Галшарын холбоо байгуулагджээ

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 15 -нд

Халх даяар шандаст хурдан хүлгүүдээрээ алдартай Хэнтий аймгийн Галшар нь нутгийн хамгийн урд захын сум бөгөөд нар зөв оргилон урссан Буянт булгийн хөвөөн дээр гурван Зараа уулын дунд байрласан учир гадны аюул нөлөөллөөс хамгаалагдаж заяа буян нь тэгшрэн дэлгэрч явах учиртай хэмээн хөгшид буурлууд бэлгэшээдэг юм билээ. За тэгээд Галшарын адуу гэхээр их шинжээч, уяач, зураач, номч эрдэмтэн, Хардэл жанжин бэйс олноо “Өвгөн ноён” хэмээн алдаршсан Пүрэвжав, түүний хамтрагч Дагмид мээрэн, Баянжаргал, Жунай, Лувсанцэрэн, Халтар болон Монгол улсын анхны Алдарт уяач Донойн Цэгмид зэрэг домог болсон өвгөдийн нэрийг дурсахгүйгээр Галшарын хурдан удмын адууны тухай ярих аргагүй болдог нь үнэн. Ийм л гайхуулах юмтай Хэнтийн сурчид алдарт Галшараар овоглосон сурын холбоогоо байгуулаад удаагүй байна. Энэ жил Монголын үндэсний сурын холбоо хөдөө орон нутгийн салбар холбоодтойгоо хамтын ажиллагаагаа өргөжүүлж шинэ шатанд гаргах зорилт тавин ажиллаж байгаа ажээ. Энэ ажлын хүрээнд хуучин холбоодоо сэргээж, шинэ холбоодыг бүртгэлжүүлэн батламж олгодог болсон байна. Ийнхүү шинэ холбоодын салхийг хагалж Хэнтий аймгийн  Галшарын холбоо энэ сарын 11-12-нд болсон нээлтийн харвааны үеэр  Сурын холбооны Ерөнхийлөгч Ч.Энхтайванаас  батламжаа гардан авлаа.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна