Уламжлалт харваачдын холбооны тэргүүн М.Зоригт: Харваж уралдахаас гадна энд өв соёлоороо уралддаг юм

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 08 -нд

Унгар улсад өнгөрсөн сард олон улсын их наадамд манай сурынхан амжилттай оролцож багаараар хүрэл медалийн эзэд болсон билээ. Уламжлалт харвааны төрлөөр олон төрлийн байг харвах наадмын эрэгтэйчүүдээс Монгол улсын гарамгай мэргэн Цэвээний Хүдэрчулуун 111 оноогоор, эмэгтэйчүүдээс Монгол улсын спортын мастер Цогбадрахын Туваанжав 109 оноогоор тус тус алтан медаль хүртэж хамт олноо хошуучилсан тухай бид мэдээлж байсан. Харин тэд энэ амжилтынхаа тухай хэвлэлийн хурал зарлан мэдээлсэн бөгөөд энэ үеэр уламжлалт харваачдын холбооны тэргүүн М.Зоригттой ярилцсан юм. 

-Олон улсын уламжлалт харвааны тэмцээнд манай тамирчид амжилттай оролцоод ирлээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Унгар улсын Будафешт хотод олон улсын уламжлалт харвааны тэмцээнд Монгол улсын баг тамирчид амжилттай оролцоод ирлээ. Дөрөвдүгээр сарын 13-16-ны хооронд болсон энэхүү тэмцээнд Монгол улсын Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, спортын мастер Ц.Туваанжав, залуу харваач Б.Дашзэвэг, У.Сосорбарам нар оролцсон билээ. Дэлхийн арваад орны 180 гаруй тамирчид оролцсон  тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун 111 оноогоор алтан медаль хүртсэн бол эмэгтэйчүүдээс спортын мастер Ц.Туваанжав 109 оноогоор алт авч, багаараа хүрэл медалийн эзэд болсон баярт мэдээг олонтойгоо хуваалцаж байгаадаа баяртай байна.

2008 онд би Солонгост болсон олон улсын тэмцээнд оролцож  анхны медалийг авчирч байлаа. Түүнээс хойш манай олон харваачид жил бүр медальтай ирж байгаа. Энэ бүхэн түүх болон үлдэнэ шүү дээ. Ер нь өөрсдийнхөө дээл хувцсаа өмсөөд, нумаа бариад тэмцээн уралдаан хийдэг төрөл нум сумаас өөр байхгүй байх шүү. Харваж уралдахаас гадна энд өв соёлоороо уралддаг юм.

-Уламжлалт харвааны тамирчид сүүлийн жилүүдэд медалийн буухиаг эх орондоо тасралтгүй авчирч байгаа. Ер нь холбоо  байгуулагдаад хичнээн жил болж байгаа билээ?   

-Тийм шүү. Манай холбоо 2009 онд анх байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхлээд жилийн дөрвөн улиралдаа үйл ажиллагаагаа явуулдаг. Өвөл яагаад зохион байгуулдаг гэхээр бидний өвөг дээдэс Хүннүгийн үеэс буюу МЭ-ний 201 оноос эхлээд түүх судрыг харж байхад голцуу өвлийн цагт том дайн тулаанд морддог байсан юм билээ. Тийм ч учраас өвлийн харвааг байнга зохион байгуулдаг байж. Түүхийн хувьд товчхондоо иймэрхүү. Өнөөдөр дэлхийд зэвт сумаар харвадаг олон улсын тэмцээн  тогтмол зохион байгуулагддаг болоод байгаа. Оролцож байгаа орны тоо ч жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Хамгийн багадаа 20 орны тамирчид байх жишээний. Сүүлийн үеийн тэмцээн уралдаануудад 3D буюу хөдөлгөөнтэй харваанууд их харвадаг болсон. Энэ бол бидний хувьд эртний зүйл. Манай өвөг дээдэс үүнд  гаргуун байсныг олон зүйлээс харж болно. Ийм л лут ард түмний үр сад учраас уламжлалт энэ харваагаа хөгжүүлж дэлхийн олон улсын оройд нь явахыг эрмэлздэг.

-Тэмцээнд оролцож байгаа орон бүр өөрийн уламжлалтай харваатай байх уу?

-Хүн үүссэн цагаасаа эхлээд л ан гөрөө, аян дайнд нум сумыг хэрэглэдэг байсан. Монгол нумын онцлог бол эвэр илэгтэй, шөрмөсөн артай. Бусад орныхон өөрсдийн гарын дорх материалыг ашиглан модоор голдуу хийсэн байдаг. Аль ч орныхон ялгаагүй л дээ, их сайн харвана. Сүүлийн үед Унгар, Турк, Итали, Ромын хуучин рецариуд гэж байсан тэд, Швед, Канад, Америкийн индианууд сайн харваж байна.  Олон улсын харваа бол бүгд зэвт сумаар харвадаг. Өөр өөрсдийн орныхоо нум сумыг бариад  тухайн зохион байгуулж байгаа орны тавьсан байнууд дээр харвадаг. 20 метрээс эхлээд хоёр гурван зуун метр харваж байна. Нисдэг, хөдөлгөөнтэй бай харваж тавьсан оноогоор нь дүнгээ гаргадаг зарчимтай.  Нум сумаа агсаад эхний байндаа таван сумаа тавьчихаад оноогоо шүүгчтэйгээ нийллээ, дараагийн гэхчилэн сүүлд нь хамгийн хол байндаа харвана. Одоо бид ч олон улсын жишгээр долоон төрлийн байнд харваж байгаа. Ингэж мэргэшихгүй бол олон улсын тэмцээнд оролцоход хэцүү байх болно шүү дээ. Сүүлийн үед бас хөдөлгөөнтэй бай руу орж байгаа. 

Манай өвөг дээдэс чинь 30, 40 метр дарцаг тавьж  харвадаг байсан. Нэг зуун нумын газар, хоёр зуун нумын газраар харвана. Нэг нум ойролцоогоор метр 20-той байлаа гэж бодоход 120-240 метр харвадаг байсан байж л дээ. Өнөөдөр наадамд хасаа харваагаар  эрэгтэйчүүд нь 75 м, эмэгтэйчүүд нь 65 метрт харваж байгаа. Хүүхдүүд  насныхаа ангиллаар харвадаг. Харамсалтай нь  хэлмэгдүүлэлтийн үед харвааг устгаад нэг хэсэг завсардсан. Одоо харин эрчимтэй сэргэж байна. 1949 онд манай анхны сурын товчоо гэж байгуулагдаж байсан бол 1959 онд байт сурын холбоотой нэгдээд Монголын үндэсний сурын холбоог анх байгуулж байсан. Үүнээс хойш 60 жил болж байна. Энэ хугацаанд хасаа харвааг хөгжүүлж ирлээ. Түүхийг нь судлахаар Манжийн хааны үеийн дүрэм журмыг сайжруулсаар одоо хүртэл харваж байгаа гэж бичигдсэн байдаг юм. Одоо бид цааш нь хөгжүүлж,  харваж байгаа нь  ч, үзэж байгаад нь ч сонирхолтой болгох хэрэгтэй.

-Үндэсний харваа, уламжлалт харваа ялгаатай байх нь ээ?

-Ялгаатай. Уламжлалт харваачдын холбоо нэрнээсээ уламжлалаа авч явах гэсэн утга илэрхийлж байгаа юм. Уламжлалт харваанд нумны хийц, хэлбэр, ёс  жаяг дэг, харвааны төрлүүд байна. Ном судраас харж байхад дээхэн үедээ айл болгон, хүн бүр нум сумтай байж, өөрсдөө хийдэг байсан.  Марка Пологийн номонд байдаг даа. “Монгол айлд очиход эрчүүд нь нум сумаа хийгээд сууж байдаг. Хүүхэд багачууд нь гаднаа харваад зогсож байдаг ард түмэн” гэсэн байдаг. Ер нь жирийн малчин нь зун намартаа мал сүргээ таргалуулж, хүмүүсээ амраачихаад  өвөл аян дайнд гараад явна. Ингэхдээ бүгд мориндоо мордоод, нум сумаа үүрээд цэрэг болчихдог. Ямар ч монгол цэрэг жадгүй бамбайгүй байхад нум сумтай л байсан гэж түүхэнд гардаг. Монголчуудыг нум сумгүйгээр ойлгоход хүнд л дээ.

-Уламжлалт харвааны холбоо хичнээн тамирчинтай вэ?

-Сүүлийн дөрвөн жилийн тэмцээн уралдааны туршлагаас харахад манай холбооны зохион байгуулсан тэмцээнүүдэд шилдгүүд л харвадаг. Өнөөдөр манай улсад зургаан холбоо ажиллаж байна. Энэ холбоодоос зохион байгуулж байгаа тэмцээнүүдэд манай бүх харваачид оролцдог. Халх харваач байлаа гэхэд буриад харваа зохион байгуулахад очоод л харвах жишээний. Тэгэхээр өөрийн холбооны тамирчин, харваач гэж ярихад төвөгтэй юм. Монгол хүн болгон л  бүх төрлөөр харвадаг. Хэнтий, Дорнод, Баян-Өлгийгөөс зорьж ирээд л харвана шүү дээ. Манай харваачид чинь эрэмгий, зоригтой, шударга хүмүүс. Нэг л сум тавьсан бол буцах аргагүй. Яг л тэр сум шигээ хүмүүжсэн улс.

-Танай холбооноос жилийн дөрвөн улирлын харвааг зохион явуулдаг. Зун, намрын тов гарсан уу?

-Зун, намрын харваагаа нэгтгээд 8 сард олон улсын тэмцээний хэлбэрт оруулж анх удаа хийх гэж байна.  Сүүлийн жилүүдэд өвөрмонголчууд маш сайн харваж байгаа. Өнгөрсөн жил “Ордос 2” гэж том наадам болсон. Тэнд олон улсын харваачид  оролцоод энэ жил дахин хийхээр болсон юм. Сая Унгарт оролцсон  тамирчид Өвөрмонголд тэмцээнд оролцчихоод Монголд ирэх санал тавьсан болохоор хийхээр боллоо.

-Энэ жил хаана хаана ямар тэмцээнд манай харваачид оролцохоор төлөвлөөд байгаа вэ?

- 6 сард Туркэд, 8-р сард Өвөрмонголд, 9 сард Германд, 10 сард Америк, Австралид болох тэмцээнүүдэд оролцоно. Тэмцээн уралдаанд оролцсон байдлаасаа хамаарч явах тамирчдын нэрс гардаг юм.

-Ярилцсанд баярлалаа.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна