С.Амартайван: Аавын минь гал голомтоос төрийн түмний эх бол Дүүгүүр саарал төрсөн
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, “Жавхлант шарга” МСУХ-ны тэргүүлэгч, яруу найрагч Сумъяагийн Амартайвантай хөөрөлдлөө.
-“Жавхлант шарга” МСУХ-ны холбооны хариуцлагатай нарийн бичгийн даргаар хэдийд ажиллаж байсан бэ?
-Сүхбаатар аймгийн МСУХ нь 2000 онд хуралдаж аймгийн Засаг дарга асан Раднаагийн Эрдэнэцогтыг тэргүүнээр, намайг нарийн бичгийн даргаар сонгож байлаа. Би нарийн бичгээр найман жил ажилласан. Үүрэгт ажлаа хүлээн аваад нэг жилийн дараа Өвөрхангайн Хархоринд болсон “Их хурд” уралдаанд аймгийнхаа уяачдыг зохион байгуулан оролцож байлаа. Тэнд манай Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уяач Бужгайн Эрдэнэцагаан угшилтай Орлой хонгор морь айргийн дөрвөөр хурдлан магнай тэнэгэр нутгаадаа буцаж байлаа. Хонгор морь өмнө нь улсын наадамд арвын дотор давхиад байсан юм. Тухайн үед чинь одоог бодвол хөрөнгө төсөв багатай ч бүгд л дор бүрнээ чин сэтгэлээсээ ажиллаж байсан. Монгол түмний үндэсний их соёл, эцэг дээдсээс өвлөж ирсэн хурдан морийг хайрлан өсгөж үржүүлж, жинхэнэ баяр бахдалаа болгож монгол түмнээ баясгах хүсэл тэмүүллээр нэгдсэн олон зүтгэлтний нэг нь гэж өөрийгөө боддог. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл аймгийнхаа уяачдын холбооны гал тогоонд 13,14 жил хутгалдаж явна.
-Энэ хугацаанд хийж байсан томоохон ажлуудаасаа сонирхуулаач?
-Олон л байна. Эндээс онцлоход 2002 онд Сүхбаатар аймгийнхаа 60 жилийн ойг хийж байлаа. Дээр нь бүсийн наадам давхцсан жил байсан. Үнэхээр өргөн дэлгэр наадам болж билээ. Зөвхөн хязаалан гэхэд 811 мордсон түүхтэй. Зах нь харагдахгүй тэр их морьдыг нэгэн зэрэг эргүүлэх гэдэг амаргүй байсан. Одоотой адил гарааны төхөөрөмж гэж байсангүй шүү дээ. Цагаан хоолойны хүчээр л ард нь гарсан. Тэгэхэд Улаанбаатараас шуудан холбооны Чинзориг их чадалтай том цагаан хоолой авчирсан. 10-20 км-т хангалттай сонсогдохоор байсан болохоор 800 гаруй хүүхдийг удирдаж чадсан л юм даа. Тэр үед бараг морьтой болгон л уяад ирдэг байж. Ачиж байсан хүн ховор байсан болохоор хөлөөр нь л хөтлөөд ирнэ. Түүнээс хойш ажиглаж байхад энэ тоо 400 болж буурч, энэ давхина даа гэснийгээ л уядаг болсон байна. Түүнээс биш тоонд нь орж, тоосонд нь багтаах гэж уяхаа больсон байна. Өөрөөр хэлбэл зорилготой уядаг болж л дээ. Тэр чинээгээрээ адууны хурд чанаржиж байна. Нэг талдаа мэргэжлийн талдаа орчихлоо.
Ер нь бид энэ 13 жилийн хугацаанд зорьсон зорилгынхоо 70 хувийг биелүүлчихсэн байх шүү. Бид Сүхбаатар нутгийн адуугаар улсад наадаж, нутгийн адууны хурдыг өндөр довд гаргах нэн тэргүүний зорилтыг тавьж ажилласан. Хурдан адуугаа улсад баталгаажуулъя гэж бодож байлаа. Үүндээ ч хүрсэн болов уу. Сүүлийн арван жилийн улсын баяр наадмын хурдан морины айргийн цувааг үзэх юм бол манай уяачдын амжилтаас гадна манай нутгийн гаралтай олон морьд айрагдаж, түрүүлсэнийг харж болно. Тэгвэл одоо бидний дараагийн зорилго бол орон нутагтаа энэ хурдаа хадгалж үлдэх бодлого байх ёстой гэж боддог.
-Ингэхэд цэргийн хүн яаж яваад моринд орчихсон юм бэ?
-Би Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн адууг 17 настайгаасаа эхлээд 33 жил дагасан адуучин аавын ууган хүү байгаа юм. Удахгүй нэг хоёр жилийн дараа гэхэд манай Эрдэнэцагаан сум 30 мянган адууны баяраа хийх байхаа. Аавынхаа шагнал урамшуулал, тэр үеийн баярын болон жуух бичгийг уншиж байхад жилдээ 180-250 унага бойжуулдаг байсан билээ. Үүнийг аавын адуучнаар ажилласан 33 жилийг дундажаар 200-гаар бодохоор 6600 адуу өсгөсөн тоо гардаг юм.
...Анх л намайг мэдээ орох цагаас
Аавын минь гэр дүүрэн хүнтэй байсан
Алс зайдуу отрын нутагт явлаа ч
Адуучны уяа морины даллагатай байсан
Тогоо дүүрэн цай даргиланхан буцалж
Тоононы дааганд наран саатан жаргадаг байсан даа ...гэж аавдаа зориулсан шүлгийн мөртүүд миний урын санд бий. Би айлын ууган хүү болохоор эрвийх дэрвийхээрээ аавдаа туслана. Анхандаа аав минь довцог толгой дээр гарч суучихаад “миний хүү харж байна уу. Тэр адуугаа хөөгөөд ир” гээд барааны газарт давхиулна. Би яваад адуугаа хөөгөөд, хураадаг ирнэ. Энэ мэтээр бага багаар л амьдралд сургана шүү дээ. Түүнээс хэдэн жилийн дараа зуны амралтаараа морио сольж унахтайгаа болсон. Сүүлд нь аавынхаа хурдны морийг унаж аравдугаар анги төгстлөө адуугаа хураадаг байлаа. Хавар гурван сард адуугаа дэллэнэ, дөрвөн сард хөөвөрлөнө. Тэр болгонд аавдаа тусалж, адуутай ноцолдож өслөө.
Хамгийн их энерги агуулсан амьтан монгол адууг гэж боддог
-Аав тань хэдэн тооны адуу малладаг байсан юм бэ?
-1000 адуу. Үүнээс төллөх гүү нь 250 гэхээр 300-гаад гүү байсан шиг байгаа юм. Энд бас 300 даага, шүдлэн байж таарна. Бас хязаалан, азарга орно шүү дээ. 1000 адуу гэдэг чинь 30-аад азарга адуу болж байгаа юм. Би адуугаа азаргаар нь л бүртгэдэг. Мэдээж бүх азарга маань өөрийн гэсэн нэртэй. Бас л их амаргүй ажил байсан даа. 30 хэдэн азарга адууг чинь өдөр болгон хураана. Өвлийн цагт өглөө үүрээр мордсон аав маань шөнөдөө л гэрийн бараа хардагсан. Зуны цагтаа арай гайгүй. Гол усандаа ойрхон болохоор сэрүүнд давхиад хураачихна, ус руу эргүүлчихнэ, зарим нь ч өөрсдөө усандаа давхиад ирнэ. Өдөрт 2-3 морь солиод уначихна. Цуцахаар нь нэг адуун дээр очиж солиод л цаашаа давхиад адуугаа хураана. Энэ дүр зураг сэтгэлд их тод үлдсэн байдаг юм. Би аравдугаар ангиа төгсөөд ЗХУ-ын Цэргийн нисэх хүчний сургуульд явсан юм. Тухайн үеийнхэн сансрын нисгэгч Гүррагчаагийн сургууль гэхээр андахгүй л дээ. Сургуулиа төгсөөд Төв аймгийн Алтанбулагт цэргийн нисэх хүчинд дөрвөн жил, дараа нь Налайхад ажиллаж байгаад:
Адуу, нутаг хоёр минь араас дуудаад байна
Аав, эжий хоёр минь алсаас даллаад байна
Гурван шөнө би адуу зүүдэлж хонолоо
Гоо улаан морь минь эмээл юугаа шилгээлээ
Гуруй, гуруй, гуруй
Цагаан зээр шиг эзнийхээ
Цагийн төөрөг шиг зүүдэн дунд
Цагаан азаргатай адуу минь
Цангинатал нэг үүрслээ
Гурван шөнө би амраг зүүдэлсэнгүй
Гурван шөнө би адуу зүүдэлж хонолоо
Гэгээн зүүдэнд адуу намайг нэхээд байна
Гэрээсээ дэндүү алс гарчихжээ
Одоохон би буцъя даа... гэх шүлэгтээ “хөтлөгдөн” 1991 онд нутагтаа ирж билээ.
-Хувьчлал эхэлж байсан үе байх нь ээ?
-Намайг ирснээс хойно хувьчлал эхэлсэн л дээ. Гэхдээ нэгдлийн хувьцаанд ороогүй байсан үе. Миний хоёр хөгшин чинь энэ нэгдлийг анх үүсгэсэн байгуулсан 17 хүмүүсийн нэг. Тэртээ 1939 онд анх байгуулагдаж байсан түүхтэй юм шүү дээ. Насаараа л адуу малласан ч аав, ээж минь тухайн үед хувьцаа л авч байсан. Гэхдээ буурлын буян мал малын л захтай байлаа. Тэр дундаа адууныхаа цусыг сайжруулах зүтгэсний хүчинд угшил удмыг нь сайн холдуулсан гэж боддог. Одоогоос хорь гаруй жилийн өмнө буюу 1995 онд би Эрдэнэцагаанаас морьтой гараад Дорнодын Цагаан-Овоо, Матад ороод эргэж ирж байлаа. Түүнээс хоёр жилийн дараа Асгат, Халзан, Уулбаян, Түвшинширээгээр явсан юм. Их гандуу зун байсан. Хэдэн нус нь гоожсон адуу хөтлөөд явахгүй болохоор нь туугаад, туугаад болохоор нь дэргэд хонож өнжин Эрдэнэцагаандаа авчирч байлаа. Талдаа 400, ирэх очихын 800 км газар морин дэл дээр явна гэдэг бас л амаргүй шүү. Дээхэн үеийн сайн эр болохоо дөхсөн. /инээв/ Аав минь хоёр хүүдээ нэг нэг адуу зүслэн өгсөн юм. Түүн дээр нь миний гадна дотноос авчирсан адуу нэмэгдээд овоо юм болсон. Хүүгийнхээ урмыг боддог байсан уу авчирсан адуунуудыг маань харчихаад “сайхан хүлэг байна” л гэнэ. Бас “энэ олон адууныхаа үнэ өртгийг өгсөн үү, өгөөгүй бол ааваасаа аваарай. Хүнд өртэй явж болохгүй шүү” гэж захина. Адуундаа сэтгэл зүрхээ өгсөн аавын минь урам хайрласан бас хүүгээ дэмжсэн сэтгэл нь надад итгэл төрүүлдэг байж билээ. Ингээд бидний буян заяа түшиж 2004 оны Эрдэнэцагаан сумын 80 жилийн ойд битүү саарал морь минь түрүүлсэн нь “Дүүрэн дүүрэн явдалтай Дүүгүүр саарал” маань байгаа юм. Дүүгүүр саарлын эцэг нь манай Дагдансүрэнгийн Өлзий-Орших ахын саарал азарга бол эх нь аавын улаан азаргын төл, миний жороо улаан гүү байлаа. Ингээд түрүү магнайд хурдалсан хурдан буянгаа яруу найрагч Лутбаяр найздаа бэлэглэсэн юм. Харин Лутбаяр “Сонор трейд”-ийн Бат-Очирын Энхболд найздаа өгсөнөөр Монгол төрийн түмний эх болсон түүхтэй юм даа. 2005 онд найман настайдаа Энхболд уяачид очиж, 2007 онд МУ-ын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн уяж хурдлуулан түмний эх болсон нь миний аавын гал голомтоос төрсөн анхны хурдан ажнай болж магнай тэнийлгэсэн нь тэр. Энд ганц би ч биш, Сүхбаатар аймгийнхан, тэр дундаа Эрдэнэцагааныхан маань хязгаар нутгаас түмний эх төрсөнд үнэхээр их баярлаж байлаа.
-Нээрээ л Сүхбаатарын тэр дундаа Эрдэнэцагааны унаган адуу хурдан болохыг харуулсан хэрэг байсан шүү?
-Тэгэлгүй яахав. Сүхбаатарын адуу хурдан болохыг Эрдэнэцагаан сумын аймгийн Алдарт уяач Чимэдцэрэнгийн унаган адуу Орлойн хонгор морь батлан харуулсан байдаг даа. Харин удаах нь Дүүгүүр саарал болж байгаа юм. Тиймдээ ч Энхболд Эрдэнэцагааны их нас үнэхээр хурдан байдаг юм байна. Би саарал мориндоо хань болох нэг их насны морьтой болмоор байна, энэ жил сумын наадамд түрүүлсэн хээр морийг сураглаж өгөөч ээ гэж хүссэн юм. Тэгээд Бөх-Очирын Батболдын сумын наадмын түрүү хээрийг 2007 оны намар Энхболд авсан нь өнөө алдарт Егүзэр хээр юм шүү дээ. “Заамар-2008” төвийн бүсийн, их насны морьдын уралдааны аман хүзүү, “Дүнжингаравын хурд-2009” төвийн бүсийн хаврын уралдааны түрүү, Ардын хувьсгалын 88 жилийн ойн Үндэсний баяр наадмын болон баруун бүсийн даншиг наадмын аман хүзүү, Монголын морин спорт, уяачдын холбооноос 2009 онд хурдан морины чансаа тогтооход их насны морьдыг тэргүүлсэн энэ цагийн алдартай хурдан ажнай байгаа. Энхболдод очоод Дүүгүүр саарлын араас ёстой л шуугиан тарьсан даа.
2008 оны хавар нь Тод манлай уяач Дуламсүрэн, Алдарт уяач Галын Баттөмөр гуай зээ дүү Мөнхбаясгалантайгаа гурвуулаа ирж их насны 2-3 аятайхан морь байна уу гэж байна. Манай Содбилэг хээр морио зарчихвал зарчихна гэж хэлж байсан болохоор өнөө хэдийг дагуулаад очлоо. Зарах хэвээрээ юу гэж асуусан чинь хэвээрээ л гэнэ. Адуу ойрхон байгаа гээд очлоо. Үнэндээ адуундаа жаахан хэлбэргүй л дээ. Тэгсэн өнөө хэд эргэлзсэн байртай харахаар нь би Баттөмөр ахад “надад итгэж л ирсэн бол энийг ав. Үүнээс илүүг яг одоохондоо би мэдэхгүй байна” гэвэл “Амараа мэдэж байгаа байлгүй дээ” гээд наймаа тохироод явсан. Тэр бол 2008 оны хавар байгаа юм. Тэр ондоо улсын баяр наадмаар айргийн таваар хурдалсан нь Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, “Талын хүлэгч” галын уяач Мэндбаярын Мөнхбаясгалангийн Бүлтэн халтар байгаа юм даа. Ийнхүү энэ хэдэн адуу Эрдэнэцагааны адууг хурдан хурц болохыг төрийн наадмын өндөр довд харуулсан юм. Дээр нь манай Лутбаярын зул шарга бас айрагдаж байсан даа.
-Танай адуунаас авах хүсэлтэй хүмүүс олон байдаг байх даа?
-Манай адуу тарсан, тарсан. Бэлгэнд ч, таван цаасаар ч өгсөн нь бий. Сүүлд Хөвсгөл аймгийн Галт суманд Дондойн Пүрэвдорж гэж залуу хэдэн үрээ аваад явсан. Хурдан байгаа дуулдана лээ. Энд нэгэн түүх өгүүлэхэд 2010 онд улсад түрүүлсэн Өнөрбаянгийн хээр морь нь миний унаган адуу биш ч манайхаар дамжиж гарсан хязаалан үрээ. Номгон сумын Лхагваа гуайгаас жаахан ааштай ярдаг үрээг манай дүү нар авсныг Эрдэнэцагааны Жаргалантын заставын дарга Түвшин авсан юм. Түүнд очоод заставын цэргүүд “хандыг нь” дараад сайхан номхроод авна биз дээ. Тэгээд соёолон болдог хавраа Нарангийн Д.Ганзориг гэж залууд очоод Наран суманд түрүүлж, Дашбалбар ахын 50 насны ойд айрагдсан. Тэгэхэд Ганзориг “энэ танайхаас гарсан адуу ш дээ” гэж хэлж байсан. Хэдийгээр миний өөрийн унага биш ч манай адуунаас гарсан түмний эх гэж болно. 2010 оны улсын наадамд түрүүлсэн байгаа. Ер нь хүнд өгсөн адуу хурдалж байгааг харах үнэхээр сайхан шүү. 2004 онд “Аравгар хээр” дууныхаа клипийг хийчихээд “Яндаг” фильмийн Болдбаатар, Монгол улсын Ардын жүжигчин Энхтайван бид хэд Өвөрхангайд дөрвөн сард очсон юм. Тэгж явахдаа тэндэхийн морь сонирхдог олон залуустай танилцаж одоо ч сайхан найзууд болсон байна. Ер нь хурдан мориор нөхөрлөж танилцсан хүмүүс олон бий. Тэгж очсоны дараахан “Үлэмж хурд” компанийн захирал Лхагвасүрэн, дараа нь Довчинсүрэн гээд найз нар маань манайд ирж адуу авсан. 2005 оны Өвөрхангайн наадамд түрүүлсэн шарга даага бол миний шарга азарганы төл байгаа юм. Манай авгын нэг хүү авсан. Өвөрхангай гэлтгүй Улаанбаатар хотын 370 жилийн ойд түрүүлсэн Бямбасүрэнгийн хонгор соёолон бас л манай унаган адуу. “Талын агуй” жуулчны баазын Амгалан найздаа шинэ байрыг нь мялаалж шүдлэн үрээ байхад нь бэлэглэж байсан юм.Бас өнгөрсөн жил Орхон аймгийн наадамд аман хүзүүлсэн Бямбаагийн Баясгалангийн зээрд байна. Найз маань шүлэг найраг бичдэг хүн л дээ. Зээрд шүдлэн үрээ очсон жилээ Булган аймгийн наадамд таваар давхиад, хязааландаа Хишиг-Өндөрийн 70 жилийн ойд аман хүзүүдэж, соёлондоо Орхон аймгийнхаа наадамд аман хүзүүдсэн нь тэр. Одоо хавчиг адуу бий.
-Харин өөрсдөө хэрхэн наадаж байна даа?
-Миний дүү Нэргүй өнгөрсөн жил сумынхаа наадамд азарга, хязаалан хоёроо айрагдууллаа. Үүнээс өмнө 2010 онд байна уу, хүрэн морио айрагдуулж байсан. Ер нь адууны дэргэд ирэхэд сэтгэлийн гутрал тэр дороо л ул мөргүй арилчихдаг нь сонин юм шүү. Сүүлийн жилүүдэд төрийн албанд зүтгэж байна. Мэдээж ажил хойно сайн, муу аль аль нь сүлэлдэж байдаг хойно. Дандаа сайхан үг сонсохгүй шүү дээ. Тэр үед адуун дээрээ ирэхэд өөр ямар ч ид шидтэн, сэтгэл заслын мэргэжилтэн, анагаах ухаан энд хэрэггүй. Энэ чинь л өнөө монгол хүн болж төрсний нэг утга учир юм болов уу даа. Бидний өвөг дээдэс дайн тулааны цагт ялалт амжилт болоод ялагдлын уйтгар гуниг, цус нулимсаа хүлэг морьтойгоо мэдэрч ирсэн болохоор тэр бизээ. Одоогийнхоор бол хамгийн их энерги агуулсан амьтан монгол адууг гэж би боддог юм. Үнэхээр л энергийн далай шүү.
Нутгийн “брэнд” хурдан адуугаа магтан дуулж алдаршуулах нь миний хүсэл
-Таны автортой олон сайхан дууны шүлгүүдийг бид мэднэ. Хүлэг сайн морьдоо үгээр урлаж сууна гэдэг бас л сайхан бизээ?
-Тийм шүү. Би чинь багаасаа л номоос салдаггүй, онц сурдаг “хэнхэг” хүүхэд байлаа. Гуравдугаар ангид байхдаа хаврын амралтаараа хамаатныдаа амарсан юм. Тэр айлд “Монголын шилдэг яруу найраг” гарчигтай зузаан хавтастай том ном байна. Адуу малд явахын хажуугаар зав л гарвал өнөө номыг уншсаар тэнд орсон бүх зохиолчийн нэр ус, намтар, зарим шүлгийг нь цээжилчихсэн. Эндээс л шүлэг яруу найргийн амтанд орсон гэж болно. Гэхдээ хүүхэд байхдаа шүлэг бичиж гавиагүй ээ. Харин Орост сурч байхдаа эх нутгаа санасан сэтгэл минь үзэг цаас нийлүүлэн, үг хэлхэхэд хүргэж билээ. Сургууль төгсөхөд нэлээд хэдэн шүлэгтэй болчихсон байсан. Дараа нь сургуулиа төгсөөд удаагүй байтал “Улаан од” сониноос яруу найраг, утга зохиол сонирхдог офицер, ахлагчдыг тав дахь өдрийн 15 цагаас офицерүүдийн ордонд хичээллэх дугуйланд урьж байна гэсэн зарыг олж харлаа. Тэр бол 1989 он байгаа юм. 26 цэргийн офицер, ахлагч нар цуглаад өөр өөрийн бичсэн шүлэг зохиолоо уншиж өгч, санал бодлоо солилцдог байлаа. Манай дугуйлангийн эрхлэгчээр тэр үеийн “Улаан од” сонины сурвалжлагч, дэслэгч, одоогийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ажилладаг байв. Бие биенийхээ шүлгийг их шүүмжилнээ. Тэгэхэд бид Элбэгдорж Ерөнхийлөгчийн “Аяга” нэртэй шүлгийг их л ширүүн шүүмжилж байж билээ. Монгол хүн аяга хагарахад сайныг бэлгэшээдэг гээд. Тэр шүлэгт хүү нь аягыг нь хагалчихаад түүндээ харамсаж байгаа тухай гардаг юм. Иймэрхүү байдлаар уран зохиол руу тун цэгцтэйхэн хөл тавьсан санагддаг. Харин 2002 онд анхны яруу найргийн ном “Чономлын унага”-аа олны хүртээл болгож байлаа. Харин одоо дараагийн түүврээ гаргах гээд бэлдээд л сууна.
-Яруу найргийн ертөнцөд таны “хурдан хүлгүүд” аль хавьд давхиж байна вэ?
-Дажгүй шүү. “Морин хуур-2004” наадмын тэргүүн шагналыг хөгжмийн зохиолч А.Энхтайваны ая “Олонтой явсан аав минь” дуугаараа хүртэж байлаа. Энэ дууг маань дуучин Бавуугийн Батболд дуулж олонд хүргэсэн билээ. Би аавыгаа бурхан болсны дараа хүүгийн сэтгэлээр дуун цацал болгож бүтээсэн дуу байгаа юм. Ер нь олон дуу зохиосон байна. “Арвагар хээр” дуу маань гэхэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын сүлд дуу болсон байна. Мөн МУГЖ Самандын Жавхлангийн дуулсан “Ай Сэлэнгэ минь” дуу Сэлэнгийн ойд зориулсан дууны номд багтсан байгаа. Өнгөрсөн намар Хөвсгөлийн тухай дууны шүлэг бичлээ. Ер нь эх орныхоо очсон газар бүрт хангай дэлхийд зориулан дуун цацал өргөж, шүлэг бичихсэн гэж боддог. Тэр ч утгаараа эх нутгаа хайрлах, бахархах сэтгэлийг өдөөн эх оронч үзлийг төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмрээ шүлгээрээ дамжуулан оруулж байгаа гэж боддог юм. Сүүлд хийсэн “Наран мандах нутаг” дуу маань Хэнтий, Дорнод, Сүхбаатарынхны аялах дуртай дуу болоод байгаа. Манай аймгийн хөгжмийн зохиолч Ш.Батсайханы ая, энэ дууг “Жаахан шарга” театрын дуучин Осгонбаяр дуулсан юм. Бас “Насан туршийн найз минь” гэдэг шүлгээ бичлээ. Хүний амьдрал баяр гуниг, жаргал зовлонгийн алинд ч хамт байдаг үнэнч найз нөхөд гэдэг аав, ээжийг минь орлоод үлддэг юм. Удахгүй эдгээр уран бүтээлээ багтаасан СD-гээ гаргана гэж төлөвлөсөн байгаа. Ном, цомгийн баяраа ирэх жилээс хийнэ дээ. Өмнө нь 2008 онд нэг кассет гаргасан юм.
-Сумынхаа 90 жилийн ойгоор нутгийн олондоо бэлэг барих нь дээ?
-Бараг л тэгэх байхаа. Ер нь миний уран бүтээлийн сэдвүүдийг харж байхад морь ихэнх хувийг эзэлдэг. Аймгийн Алдарт уяач Б.Наранхүүгийн шарга азарганд зориулсан “Амгалан төрийн ажнай шарга” байна. Мөн “Хос шарга” дууны эзэн Норовын Баасандоржтой хамтран “Жаншийн нутгийн хүлгүүд” гэдэг дуу хийлээ. Сүхбаатар нутгийнхаа, тэр дундаа олонд гайхагдсан “брэнд” адуунуудаа магтан дуулж алдаршуулах нь миний хүсэл байгаа юм.
-Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлд таны яруу найргийн ертөнцөөр уншигчдаа аялуулмаар байна.
-Тэгэлгүй яахав. Энэ удаад “Чоно голын унага” шүлгээ сонирхуулъя.
Содон зүстэй
Сонин түүхтэй
Дайн үзэж
Дандартай Хянганыг давсан
Баранзад хадагтай жолоонд хөтлүүлж
Баруун Европт ясаа тавьсан
Буутай цэргийн унаа болсон
Дуутай наадмын түрүү болсон
Чоно голын унага аа
Чоно голын унага
Үнэгэн зоотой
Үзүүр дээрээ нэхэлтэй
Давааны уруу
Далавчтай юм шиг буудаг
Егүзэрийн дундуур
Ерөөлтэй юм шиг гүйдэг
Чоно голын унага
Өндийхөд өртөө замд өөдөөс босдог
Татахад тал дүүртэл жороолж
Тас харанхуйд гал үүсгэн цахилдаг
Чоно голын унага
Дайн дундуур ялдаг
Даншигт цойвол түрүүлдэг
Дорно зүгийн довтолгоон
Төв Халхын төвөргөөн
Баруун зүүн Монголыг
Баясгаж наадах
Баахан хонгор адуу
Чоно голын унага...
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна