Адтай унаач охид

А.Тэлмэн
2013 оны 8-р сарын 05 -нд

Их Монгол улс байгуулагдсаны 807, АХ-ын 92 жил Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд Өмнөговь аймгийн Ханбогд сумын аймгийн Алдарт уяач Н.Амарбаясгалангийн хул даагыг 9 настай Мөнхбатын Оюунгэрэл охин унаж тод магнай, торгон жолоо өргүүлсэн билээ. Оюунгэрэл охин анх таван настайдаа ааваараа заалгаж морь унаж сурч байсан бол түүнээс нэг жилийн дараа анхны түрүүгээ хүртэж байсан гэнэ. Түүнээс хойш 2011 онд Өмнөговь аймгийнхаа 80 жилээр Амарбаясгалан ахынхаа хүрэн соёолонг түрүүлгэж, “Говьшанхын хурд 4” бүсийн уралдаанд дахин түрүү магнайд хурдлуулж байсан адтай нэгэн. Харин энэ жилийн улсын баяр наадмаар хул даагаа 17,06,17 долл хурдлуулан наадамчин олныг  ийнхүү баярлуулсан юм. Тэгвэл түрүү жил буюу Ардын хувьсгалын 91 жилийн ойн хурдан дааганы уралдаанд Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Батдэлгэрийн хар халзан түрүү магнайд хурдлан ирээдүйн түмэн эх болохоо харуулан одтой сайхан наадаж байлаа. Тэрхүү халзан даагыг Батдэлгэр уяачийн бага охин мөн л 9 настай Б.Солонго охин 17,00,51 долл хурдлуулж байсан юм. Ийнхүү дааганы унаач адтай охид хөвгүүдээс дутахгүй болохоо жил дараалан харуулаад байна.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна