“Монгол бөхийн нэвтэрхий толь” бэлэн болжээ

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 19 -нд

Монголын Үндэсний бөхийн холбооноос “Монгол бөхийн нэвтэрхий толь”-ийг гаргах ажлыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тус номыг бөхийн спортод бие сэтгэлээ зориулж, тухайн чиглэлээр мэргэшсэн 15 хүн хамтран бэлтгэж байгаа бөгөөд олны хүртээл болгоход бэлэн болжээ. Нэвтэрхий тольд хэдэн зууны түүхтэй үндэсний бөхийн спортын түүх болон ойлголт, ухагдахуун, 1300 гаруй улсын наадмаас цол авсан бөхчүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл багтааж байгаа гэнэ. Мөн 10 засгийн даншиг, цэргийн, улсын баяр наадмын тухай баримтууд болон бөх сонирхогч, уншигчдад арвин баялаг мэдээлэл хүргэхүйц 1200 гаруй барилдаан, мэхний талаархи зургийг оруулсан байна.  Үүнийг тодруулбал “Монгол бөхийн нэвтэрхий толь”  нь таван хэсгээс бүрдэх ажээ. Үүнд: Монгол бөхөд хамаарах 800 орчим ойлголт, ухагдахууныг томъёолж, шинжлэх ухааны тайлбар өгсөн бол хоёрдугаар хэсэгт Монгол бөхийн үндсэн 32 мэх, түүний хувилбар жишээ, барьцуудыг томъёолж, шинэ тодорхойлолт өгчээ. Харин гуравдугаар хэсэгт  эдүгээ хүртэл бичгийн эх сурвалжаар мэдэгдэж байгаа уул тайлга, даншиг, улсын наадам, үндэсний их баяр наадмаас улсын хэмжээний цол хүртсэн 1200 бөх мөн аймгийн наадамд гурваас дээш түрүүлсэн болон аймагт 2 удаа түрүүлж, улсад 2 удаа дөрөв давсан 100 бөх, бүгд 1300 орчим бөх намтар түүх, амжилтыг он дарааллаар нь оруулсан байна. Дөрөвдүгээр хэсэгт Монгол бөхийн сэдэвт ном , хөгжим, дуу, бүжиг, хөшөө, дурсгал, баримал зэрэг 500 орчим уран бүтээл багтсан бол дараагийн хэсэгт Монгол бөхийн засуул, гарын даа, бөхийн зүтгэлтэн, бөх судлаач, бөхийн сэтгүүлч, бөх дэмжигч, бөхийн үйл хэрэгт оролцогч нэр бүхий хүмүүсийг намтар амжилтын тухай өгүүлж байгаа гэнэ.

 А.Мөнх

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.