Монгол улсын Манлай уяач Б.Бат-Өлзий: Хүрэн морио татуулдаг ч юмуу гэж бодож байтал ороод ирэхээр нь нулимсаа барьж дийлээгүй

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 23 -нд

Энэ  он гарсаар тун ч одтой наадаж, хүлэг эзэн хоёрын “гар нийлсэн” амжилтыг харуулаад байгаа азтай эрчүүд бол Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ, Манлай уяач Б.Бат-Өлзий буюу Дугараа нар юм. АХ-ын 92 жилийн ойн баяр наадмаас зургаан айраг түрүү хүртсэн тэд “Их хурд 6” уралдаанд хүрэн морио түрүүлгэж наадамчин олныг баярлуулсан билээ. Бид энэхүү баярт мөчид Дугараагийн баярын сэтгэгдлээс хуваалцсан юм.
-Манлай баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцаач?
-Үнэхээр их баяртай байна. 1998 онд болсон анхны “Их хурд 1” уралдаанд хээр халзан морио аман хүзүүдүүлж, морины олимпоос анхны айргаа хүртэж байлаа. Түүнээс 15 жилийн дараа их насны түрүүг авлаа. Энэ дов намайг ивээлээ. Ямар өгөөжтэй хангай дэлхий вэ, мөргөмөөр байна.
-Та түрүүн боломжгүй уралдааныг үзлээ гэж ярьсан?
-Тийм ээ, ёстой боломжгүй уралдаан байлаа. Морь 12 км яваад газрын талдаа орж байхад хүрэн морь дөчин хэдээр явж байсан юм. Татуулдаг ч юм билүү гэж бодоод хөдөлгөөд үзтэл тэр чигтээ давхисаар ороод ирэхийг нь хараад нулимсаа барьж дийлээгүй.
-Хүүхэд хашир туршлагатай тулдаа орлоо, тийм ээ?
-Үгүй ээ, хүүхэд харин ч муу уналаа. Эргээд л явсан бол тархины морьтой явна ш дээ. Тэрнээс мотортой юм биш. Явахгүй байж байгаад үзүүр рүү нэмдэг адгуус хаана ч байхгүй. 
-Уралдахын өмнө хүрэн морь ямар өнгөтэй байв?
-Сайхан байсан. Урьд нь олон удаа дутуудуулж байсан болохоор дутаагаад яахав гэж бодоод тултал нь хөлслөөд л мордуулсан юм. “Дутаж үхэхээр шатаж үх” гэгчээр гүйцээе л гэж бодсон. Тэрний үр дүн ч  гарлаа гэж бодож байна.
-Өнгөрсөн жил хүрэн морио түрүүлгэчихээд “уяач бүрийн цээжний мухарт төрийнхөө наадамд их морь түрүүлгэх хүсэл байдаг юм” гэж байлаа. Таны хувьд энэ хүслээ дахин биелүүллээ шүү дээ?
-Тийм ээ хүсэл мөрөөдлөө биелүүлж төрийнхөө наадамд их морь түрүүлгэсэндээ баярлалгүй яахав. Гэхдээ түрүүлнэ гэдгийг нь эртнээс мэдэж байсан болохоор энэ жилийнх шиг догдлоогүй юм болов уу. Энэ жил айрагдах уу, үгүй болов уу хэмээн тээнэглэж байхад түрүүлээд ирэхээр нь баярласандаа өөрийн эрхгүй уйлсан. Уг нь ч дөжирвөл дөжрөхөөр болсон баймаар юм.  Гэтэл энэ жил хүрэн морь хоёр ч уйлуулаад авлаа. Цэндбаатар бид хоёр найзууд. Наадмын өмнө бид утсаар “чи улс Халзан азаргаа түрүүлгэчих,  би хүрэн морио түрүүлгэчихээд цэнгэлдэхэд уулзацгаая” гэж ярьсан юм.  Тэр яриа биелээд зогсохгүй Их хурд чуулсан энэ довон дээр дахин уулзлаа. Энэ дашрамд Цэндбаатар найздаа баяр хүргэе.
-Та бол  хотын унаган хүүхэд. Магадгүй багадаа энэ өдрийн тухай төсөөлж байв уу?
-Тийм ээ миний хүүхэд нас Улаанбаатар хотын Баянхошуунд  өнгөрсөн.  Гэхдээ хүн заяа төөргөө мэдэх биш дээ.  Би ерээд оноос эхлээд л уяа сойлго тааруулж байна. Үүнээс өөр ажил хийж үзсэнгүй. Адууны төлөө сэтгэл зүрхээ зориулан олон жил тууштай явсаныхаа үр шимийг өнөөдөр үзэж явна гэж боддог. Монгол улс ганцхан уяачтай байхад л би тэрийг нь хийж явлаа шүү дээ. Одоо ч уяач олон болж дээ.
-Залгаад бүсийн наадмууд үргэлжилнэ? Хаана наадах гэж байна даа?
-Архангай явна даа.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна