Сэрхний гулууз махыг булаацалдахад Карабаир үүлдрийн адууг унадаг

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 13 -нд

Карабаир үүлдрийн адууг Узбек, Тажикийн нутгуудаар өсгөн үржүүлдэг. Эрт дээр үеэс гаралтай энэ адууны цусанд нутгийн адуунаас гадна туркмен, араб, монгол адуу орсон гэлцдэг. Энэ үүлдрийн адуу нь үндсэн, бядлаг ба уналгын хэмээн гурван янзын хэв шинжид хуваагддаг. Үндсэн хэв байдалд хамаарах адуу нь дунд зэргийн хэмжээний хатингар толгойтой, гооногор цэх шулуун хүзүүтэй, дунд зэргийн мундаатай, өргөн богино бөгеөд булчинлаг нуруутай, өргөн зоотой байна. Харин бядлаг адуу нь том, уртавтар биетэйгээрээ онцлогтой. Уналгын адууны хэв байдал бүхий хэсэг нь араб үүлдэр буюу эсвэл английн цэвэр цусны уналгын адууны цус давамгайлсан шинжтэй байдаг аж. Хатингар том толгойтой, богино, заримдаа бөгтөр нуруутай, гүн цээжтэй, их матаас бүхий нуман хавиргатай, өргөн хондлойтой, бат бэх туурай бүхий хатингар хөлтэй. Заримдаа хойд хөлийн матигар байц ба борвиныхоо үеэр ойртсон байх нь бий.
Хээр, бор, зээрд зүс хамгийн олон тохиолддог. Карабаир үүлдрийн ихэнх адууг жилийн турш бэлчээрээр сүрэглэн маллах бөгөөд тэгэхдээ улирлын бэлчээрүүдийг ашиглана. Өвлийн цагт өвсөөр нэмж тэжээдэг байна. Уулархаг нутагт карабаир адууг бэлчээрээр сүрэглэн үржүүлдэг ба хөндий хоолой газарт аргамжин хашиж малладаг ажээ.
Ер нь уралдааны зориулттайгаар энэхүү үүлдрийг гарган авчээ. Узбек үндэстэн нь эртнээсээ сэрхний гулууз махыг булаацалдах, түүнийг тодорхой нэгэн болзоот газарт хүрэх “коп кара” уралдааныг явуулдаг уламжлалтай. Энэхүү “коп кара” нь азарганы тэсвэр хатуужил, шандсыг шалгасан чансаа өндөр уралдаан болдог ажээ. Ер нь энэ үүлдрийн адуу нь  хурднаараа онцгой бөгөөд нэгэнтээ Арал нэртэй азарга 1000 м газрыг нэг минут 9 секундэд, 1600 метр газрыг нэг минут, 57 секундэд туулан амжилт тогтоож байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг юм. Дээхэн үедээ Джизакийн адуун завод, Будённыйн нэрэмжит адуун ферм болон Самаркандын ба Шахризябын улсын үржлийн сангууд бол карабаир адуу үржүүлдэг шилдэг аж ахуйд тооцогддог байжээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна