Бразил адууны тоогоороо дэлхийд хоёрдугаарт ордог

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 06 -нд

Бразилийн спорт гээд асуувал хөл бөмбөг, волейбол л гэнэ үү гэхээс морин спорт гэж санаанд нь огт буухгүй бизээ. Бразилд орчин үеийн морин спорт үнэхээр өндөр хэмжээнд хөгжөөгүй ч гэлээ адууныхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт, Хятадын дараа ордог гэдгийг мэдэх хүн цөөн.
Бразил нь гурван зууны туршид Португалийн колони байсан болохоор одоо Өмнөд Америкт испаниар биш португалиар ярьдаг цорын ганц улс болсон юм. 1822 онд Бразил нь эзэнт гүрэн болж байсан бол 1889 онд бүгд найрамдах улс болж байсан түүхтэй. Португалтай түүх, хэл, соёлын маш нягт холбоотой байдаг болохоор Бразил адууны үндэсний үүлдэр болох мангаларга маршадор нь португалиас авчирсан лузитано азарга, бербер үүлдрийн гүүнээс гаралтайд гайхах зүйлгүй.
Энэхүү Бразил үүлдрийн эхийг Алфенасын барон Франсиско Габриэль Жункейра гэгч тавьжээ. Энэ барон ихээхэн том эдлэн газартай, мөнгө санхүүгэээр хэнээс ч хамааралгүй байсан болохоор өөрийн гэсэн үүлдэр гаргаж авахаар шийджээ. Ингээд шинэ үүлдрийн эцэг талын суурийг португалийн “Альтер” морин заводын Сублимэ азаргаар тавьжээ. Азаргыг өмнөд Америкт анх хөл тавьж байсан испанийн байлдан дагуулагч, булаан эзлэгчид болох конкистаторуудын аварч орхин нутагшуулсан бербер үүлдрийн гүүнд гишгүүлжээ.
Гаргаж авсан шинэ үүлдрийн мангаларга маршадор гэдэг нэрийг хөрвүүлбэл “Мангаларгийн жороо” гэсэн утгатай. Мангаларгийн жороо  нь алхаа, цогиулах ба “марша” гэсэн гурван явдалтай. Марша нь дотроо “марша пикада” ба “марша батида” гэж хоёр хуваагддаг. Энэ хоёр явдал нь их зөөлөн, унаж яваа хүний биед амар байдаг болохоор олон цагийн турш тариалан, эдлэн газраа тойрон явах ажилтай байсан газрын эзэд, тариаланчдад ихэд таалагддаг байв. Энэ үүлдэр нь 1949 онд өөрийн гэсэн үүлдрийн угшлын номтой болсон бөгөөд өнөөдрийн байдлаар энэ үүлдэр нь дэлхийн хамгийн олон тоо толгойтой үүлдэр юм бөгөөд 350 мянга гаруй мангаларга маршадор байдаг аж.
Бразилийн хамгийн том хоёр морин тойруулга нь нэг нэгнээсээ 400 км-ийн зайтай Сан-Паулу хот ба Рио-де-Жанейро хотуудад байдаг. Морин тойруулгад уралдаан жил тойрон долоо хоногт дөрвөөс таван удаа явагддаг. 10-12-р саруудад гурвалсан титмийн уралдаан Сан-Паулу хотод явагддаг бол 2-4-р саруудад Рио-де-Жанейрод болдог. Уралдаанд гол төлөв гурав ба түүнээс дээш насны морьд оролцоно.
Цэвэр цусны үүлдрийн морьдын дунд явагддаг уралдаан Бразилд нэг их хөгжөөгүй байсан ч 1990–ээд онд Бразилд төрсөн Ромарин, Сэндпит, Сифон гэсэн цэвэр англи үүлдрийн морьд АНУ-д болдог том уралдаануудад ялж эхэлснээс хойш байдал өөрчлөгдсөн гэж болно. Бүгд Бразилд уралдаж эхлээд яваандаа АНУ руу гарч тэндээ олон удаагийн уралдаанд хожин эздэдээ чамлахааргүй хөрөнгө авчирсан байдаг. Сэндпит нь хоёр, гурван настайдаа Бразилийн морин тойруулгуудад 12 удаа уралдаж, 5 ялсан байгаад дөрвөн наснаасаа эхлэн олон улсын уралдаануудад оролцох болж 380 мянга гаруй ам.доллар хожсон нь одоо хүртэл Бразилийн үндэсний дээд амжилт юм.
Өнгөрсөн зууны 60-аад оны үед Бразилийн морин спортыг цэргийнхэн голдуу анхаардаг байв. Тиймээс мэргэжлийн офицер биш л бол морин спортод амжилтанд хүрэх их хэцүү байжээ. Гэвч зарим хичээл зүтгэлийнхээ ачаар асар их амжилтад хүрч байсан байдаг. Нэг жишээ нь Нельсон Пессоа. Тэрээр 21 настайдаа 1956 онд Стокгольмд болсон Олимпийн тоглолтын морины спортын төрөлд оролцсон.1964 онд Токиод болсон Олимпод оролцон хувийн дүнгээр тавдугаар байр эзэлжээ. 1967 онд Канадын Винипегт болсон Панамерикийн тоглолтод орж багийн дүнгээр алтан медаль авахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна. Пессоа нь Европын янз бүрийн Гран-при тэмцээнүүдэд нийт 150 удаа ялалт байгуулсан дэлхийн шилдэг жокей нарын ажээ.
Рио-де-Жанейро нь 2016 оны Зуны олимпийн тоглолтын хот болох юм. Одоо бэлтгэл ажил ид явагдаж байгаа. Олимпийн тоглолтын морин спортын тэмцээн энэ хотын баруун хэсэгт орших морин спортын төвд явагдах ажээ.

Д.Бадрал

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна