"Их хурд-6” уралдаан Хархоринд болно

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 01 -нд

ММСУХ-ны тэргүүлэгчид өнгөрсөн баасан гарагт хуралдан, монголд адууны яам үүсч байгуулагдсаны 750 жилийн ой буюу дэлхийн адууны баяр, зуны бүсийн болон шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаануудын зохион байгуулалтын  асуудлаар зөвлөлдсөн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй адууны яам байгуулагдсаны 750 жилийн ой буюу дэлхийн адууны баярын хүрээнд их насны 3000 морь уралдан, 10,000 морьтон жагсахаар болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Монгол улс нэг дор хоёр номинациар дэлхийн дээд амжилтыг тогтоох энэхүү баярын арга хэмжээ 8-р сарын 9,10 –ны өдрүүдэд Хүйн долоон худагт зохион байгуулагдахаар тогтож, ажлын хэсгийг томилсон байна. Түүнчлэн дээрх баярын арга хэмжээнд 21 аймгийн морин спорт уяачдын салбар холбоод болон орон нутгийн удирдлагууд уяачид, хурдан морьдоо зохион байгуулж оролцохоор болжээ. Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал бол зуны бүсийн уралдаануудын зохион байгуулалт. Түүхт ойгоо тэмдэглэж буй Хэнтий, Завхан, Төв, Архангай зэрэг аймгуудын удирдлагуудтай Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаан зохион байгуулах тухай гэрээ байгуулж, түүний дагуу ММСУХ-ны зүгээс зохион байгуулалтанд орж ажиллан мэргэжлийн бодлого чиглэлээр дэмжихийн сацуу үйл ажиллагаанд нь хяналт тавих тусгай комиссыг байгуулжээ.
Гурван жил тутамд зохион байгуулагддаг монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-6” уралдаан энэ жил тохиож буй. Уг уралдааныг 7-р сарын 21-нд Өвөрхангай аймгийн Хархорин сумнаа зохион байгуулахаар тогтож, ажлын хэсгийн ахлагчаар ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд, нарийн бичгийн даргаар П.Сэргэлэн нар томилогдсон байна.
Мөн тэргүүлэгчдийн энэ удаагийн хурлаар удахгүй болох улсын баяр наадам болон дараа дараагийн уралдаануудын үер хурдан морь унаач хүүхдийн амь нас аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар ярилцан зөвшилцөөд салбар уяачдын холбоодод энэ чиглэлд анхаарч хууль журмын дагуу ажиллах уриалгыг хүргүүлэхээр боллоо.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна