Аймгийн Алдарт уяач Ш.Адьшаа: Хонгор үрээ маань улс бүсийн наадамд гурав түрүүлж, нэг айрагдсан адуу

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 15 -нд

 -Төрийнхөө их баяр наадамд соёолон түрүүлгэсэн танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Сэтгэл их өег байна. Монгол түмний их цэнгэл төрийн их баяр наадамд соёолон насны морь түрүүллээ. Хонгор үрээний минь буян заяа Монголын ард түмнийг минь ивээж явах болтугай хэмээн ерөөж байна.
-Хонгор үрээ төрийнхөө их баяр наадамд хоёр дахь удаагаа алтан жолоо өргүүлж буй хүлэг?
-Хонгор үрээ одоогоор  улс бүсийн наадмаас гурван түрүү, нэг айраг аваад байна. Даагандаа Өвөрхангай аймгийн наадамд түрүүлээд Говь-Алтай аймгийн баруун бүсийн даншиг наадамд дөрвөлж, шүдлэндээ төрийнхөө их баяр наадамд түрүүлсэн. Хязааландаа ноднин Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн наадамд  түрүүлж, энэ  жил соёолондоо улсынхаа наадамд түрүүллээ.
-Ховд аймгийн ойд айрагдаж байсан билүү?
-Ховд аймгийн 80 жилийн ойгоор очиж аман хүзүүдэж байсан. Миний хонгор үрээний уяаг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул МУ-ын Манлай уяач Бат-Өлзийн Отгоннасан тааруулдаг.  Отгоннасан маань морь уях эрдэмд гаршсан мундаг уяач байгаа юм. Энэ дашрамд дүүдээ баярлаж явдгаа дуулгамаар байна.
-Хонгор үрээ өчигдөр Хүй долоон худагт ирсэн дуулдаж байсан ?
-Тэгсээн. Хот хүрээгээр ханиад томуутай байна гэхээр нь Өвөрхангайдаа уяж сойж сунгаж байгаад өчигдөр ирж, өнөөдөр улсын наадамдаа урамтай сайхан түрүүлгэлээ.
-Хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Ганц соёолонтой ирээд түрүүлгэчихлээ. Үнэхээр их баяртай байна. 
-Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхний ажил үйлс ч гэсэн дэлгэрч явах болтугай.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна