Хурц арслан үзүүрлэж, хурц арслан төрсөн бүх цэргийн наадам

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 04 -нд

Өчигдөр буюу 7-р сарын 3-нд  хүчний байгууллагууд, спорт хороодын нэгдсэн "Бүх цэргийн наадам" боллоо.
1992 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж буй энэхүү барилдаанд аймгийн хурц арслан долоо, аймаг цэргийн арслан 79, аймаг цэргийн заан 27, аймаг цэргийн харцага 24, аймаг цэргийн начин 58, сумын цолтой 61 бөх барилдан уран мэхийг уралдуулсан юм.
Сүхбаатар аймгийн хурц арслан Б.Батжаргал, аймгийн арслан М.Бат-Отгон, Р.Түвшинбаатар, Г.Ганжад, а.х Ж.Баясгалан, Н.Шинэзориг, Японд ажиллаж амьдарч буй аймгийн арслан Б.Дамба болоод улсын заан Р.Давааням агсны том хүү а.н Баасандорж нарын “ховор” хүмүүс харагдаж байлаа. Тэр дундаа Төв аймгийн арслан Болдын Дамбыг гарч ирэхэд үзэгч олон алга нижигнүүлэн угтав. Барилдаан нэгийн даваанаасаа өрсөлдөөнтэй болсон бөгөөд давааны төгсгөлд оноолт таарсан аймгийн харцага болоод аймгийн чимэгтэй начингуудын барилдаан тун ч өрсөлдөөнтэй болсон юм. Чөлөөт бөхийн Ази тивийн аварга а.х Ч.Ганзориг а.н Т.Ядамсүрэнг хонгодоод, а.х Ц.Бямба-Очир а.н Н.Энхжаргалыг бярдаж мушгиад, а.х Э.Баасандорж а.н Я.Алтантулгыг дагуулж хөмрөөд, а.х О.Бундхорол а.х Б.Бат-Амгаланг тэвэрч өргөөд орхисон барилдаанууд үнэхээр үзүүштэй байв. Мөн энэ хаврын турш сайн барилдаж буй Баянхонгор аймгийн арслан Б.Эрдэнэхүү Дундговь аймгийн харьяат с.з Э.Даш нар учраа таарсан байлаа.
Бөхийн барилдааны хоёрын даваанд Булган аймгийн арслан А.Отгонбаатар с.з М.Даваасүрэнг дагуулж мушгиад, а.н Н.Жаргалбаяр Дорнод аймгийн арслан Б.Батхуягийг мордож дайраад, а.а П.Мөнхбат ц.х Б.Хишигбаатарыг мушгиж тонгороход үлдээд сөрж мушгиж тонгороод давав. Энэ даваанд а.а Л.Цэрэнтогтох а.н Э.Элбэгбаяртай, а.а Ц.Чимэддорж а.х Э.Баасандоржтой, а.а Н.Батсуурь а.х Ц.Бямба-Очиртой, а.а Э.Ванданцэрэн а.з Л.Цээсүрэнтэй, а.а Г.Ганжад а.а М.Бадарчтай, а.а Э.Оюунболд а.а Б.Уугандаваатай тус тус таарсан нь цэргийн наадмын чансааг илтгэх “халуухан” оноолтууд байв. Мөн өнгөрсөн жил Ховд аймгийн наадамд үзүүр түрүүнд хүч үзсэн хоёр бөх оноолт таарч О.Хангай давсан бол олон жил амжилттай барилдаж буй Баянхонгор а.з Б.Батгэрэл сүүлийн үед илт өсч буй а.а Ж.Алтаншагайг дагуулж дэгээдээд давав. Мөн Архангай аймгийн харьяат а.з Э.Мөнхбат Говьсүмбэр аймгийн залуу арслан Т.Пүрэвсүрэнг давуулж гуядаад орхив. Ахмад заанууд ийнхүү залуу арслангуудаар давцгаав.
Гурвын даваанд барууныг магнайлан гарсан хоёр арслан хоёулаа өвдөг шороодов. Мөнгөнбаатар арслан Ховдын Б.Бат-Өлзийд “заларсан” бол Говь-Алтайн хурц арслан Ш.Шинэбаярыг а.х О.Бундхорол бяралхаж орхив. Мөн аймгийн арслан А.Отгонбаатар Өмнөговь аймгийн харьяат а.х Э.Нямааг дүүгүүрдээд өвдөглүүлж үзэгчдийг шуугиулав. Мөн уран барилдаант Ө.Тулгаа зааны хүү а.а Сүрэнжав Дорнодын П.Мөнхбатын дархан зүүн хөлд ороод дэрлэсэн ч Мөнхбат арслан шилдэж гут татаадугсруулж зайлаад давлаа.Мөн Булган аймгийн залуу арслан Д.Амарсайхан Увсын Н.Ганзоригийг бусгаж зайлаад орхиж өөрийнх нь мэхний “амтыг мэдрүүлэв”. Мөн Завхан аймгийн арслан П.Батмөнх ц.н Б.Энхсайханыг зүүн талдаа даацтай тонгорсон бол Өвөрхангайн Ц.Чимэддорж Говь-Алтайн Д.Тангадыг шахаж татаад нэлээн дээр гаргаад өвдөг шороодуулав. Гурвын давааны төгсгөлд Ховдын хоёр тунаж Буянтын О.Хангай давж Дарвийн Б.Тайван уналаа. Үзэгчид Бальдаржамцын Тайванг дээгүүр гарна гэж харж байсан ч аймгийн наадмаа хүлээхээс аргагүй боллоо.
Оноолтын давааны эхэнд зүүний магнай Ч.Батчулуун Ховдын Б.Бат-Өлзийд “бүдрэв”. Мөн энэ өдөр олон хүний хурцлана гэж харж байсан Т.Баасанхүүг Лутын Батзориг хэмээх арал бяр дүүрэн заан баруун талдаа давуулж гуядаад орхисон бол чөлөөтийн Ч.Ганзориг Булганы Отгонбаатар арсланг хөнтөрч татаад тун дөхүүлсэн ч арслан дагуулж хөмрөөд нисэлттэй унагав. Мөн энэ даваанд Хэнтий аймгийн залуу арслан Э.Оюунболд Завханы Л.Лха-Очирыг баруун талдаа тун ч даацтай тохов. А.х.а О.Гантулга а.х О.Бундхоролыг өөр дээрээ татаж хавираад шороодов. А.а Бо.Батжаргалыг а.з Б.Бадамсүрэн тумбарайдаж өргөөд орхисон бол а.х.а А.Алтанхуяг а.н Н.Жаргалбаярыг даваа эхэлсэн цагаас дайрсаар шороодуулж олон хүний талархлыг хүлээв. Мөн энэ даваанд а.а Л.Шинэбаатар а.а Д.Амарсайхан нарын барилдаан олны сонирхлыг их татав.
Тавын даваанд хурц арслан А.Алтанхуяг өмнөх даваануудад хоёр ч хурц арсланг өвдөг шороодуулсан О.Бундхоролыг хутгаж түрээд давсан бол а.х.а Б.Одгэрэл а.з Д.Цэвэлсодномд хутгуулан унав. Өмнөх даваануудад үзүүштэй уран барилдаан гаргаж байсан а.а А.Отгонбаатар а.х Ц.Бямба-Очирт тун ч “юм болсонгүй”. Л.Цэрэнтогтох П.Мөнхбатыг амлаж бярдаад орхисон бол Архангайн Л.Шинэбаатарыг Завханы Б.Бадамсүрэн дагуулж дан хавираад давлаа. Давааны төгсгөлд а.а Б.Эрдэнэхүү а.з О.Хангайг амласан боловч сонгуулсан барьцнаас хутгуулж унав. Гэхдээ энэ хоёрын барилдаан багагүй маргаан дагуулсан барилдаан болсон. Тунаж хүч үзсэн хоёрын барилдаан сонирхолтой болж Оюунболд хонгодоод хөөсөн боловч дагуулж давхар тохсон заан давав. Ховд аймгийн Зэрэг сумын заан Баярхүүгийн Бат-Өлзий Баянхонгор аймгийн арслан Д.Энхбатаар тав давж цэргийн начны болзол хангалаа.
Дунд шөвөгт хурц арслан цэргийн шинэ начинд барьц сонгуулж мордуулсан ч дагуулж хөмрөөд давав. Элдэв зүйлд авталгүй даваа бүрт уран хурц сайхан барилдаан үзүүлсэн арсландаа талархах хүн олон байсныг хэлэх нь зөв болов уу. А.з Цэвэлсодном Цэрэнтогтохыг шуудагны барьцнаас түрж хөөсөн ч дагуулж зайлаад арслан давлаа. Б.Бадамсүрэн гурван бөхөөс нас чацуу Хангайг амлаж барьцны тал дээр маргаантай байсан ч Завханы заан гурав дахь удаагаа зургаа даван шөвгөрөв. Тунаж хүч үзсэн хоёр хэд хэдэн удаа барьц сонголцож Өвөрхангайн заан давав.
Долоогийн даваанд хурц арслан А.Алтанхуяг а.з Л.Батзоригийг амлаж шахаж татаад давснаар түрүү булаалдахаар шалгарч үлдэв. Тунасан хоёрын барилдаан нэлээн удааширсан бөгөөд багагүй маргаж үзэгчдийг талцуулсны эцэст арслан давснаар хурц арслантай хүч үзэхээр үлдэв.
Үзүүр түрүүнд хурц арслан А.Алтанхуяг эхэлж барьц сонгосон ч барьц задарч Говь-Алтайн Цэрэнтогтох сонгосон барьцнаас баруун талдаа хутгаж түрээд давснаар “хурц” чимэг хүртлээ. Урамтай сайхан барилдаан үзүүлж үзүүрлэсэн А.Алтанхуяг арслан “бадрангуй” чимэг нэмэв. Үзүүр түрүүнд үлдсэн хоёр арслангийн маань бэлтгэл жигдэрч сайхан болсон байна лээ. Өнөө жил нэгийг дуулгана биз ээ. Дүйзийг гурвын даваанаас сонирхоно уу.

Гурвын даваа
1. Ч.Батчулуун а.х.а - Э.Мөнхбат а.з
2. Ш.Мөнгөнбаатар а.х.а -Б.Бат-Өлзий с.з
3. А.Алтанхуяг а.х.а - Т.Аззаяа а.н
4. Ш.Шинэбаяр а.х.а - О.Бундхорол а.х
5. Б.Одгэрэл а.х.а -Ё.Баасандорж а.н
6. О.Гантулга а.х.а -Ё.Эрдэнэжаргал а.а
7. Б.Батжаргал а.х.а - Г.Баасандорж а.х
8. А.Сүмбээ а.а -Н.Жаргалбаяр а.н
9. А.Отгонбаатар а.а - Э.Нямаа а.х
10. М.Бат-Отгон а.а - Ч.Ганзориг а.х
11. Б.Хашбат а.а -Б.Батгэрэл а.з
12. Б.Баатарцол а.а - Б.Бадамсүрэн а.з
13. Х.Мэндбаяр а.а - Ц.Бямба-Очир а.х
14. Т.Баасанхүү а.а - Н.Баярбаатар а.н
15. Б.Ганзориг ц.а -М.Бадарч а.а
16. Л.Лха-Очир а.а - Б.Энхбаатар а.а
17. Л.Шинэбаатар а.а -Б.Буянмөнх а.з
18. Д.Болдбаатар а.а - Д.Цэвэлсодном а.з
19. Ц.Нямдорж а.а - П.Батхуяг а.а
20. П.Мөнхбат а.а - Т.Сүрэнжав а.а
21. Бо.Батжаргал а.а - Т.Занданбат а.з
22. Л.Цэрэнтогтох а.а - Г.Батням а.а
23. Н.Ганзориг а.а - Д.Амарсайхан а.а
24. Д.Энхбат а.а - Б.Хаш-Эрдэнэ а.н
25. Б.Эрдэнэхүү а.а - Ч.Батчулуун а.а
26. Ц.Чимэддорж а.а - Д.Тангад а.а
27. Б.Ганхуяг а.а - Б.Отгонбаатар а.а
28. Э.Ванданцэрэн а.а - Д.Тогтохжаргал а.х
29. Б.Бат-Орших а.а - Л.Батзориг а.з
30. П.Батмөнх а.а - Б.Энхсайхан ц.н
31. Э.Оюунболд а.а - Б.Батжаргал а.х
32. О.Хангай а.з - Б.Тайван а.н
Дөрвийн оноолт
1. Ч.Батчулуун а.х.а -Б.Бат-Өлзий с.з
2. А.Алтанхуяг а.х.а - Н.Жаргалбаяр а.н
3. Б.Одгэрэл а.х.а -Д.Тогтохжаргал а.х
4. О.Гантулга а.х.а - О.Бундхорол а.х
5. Ба.Батжаргал а.х.а -Ц.Бямба-Очир а.х
6. А.Отгонбаатар а.а - Ч.Ганзориг а.х
7. Б.Хашбат а.а - О.Хангай а.з
8. Б.Ганзориг ц.а - Д.Цэвэлсодном а.з
9. Т.Баасанхүү а.а - Л.Батзориг а.з
10. Бо.Батжаргал а.а - Б.Бадамсүрэн а.з
11. Л.Лха-Очир a.a - Э.Оюунболд a.a
12.  Л.Цэрэнтогтох а.а - П.Батхуяг а.а
13. Л.Шинэбаатар а.а - Д.Амарсайхан а.а
14. П.Мөнхбат а.а - П.Батмөнх а.а
15. Д.Энхбат а.а - Б.Ганхуяг а.а
16.Б.Эрдэнэхүү а.а - Ц.Чимэддорж а.а
Тавын даваа
1. А.Алтанхуяг а.х.а - О.Бундхорол а.х
2. Б.Одгэрэл а.х.а - Д.Цэвэлсодном а.з
3. А.Отгонбаатар а.а - Ц.Бямба-Очир а.х
4. Л.Цэрэнтогтох а.а - П.Мөнхбат а.а
5. Л.Шинэбаатар а.а - Б.Бадамсүрэн а.з
6. Д.Энхбат а.а - Б.Бат-Өлзий с.з
7. Б.Эрдэнэхүү а.а - О.Хангай а.з
8. Э.Оюунболд а.а - Л.Батзориг а.з
Зургаагийн даваа
1. А.Алтанхуяг а.х.а - Б.Бат-Өлзий с.з
2. Л.Цэрэнтогтох а.а - Д.Цэвэлсодном а.з
3. Б.Бадамсүрэн а.з - О.Хангай а.з
4. Л.Батзориг а.з - Ц.Бямба-Очир а.з
Долоогийн даваа
1. А.Алтанхуяг а.х.а - Л.Батзориг а.з
2. Л.Цэрэнтогтох а.а - Б.Бадамсүрэн а.з
Наймын даваа
1. А.Алтанхуяг а.х.а - Л.Цэрэнтогтох а.а

 МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна