд ч их болсон байна?
- Үнэхээр залуу хүүхдүүд морийг их сайн уядаг болсон. Ганц нэг жишээ хэлэхэд Ганхөлөг гээд морин тойруулгын угшлын адууг уядаг, өөрөө морь шинждэг, шинжсэн морио заавал айрагдуулдаг залуу байна. Мөн Буянаа гээд залуу сүүлийн үед морь их сайн уяж байна. Ер нь морь мал тэжээдэг хүн их олширсон. Сүхбаатар аймаг хурдтай л гэдэг. Гэтэл хурдан морийг уяж хурдлуулж байж л хурдныг мэднэ. Өвсөөр нь уралдахаа больж, тэжээж уралдуулж байж л амжилтанд хүрч байна. Тиймээс сүүлийн үед морьж тэжээж байгаа залуучууд олон болоод байна.
- Сүхбаатар суманд ямар хурдан адууны угшлууд хурдалж байна вэ?
- Тонгоон Жамъян, Лүгийн хонгор, Овоогийн адуу, Чинжээ адуу, Дашдонойн саарал гэх мэт хурдны удам бий. Ер нь айлын нэг сайн азарга сайн хурдалж, эзэн хүнийхээ  нэрээр нэрлэгддэг шүү дээ. За тэгээд алдарт Нийгмийн хонгорыг мэдэхгүй хүн гэж байхгүй биз. Нэгдэл адуунаас гарсан Нийгэм хонгор аймаг сумандаа 21 айраг түрүү авч байсан гэдэг. Эдгээр хурдан хүлгүүдийн угшил байна. Тэгээд дээр нь морин тойруулгын угшил манай суманд байдаг юм. Дээр үед морин тойруулга гэж байх үед манай сумын Индра гэж өвгөн морин тойруулгын адуу малладаг байж. Тэр хүнд ажлынх нь хөлсөнд 639 номертой хүрэн зээрд үрээ өгснийг сумандаа хөтөлж ирээд өөрийн дүү нарт өгсөн байдаг. Индрагийн төрсөн ах Халтарын Гомбо гэдэг хүн өөрийн хүү Пүрэв-Очирт хүрэн зээрд үрээг өгсөн гэдэг юм. Тэр зээрд үрээний угшил одоо манай суманд ид хурдалж байна. Тэрний угшлыг Улаанбаатараас хүртэл ирж авдаг. “Урьхан санаа” ХХК-ийн Ганбат гэхэд нэлээд олныг авч азарга тавьсан байгаа.
-Тойруулга угшилтай адуу ид хурдалж байна гэсэн. Ямар ямар хүмүүс уяж хурдлуулж байна вэ?
- Тойруулга хүрний угшил манай суманд нэлээд тарсан. Суманд тойруулга хүрний хурдалж байгаа төл гэвэл Ганхөлөг гээд залууд нэг сайхан хурдан хонгор азарга бий. Түрүүн ярьсан Сумын алдарт уяач Пүрэв-Очирын хүргэн байгаа юм. Хонгор азарга нь ноднин аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаанд дөрөвт хурдалсан. Гомбын Ариунбаатар гэдэг хүн морин тойруулга угшилтай олон сайхан морь хурдлуулсан. Жишээлбэл нэг саарал морь Егүзэр хутагтын наадамд дөрөвт орж, 2010 онд 32 сая төгрөгөөр зарагдсан. Тэдний адуунаас хүмүүс нэлээд худалдаж авдаг. Сүүлийн үед адуу нэлээд үнэтэй болж байна шүү дээ.  Тойруулга угшлын хоёр гүү надад ч бас бий.
- Гадагшаа гарч Сүхбаатар сумынхаа нэрийг дуудуулж сайн давхиж байгаа ямар ямар адуунууд байна вэ?
- Олон сайхан хурдан адуунууд гарсан. Ер нь Сүхбаатар сумаас гадагшаа гарсан адуунууд нэлээн хурдалдаг. Уяачдын холбооны тэргүүн Хуягбаатарын ягаан азарга “Бороо гоулд”-ын Лхамсүрэн гэдэг хүнд 10 саяар зарагдаж, улсад дөрөвт орж байсан. Уржнан 2011 онд АХ-ын 90 жилийн ойн улсын баяр наадамд манай сумын даага дөрөвт орсон. Тэр бол Очирхуягийн Доосүрэн гэж залуугийн даагыг Дэлгэр ванд түрүүлэхэд нь Ховд аймгийн Дарви сумын харьяат Батбаяр гэж хүн худалдаж аваад, улсад хурдлуулсан юм. Сүхбаатар сумын адуу гээд цоллуулж байхад нутгийн бидэнд сайхан байдаг аа.
-Дэд тэргүүн Баттөрийн өөрийнх нь морь хэр хурдалж байгаа вэ?
Би өөрөө моринд дуртай, улс, сумын наадамд ороогүй ч гэсэн уул овооны наадамд хэд хэдэн айраг түрүү авч байсан. 2004 онд өөрийн унаган толин сартай хүрэн шүдлэн үрээ сумандаа хоёр удаа айрагдуулаад, хот  руу “Урьхан санаа” компанийн захирал Ганбат гэдэг хүнд өгсөн. Хязааландаа 2005 онд улсын баяр наадмаар зургаагаар, Өвөрхангайд болсон Занабазарын 370 жилийн ойд зургаад, Эрдэнэтийн 30 жилд мөн зургаад орсон нь Сүхбаатарын адуу ямар яс үндэстэй байгааг харуулсан. Ганбат энэ адуугаа Чинбат гэж ахынхаа нэр дээр цоллуулдаг юм. Ардын хувьсгалын 88 жилийн ойн улсын баяр наадмаар их насны морь дөрөвт орж, “Урьхан санаа” ХХК-ийн дэд захирал Чинбатын зээрд хүрэн морь гэж цоллуулсан. Сайн угшилтай сайн адуу байгаа юм.
-Улсын баяр наадамд дөрөвт давхиж шандас хурдаа гайхуулсан толин сартай хүрэн адуу чинь ямар угшилтай вэ?
-Манай Сүхбаатар сумын адууны дээд угшил бол Овоогийн хонгор, Чинжээ хонгор, Бат-Өлзийн буган, Дашдонойн саарал гээд олон сайхан угшил бий. Яг манай аавын адуу бол Овоогийн хонгор адууны угшилтай. Овоогийн хонгор гэж их сайхан хурдан адуу байсан, тэрний л угшил явж байгаа нь тэр. Нэг хэсэг надаас найз нөхөд маань ирж адуу авч байсан. Төв аймгийн Борнуур руу нэлээн олон адуу гаргасан. Миний унаган ягаан саарал адуу Магнай гэдэг хүнд очиж, Алтанбулагт 2 удаа түрүүлж, өвлийн задгай уралдаанд ч хэд хэдэн удаа орсон.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна