Ч.Сэргэлэнбаатар: Адуу эдэлж сураагүй байж морь уяна гэдэг аюултай

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 06 -нд

Говь-Алтай аймгийн хийморилог уяачдын нэг болох сумын Алдарт уяач Ч.Сэргэлэнбаатар “Тод магнай”-н ярилцлагын ширээнээ уригдан ийнхүү сонирхолтой яриа  өрнүүлсэн юм.
-Унаган адуугаараа наадна гэдэг уяачийн том бахархал.  Таны өвөг дээдэс хурдан хүлгийн хийморьт сүсэглэдэг хүмүүс байсан уу?
-Тиймээ, миний өвөө моринд  дуртай, адуугаа их  чанаржуулдаг хүн байсан гэдэг. Нутгийнхан андахгүй дээ. Юндэнбямба  гэж. Хойшоо жин их тээдэг, Ханхөх, Сартуул, Увс талаас адуу их авчирдаг байсан гэсэн. Бүр  нэгдэл нийгмээс ч өмнө. Харин аав маань нэгдлийн адууг их олон жил хариулсан. Тэгэхээр миний  хувьд морь сонирхох нь аргагүй байгаа биз.
-Тийм байна?
- Адуучин аавын хүү билээ гээд өдөр болгон адуундаа давхина. Өдөртөө 140-150 км газрыг дан мориороо туулна. Хүүхэд байсан болохоор гэлдрээд байхгүй, мордоод л алга болж өгнө шүү дээ. /Инээв/ Манайх Завханы Алдархаан, Дөрвөлжин сумдтай хил залгаа нутагладаг. Завханы төв эндээс 180 км. Аймгийн төв рүү  мориор л шурхийнэ шүү дээ. Хоёр талдаа давхиад ирдэг байсан гэж бодохоор өвгөдийн маань адуу сайн байсан байгаа биз.
-Бүтэн өдрийн цогиотой адуу байжээ дээ?
-Зуны цагт өглөө 10-н цагт гарлаа гэхэд орой саальны үеэр л ирчихдэг. Дарви сум эндээс 140 км. Тэндэхийн худалдаа бэлтгэлийн ангид манай эмээ, ах ажилладаг байсан юм. Цагаан сараар эмээтэйгээ золгоно гээд өглөө гарахад харуй бүрийн цагаар л очдог байсан. Тэр үеийн адуу тэжээл энэ тэр гэж мэдэхгүй. Цагаан өвсөөр тэгж явж байгаа юм шүү дээ. Одооны адуу бол яагаад ч чадахгүй. Тэгэхээр ?онгол адууны яс чанар муудаад байх шиг бодогддог шүү.
-Хурдны чиглэл рүү хэт анхаарснаас уналгаа эдэлгээ даахдаа муудаад байна уу? гэж хөгшчүүд ярьдаг.
-Магадгүй л юм. Миний хувьд адуу эд?лж л явснаас уяж сойж сүйд болж байсангүй. Гэхдээ яахав сүүлийн хэдэн жил эр хүний хийморь байна гээд ганц нэг адуу уяж байгаа. Миний  уяна ч гэж юу байхав. Гол нь зөв аятайхан эдэлчихбэл болчихоод байх шиг байдгийн. Онон Тод манлайн уяаны арга барилын тухай ярьсан номыг унших дуртай. Надад ойр санагддаг юм. Манай сумынхан морьдоо голдуу үсэргэж уядаг. Харин би хөлс, тар, сунгаагаар уяхыг хичээдэг. Сүүлийн үеийн уяаны арга барилд бага сагаар суралцаж л байна.
-Танай нутгийнхан зүүн зүгээс адуу нэлээд зөөж байгаа сурагтай?
-Тиймээ, зүүн зүгийн адуу үнэхээр хурдан болохоор хошуурахаас ч аргагүй юм. Гэхдээ хурдан адууг бий болгож чанаржуулдаг гол зүйл нь азарга, гүүний тохироо. Ялангуяа азаргаа их зөв сонгож тавих хэрэгтэй. Ганц хурданд нь биш, бусад хэв шинжийг нь харж байж азарга тавих хэрэгтэй л дээ. Ер нь эхлээд адуугаа зөв мэдэрч, харьцаж сурах хэрэгтэй юм шиг санагддаг. Адуу эдэлж сураагүй байж морь уяна гэдэг аюултай. Малыг зөв эдэлсэний буян хишиг гэж бий. Манай аав морь уяж байгаагүй ч адуу сайн таньдаг хүн байсан. Адууг анагаах, хатгах тал дээр хэнээр  заалгахгүй.
-Та аавынхаа тэр эрдэмд хэр суралцаж байна?
-Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр суралгүй яахав. Гэхдээ онгирч байгаа юм биш, би өнөөдрийг хүртэл морины хөл авч үзээгүй. Өнгөрсөн жил манай аймагт даншиг болсон. Тэр наадамд явах боллоо. Миний алаг морь зудны жил их муудсан ч тэнхрүүлж тэжээж байгаад даншигт аваад явсан юм. Шингэн, тарилгын талаар сайн мэддэггүй  байлаа. Наадамд уралдуулахын өмнө сайн гэхээр нь шингэн хийчихдэг юм байна. Тэгсэн алаг морь маань уралдаад шөрмөсөө авчихсан. Гайгүй юм шиг байхаар нь сумын наадамд мордуулчихсан чинь бүр балраад хөлөө авчихсан.
-Тэгээд эмчилгээ аваагүй юу?
-Авалгүй яахав. Хатгаад зүгээр болчихсон. Тэгж л амьдралдаа анх удаа морины хөл авч байлаа. Ингээд бодохоор л морь малаа зөв эдэлж сурах нь л уяаны эрдмийн хамгийн чухал нь байгаа биз.
-Алаг мориныхоо амжилтаас дурдвал?
-Алаг морь маань гурав орсон адуу.
-Хүүхдүүд тань морь мал сонирхох юм уу?
-Манайх гурван охин, ганц хүүтэй. Хүү маань одоо л таван нас хүрч байна. Хоёр охин маань сургуульд сурдаг. Хүү маань том болоод морь мал сонирхох байх л гэж бодож байна.
-Удам залгасан сайн адуучин, уяач болохын ерөөл өргөе. Ярилцсанд баярлалаа.

Ш.Бадамрагчаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна