С.Мөнхбат: Нутаг орны төлөө гэсэн бүхнийг дэмжихийг хүсдэг

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 21 -нд

Хотын хүүхэд байж пионерийн зуслангаас зугтааж хөдөө явдаг. Тэр ч бүү хэл ахынхаа хурдан “Цаасан бор” морийг унаж сумын наадамд айрагдуулж явсан тухай хуучлах хүн бол “Энэл”  компанийн захирал, “Нарны хүлэг” уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн С.Мөнхбат юм.

-Хурд чуулсан Хулд сумын уяачдын холбооны тэргүүнээр ажилладаг юм байна. Энэ албыг аваад хэр удаж байгаа вэ?
Хулд сумынхаа морин спорт уяачдын холбооны тэргүүний ажлыг аваад таван жил шахуу болж байна. Хэдийгээр хотод байдаг ч гэсэн нутаг орныхоо холбогдолтой аливаа арга хэмжээнд ялангуяа морины холбогдолтой үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог учраас нутгийнхан маань итгэл хүлээлгэж сонгосон байсан.  Холбооны тэргүүний ажлыг аваад хамгийн түрүүнд тогтмол уралдаантай болох зорилго тавьж, өмнө нь зохиогддог байсан уралдааныхаа чансааг дээшлүүлэхийг зорьсон. Бид жил бүр Хулд уулынхаа тахилгыг хийж, “Хулдын хурд” дээд гурван насны морьдын уралдааныг зохион байгуулж байгаа. Мөн өнгөрсөн жилээс эхлээд “Гараа-2012” гэсэн бооцоот дааганы  уралдааныг зохион байгуулсан. Ирээдүйн түмэн эхүүдийг тодруулах зорилготой уг уралдаанаа цаашид уламжлал болгон зохион байгуулагдахаас  гадна аймгийн наадмын статустай болгохоор ярилцаж байгаа.
-Хурдтай дээдсийнхээ шийрийг хатааж, хурдан морьтой холбогдсон юм биз дээ?
Миний өвөг дээдэс Очир тойн,Сэрээ тойн, Хундага тайж гээд морь сайн уядаг, сайн таньдаг мундаг уяачид байсан юм билээ. Тэдгээр хүмүүсийн үргэлжлэл нь МУ-ын Алдарт уяач Энэбиш агсан байна. Хотын хүүхдүүд зуныхаа амралтаар пионерийн зуслан явдаг байхад би аав ээж хоёртоо зэмлүүлэн байж хөдөө явдаг тийм л хүүхэд байлаа. Миний ээжийн ах Шижээ, Цэгмид гэж нэгдлийн адуу малладаг хүмүүс Дундговьд  байдаг байсан юм. Тэднийдээ очоод зунжин морь унаж мал хариулна. Бид Шижээ ахыгаа Амаа гэж  дууддаг байсан юм. Амаагийн “Цаасан бор” гэж Хулд суманд олон айрагдаж түрүүлсэн хурдан хүлэг байлаа. Намайг хотын хүүхэд болохоор хурдны морь унуулахгүй унаа морь л унуулна. Нэг удаа надад наадмын морь унах боломж тохиож нөгөө алдартай Цаасан борыг унаж айрагдуулж байлаа. Тэр миний хүүхэд насны нандин дурсамжуудын нэг дээ.
 -Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг. Багын л адуунд хорхойтой нэгэн байжээ дээ?
-Харин тийм ямар сайндаа аав ээжийнхээ зэмлэхийг ч тоолгүй л хөдөө яваад өгч байхав. Хотын хүүхдүүд хэр барагтай бол хөдөө явах гэж тэмүүлэхгүй шүү дээ. Гэхдээ нэг хэсэг сургууль соёлын мөр хөөгөөд, бас амьдрал ахуй, бизнес гээд хөндийрсөн ч 2000-гаад оны эхэн үеэс  адуу цуглуулж эхэлсэн.Хамгийн анх Сүхбаатар аймгийн Халзан сумаас нэг зээрд морь авсан. Дараа нь Сүхбаатар аймгийн Уртын Дамдинжав гуайн Донир угшлын хээр азарга гүүтэй нь аваад анхны “Их хурд”-д уралдуулж байлаа. Харамсалтай нь “Их хурд”-ын дараа азарга, зээрд морь хоёроо алдчихсан.
-Та Их хурдын түрүү Эрдэнэгэрэлийн халзан морийг оруулж ирсэн гэдэг билүү?
-Тийм.Ганхүү бид хэд нийлээд Өвөрмонголоос адуу авчирсан юм.Манайд Сүхбаатар, Хэнтий гэдэг шиг Өвөрмонголдоо Жирэм аймгийн адуу их хурданд тооцогддог юм билээ. Тэндээс ирсэн 12 тооны адуун дунд Эрдэнэгэрэлийн халзан морь байсан. Өвөрмонгол түншүүд маань нутаг буцах гээд мөнгө хэрэгтэй болсон учраас би Эрдэнэгэрэлд санал болгож авахуулсан.
-Халзан морь тухайн үед хэдээр зарагдаж байсан юм бэ?
-10 гаруй сая төгрөгөөр наймаалцаж байсан санагдана.
-Гадаад дотоодгүй яваад адуу цуглуулчихлаа. Хэн уяа сойлгыг нь тааруулахав?
-МУ-ын Алдарт уяач А.Алтангадас тааруулдаг байсан юм.Тайванийн ерөнхийлөгчид нэр дэвшиж буй хүнд морь бэлэглэх болоод Ганхүү ах бид хоёр морь хайж яваад Алдарттай анх танилцан сайхан нөхөрлөсөн юм. Тэгээд нэг хэсэг Алдарт манай морьдын уяаг тааруулдаг байсан. Одоо миний адууг Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул Хуягбаатар гэж хүн уяж байгаа. МУ-ын Алдарт уяач Дашдэлэг гуайн хүү шүү дээ. Дундговь аймгийн 70 жилийн ойгоор хоёр насны морь түрүүлгэн хоёр  жийп авсан уяач гэхээр хүмүүс анддаггүй юм.
-Мөнхбатын тэргүүлэгчийн нэрийг гаргадаг ямар ямар хурдан хүлгүүд байдаг болоо?
-Нэг хэсэг удам угшлыг нь хөөж цуглуулсаар байгаад нэлээд тооны адуутай болсон. Тэр дундаа үржил селекци хийх зорилгоор азарга голдуу авсаар байгаад азарга олонтой болсон. Одооноос сүргийн бүтэцдээ анхаарч сав сайтай гүү авах бодолтой байгаа. Манайд Сүхбаатар, Дорнод чигийн монгол адуунаас гадна Өвөрмонголоос ирсэн Барга адуунууд бас бий. 
-Алдар цолны болзол хангагдаж байна уу?
-Том амжилт бага үзүүлсэн дээ. Гэхдээ нутгийн дов ивээж аймгийн 60 жилийн ойгоор шүдлэн айрагдуулж 70 жилийн ойгоор хүрэн морийг маань Эрдэнэчулуун Манлай уяж аман хүзүүдүүлсэн. Аман хүзүү, зургаа хоёр бол уяачийг их хурцалдаг юм билээ. Хүрэн морь аман хүзүүдсэн аймгийн наадам сэтгэлд үлдсэн хамгийн бахархалтай сайхан наадам болсон доо. “Тавантолгой транс” компанийн зохион байгуулдаг Өмнөговь аймгийн бүсийн наадамд миний  хүрэн морины дүү зээрд морь сая аман хүзүүдлээ. Мөн Ганхүү ахын нэг зээрд азарга аман хүзүүдсэн. Дорнод аймгийн уяач  Батзоригоос авсан халзан соёолон аймгийн хаврын бүсийн наадамд гуравт давхилаа. Сумын наадмаас бол айраг түрүү олон авсан.
-“Дүнжингарав-2012” наадамд таны хүрэн морь хурдан байсан. Их насны морьдыг удаан хөтөлсөн шүү. Аль зүгийн хэний адуу вэ?
-Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул  Шаравын Мөнхбаатар гэж хүний адуу. Тэр Дүнжингарав уралдаанд нэг хэсэг өнгөлж яваад суугаад 11-т орчихсон юм.
-Морьтой нөхөрлөсөн эр хүн дээл хувцас, морины эдлэл хэрэглэл гээд монгол ахуй руугаа өөрийн эрхгүй ордог. Таны  энэ тал дээр нэлээд анхаарал хандуулдаг гэж сонссон. Танай дээд удам язгууртан хүмүүс байсан гэдэг. Тэднээс уламжлагдаж ирсэн эдлэл бий юу?
-Моринд дуртай монгол хүнд байх ёстой эмээл, хазаар, эр хүний чимэг болсон сайхан дээл, хөөрөг бий.  Хаш, мана, болор гээд хөөрөгний хэдэн цуглуулгатай болсон.  Дээд удам дамжиж ирсэн эдлэл бол байхгүй. Аавын хөөрөг бол бий. Одоо миний эдэлж байгаа эмээл манай Дундговь аймгийн Өлзийт сумын төв халх хийцийн эмээл. Дундын бүүрэгтэй, мөнгөн тоноглол нь энгийн сайхан эмээл байдаг.
- Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Адууны хийморь монгол хүн бүрийн цусанд нь байдаг. Тийм учраас манай ард түмэн зөвөөр ойлгож зөв ярих хэрэгтэй. Мөнгөө багтааж ядсандаа үнэтэй адуу худалдаж авч байгаа юм биш монгол хүн уламжлал ёс заншлаа дээдэлж монгол наадам чимж буй хэлбэр юм гэдгийг. Цаашид монголын маань морин спорт улам өргөн хүрээтэй, улам сайхан болоосой хэмээн хүсэх байна.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна