Т.Санчирт заан, Ж.Амартүвшинд харцага цолыг нөхөн олголоо

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 07 -нд

Ардын хувьсгалын 91 жилийн ой баяр наадамд шөвгөрсөн 16 бөхийн шинжилгээний хариу  наймдугаар сарын дундуур олон нийтэд ил болж, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин цол шинээр хүртсэн Б.Сугаржаргал нарын сорьцоос сэргээшийн төрлийн бэлдмэл илэрсэн. Улмаар баяр наадмыг зохион байгуулах хорооноос улсын арслан Х.Мөнхбаатарын Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын 5, 6, 7-гийн даваанд давсан давааг хүчингүй болгож, чимгийг нь хураах, улсын начин Б.Сугаржаргалын зургаан сар барилдах эрхийг хасахаар болсон юм. Тэгвэл өнөөдөр Үндэсний баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва дээрх бөхчүүдэд цолны даваанд унасан хоёр бөхөд шинэ цолыг нь нөхөн олгожээ. Тавын даваанд Х.Мөнхбаатар арсланд өвдөг шороодсон улсын начин Ж.Оргил өсөх идэр чимэг нэмж, зургаагийн даваанд унасан Ж.Амартүвшин /шинээр начин цол хүртсэн/ харцага болон дэвшиж, долоогийн даваанд унасан улсын начин Т.Санчирт /шинээр харцага цол хүртсэн/ заан цол хүртээлээ. харин улсын начин Б.Сугаржаргалын хувьд тавын даваанд улсын заан Б.Соронзонболдыг давж, зургаагийн даваанд улсын арслан Г.Эрхэмбаярт өвдөг шороодсон тул улсын заан Б.Соронзонболд чимэг нэмэв.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна