Унаач Б.Сэлэнгэзаяа: Хар азарга түрүү жил хадуурчихсан болохоор айж байсан

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 26 -нд

Их монгол улс байгуулагдсаны 807, АХ-ны 92 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэн хурд” галын уяач Х.Улам-Өрнөхийн хар азарга аман хүзүүнд, Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Хишигжаргалын шарга хязаалан түрүү магнайд хурдалсан юм. Хар азарга, шарга хязааланг 11 настай Б.Сэлэнгэзаяа хүү унаж хурдлуулсан нь энэ билээ. ТэрХурдан морь унаад таван жил болж байгаа бяцхан унаач “хар азарга ноднин хадуурчихсан болохоор энэ жил эмээж байлаа” хэмээсээр яриа өрнүүлсэн юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Баярынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцаач?
-Үнэхээр баяртай байна. Хар азарга өнгөрсөн жил давхиж яваад хадуурчихаар нь өөрийн эрхгүй нулимс урсаад л байсан. Ямар сайндаа энэ жил дахиад хадуурчихвий гэж айж байлаа. 
-Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг билээ?
-Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Б.Ренчингийн нэрэмжит дунд сургуулийн Оюунтуяа багштай 6б ангид сурдаг. Энэ жил 11 настай.
-Хурдан морь унаад хичнээн жил болж байна вэ? 
-Тав дахь жилдээ морь унаж байна. Намайг зургаан настай байхад аав морь унахыг зааж өгсөн юм. Аав маань нэг үе морь уядаг байсан юм билээ. Гэхдээ би жоохон байсан болохоор морь уяад гаргасан амжилтыг нь сайн мэддэггүй юм.
-Ээж  ааваасаа хэдүүлээ вэ?
-Бид тавуулаа. Манай агаа бас хурдан морь унадаг байсан юм. Гэхдээ одоо мориноос хасагдчихсан  л даа. Аав ээж маань Сэлэнгэд амьдардаг.
-Анхны айраг түрүүгээ хэзээ авч байсан бэ?
-Хурдан морь унаж уралдсан анхны жилээ таван айраг, түрүү авч их мундаг наадсан л даа. 2011 онд Дундговь аймгийн 70 жилээр Улам-Өрнөх ахынхаа их морь, шарга даагыг түрүүлгэсэн. Харин хонгор шүдлэн тавлуулж, хүрэн хязаалан аман хүзүүдүүлж нийтдээ хоёр түрүү, хоёр айраг авсан. Үнэхээр л аз од гийсэн өдрүүд байгаа юм.
-Харин дараа жил яаж наадсан бэ? 
-Дараа жил Дундговийн наадмаас гурван аман хүзүүтэй наадсан. Рашийн буурал азарга, Хишигжаргалын хонгор даага, бор шүдлэнг тус тус айрагдуулсан.  Мөн Есөнзүйлд МУ-ын Алдарт уяач Д.Хишигжаргалын бор үрээг аман хүзүүдүүлж, Улам-Өрнөхийн хул азаргыг айргийн гурваар хурдлуулсан. Бас даага аман хүзүүдүүлсэн ч хасагдчихсан юм.
-Тэгвэл 2013 он гарсаар ямар  амжилт гаргаад байна вэ?
-Могой жил гарсаар Цагаанхөтөлд болсон өвлийн бооцоот уралдаанд Улам-Өрнөх ахынхаа хар азаргыг дөрөвлүүлсэн. Дүнжингаравын хурд 2013, Эрдэнэтийн бүсэд мордсон ч хойгуур л орсон. 
-Өвлийн цагт уралдах хэцүү юу?
-Мэдээж амаргүй. Уралдааны замын халтиргаа гулгаанаас эхлээд бэрхшээлтэй зүйл байна. Гэхдээ хүмүүс яриад байдаг шиг даарахгүй л дээ. Морины илчинд дулаан яваад ирдэг юм.
-Улсын наадамд хэд дэх жилдээ уралдаж байгаа вэ?
-Улсын наадамд олон удаа уралдсан. Өнгөрсөн жил гэхэд зургаан насны морь унасан. Үүнээс азарга 13-аар, их морь хойгуур, соёолон 18-аар, хязаалан 53-аар, шүдлэн 7-гоор, даага 8-аар оруулсан.  Харин энэ жил азаргаа аман хүзүүдүүлж, МУ-ын Алдарт уяач Д.Хишигжаргалын шарга хязааланн түрүүлгэсэн. Мөн шинэ монгол дааганд гуравлуулсан.
-“Их хурд 6”-д уралдсан уу? 
-“Их хурд”-д наадмаар аман хүзүүдүүлсэн хар азаргаа зургаагаар оруулсан. Уралдааны замд өнгөний хэдэн азаргыг дагаад уруу газар руу ороод хөлийг нь эвгүйтүүлчихсэн юм.
-Уяачдаа зэмлүүлсэн байх даа?
-Мэдээж хааяа зэмлүүлэх юм гаралгүй яахав. Гэхдээ ихэвчлэн өөрийнхөө буруугаас л болдог юм.
-Морь унаад авсан хамгийн гоё бэлэг гэвэл?
-Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байгаа болохоор айраг түрүүнд хурдалсан наадам бүрийн бэлэг гоё санагддаг юм. Сая Улам-Өрнөх ах маань аман хүзүүдсэн хар азарганыхаа төлийг бэлэглэнэ гэсэн.
-Нууц биш бол шагналын мөнгөө юунд зарцуулдаг вэ?
-Гэр бүлийнхэндээ л зарцуулдаг юм.
-Ингэхэд Сэлэнгийнхээ наадамд уралдаж байв уу?
-Уралдаж үзээгүй ээ.
-Одоо дараагийн наадам хаана байна вэ?
-Төвийн бүсийн даншигт гурав дөрвөн нас унана даа.
-Том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ?
-Уяач болно гэж бодож байгаа. Уясан морьдоо түрүүлж айрагдуулах гоё шүү дээ. Мэдээж морь уяад л болдог юм биш. Адуугаа сайн мэддэг, өвдсөн тохиолдолд өөрөө эмчилчихдэг уяач болноо.
-Ярилцсан дүүдээ баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээж байна.
-“Тод магнай” сэтгүүлийн хуудсаар дамжуулан Сэлэнгэд суугаа ээж аавдаа сайн сууж байгаарай. Хүү нь удахгүй очноо гэж дамжуулъя.

П.Ундраа

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.