30 хүрч мөнхөрсөн Бүрэнтогтохын алдарт ногоон

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 24 -нд

Хөвсгөл нутагт домог болон яригддаг нэгэн цуут хүлэг бол аймгийнхаа баяр наадамд ес түрүүлж, хоёр аман хүзүүдсэн Ядамын ногоон морь юм. Ардын хувьсгал ялахтай зэрэгцэн эхээс унасан энэ алдарт хүлгийн талаар барин тавин нотлох баримтууд тун ховор нутгийн олны ам дамжин яригдаж ирсэн түүхээс сийрүүлж буйг юун түрүүнд дурдах нь зүйтэй байх.
1921 онд Жамбалын бор гүүнээс эр ногоон унага төрж, түүнийг нь 1927 онд Бүрэнтогтох сумын уугуул Ядам худалдан авч уях болжээ. Хожмоо алдраа мандуулах цуут хүлгийг таньж өөрийн болгосон Ядам гэгч нь Хөвсгөл нутгаас төрөн гарсан анхны МУ-ын Алдарт уяач Я.Лхан-Аажавын эцэг бөгөөд ногоон мориор олон жил бахтай сайхан наадсан юм. Цомбон дөрвөн туурайтай,  цээж өргөн, сүүл богино, дэл сүүл шингэн, нүдний хараа хурц, борви шилбэ бүдүүн, сүвээний хавирга илүү биеийн тэнцэл сайтай ногоон морь аймгийнхаа баяр наадамд ес түрүүлж, хоёр аман хүзүүдсэн хэмээгддэг бөгөөд суманд гаргасан амжилтыг нарийн гаргаж чаддаггүй аж. 
Монгол адууны дундаж наслалтыг эвдэж 30 хүрсэн ногоон морь 1951 оны өвөл мөнхийн хутаг олсон бөгөөд адуунаасаа тасран гэрийнхээ гадаа ирэхэд совингоороо мэдэрсэн эзэн нь шар тос амсуулж   буян хишгийг нь далласан хэмээдэг. Ийн далд ухамсараар ойлголцсон хүлэг эзэн хоёр маргаашийн мандах нарнаар  энэ ертөнцийн хэлхээгээ тасалж, дахин уулзахын ерөөлийг талбисан гэдэг.

А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна