Төрийн наадам, төвийн бүсийн дөрвөн айрагт Сугарын шандаст хул

А.Тэлмэн
2013 оны 8-р сарын 02 -нд

Өврийн хангайн хүү Дуламын Сугар төрийнхөө их баяр цэнгэлд хоёр жил дараалан сүргийн манлай азарга айрагдууллаа. Өнгөрсөн жил АХ-ын 91 жилийн ойгоор айргийн дөрөвт хурдалж, хэдхэн хоногийн дараа болсон төвийн бүсийн уралдаанд түрүүлж байсан хул азарга өнөө жил амжилтаа бататган төрийнхөө их цэнгэлд айргийн таваар хурдалж, төвийн бүсийн наадамд дөрөвт давхилаа. Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу хул азаргыг хүү О.Батбилэг нь уяж сойсон бол ач хүү Б.Буяндэлгэр нь унаж хурдлуулан  айргийн таваар дахиулсан нь бас л сонин түүх байлаа.
Адуугаар дамжиж эртнээс нөхөрлөсөн Д.Сугарт Д.Онон Тод манлай өөрийн унаган хул хязааланг 2009 онд өгсөн бөгөөд тэр жилээ Өвөрхангай аймгийн Өлзийт сумын баяр наадамд түрүүлж байсан гэдэг. Түүний дараа жил 2010 онд азарган соёолон бэсрэг уралдаануудад хэд хэд түрүүлж айрагдсан бөгөөд Хэнтий аймагт зохиогдсон Хардэл жанжин бэйс өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит "Сэцэн ханы хурд" зүүн бүсийн уралдааныг гарсан цагаасаа эхлэн тавилангийн үзүүр хүртэл өнгөлснийг морины хорхойтнууд маань тодхон санаж буй биз ээ.Ийнхүү хурдан хүлэг болохоо хэдэнтээ харуулсан хул азарга хавчиг зургаан настайдаа буюу 2011 оны хавар Жирмийн Цагаан хөтөлд болсон өндөр бооцоот уралдаанд айргийн дөрөвт хурдалж, зун нь өнжсөн гэдэг. 
Ийнхүү жил өнжиж бярласан хул азарга дараа жил нь төрийнхөө наадамд айрагдаад байхад нь Д.Даваахүү Тод манлай хараад “Ононгийн хул азарга жил өнжөөд бяр суучихаж. Давхил нь орсон адуу урагшилна уу гэхээс ухрахгүй” хэмээж байсан нь ёсоор болсон билээ. Хоёр талаас хурдны цустай хул азарга  дааган цагаасаа эхлэн уягдсан олон хоногийн хатуу уяатай адуу хэмээдэг.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна