Өмнөговь аймгийн сурын холбоо 10 нас хүрлээ

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 17 -нд

Энэ жил Өмнөговь аймгийн сурын холбоо үүсэн байгуулагдаад 10 жилийнхээ ойтой золгож байна. Ойн хүрээнд тус холбооны тэргүүн Л.Батчулуун “Тэнгэр баясан ариусахуй” нэртэй сурын түүх, үүсэл гарвалын тухай номоо хэвлүүлэн олны хүртээл болгохоор бэлэн болгоод байгаа гэнэ. Монголчууд биднийг эртнээс уламжлан ирсэн эрийн гурван наадамгүйгээр төсөөлөх аргагүй. Олон улсад гайхуулах манай эрийн гурван наадам дэлхийн биет өвийн санд бүртгэгдсэн нь бахархал төрүүлдэг. Эрийн гурван наадмын нэг болох монгол сурын харваа нь өнө эртний уламжлалтай билээ. Монголчуудын өвөг дээдэс Хүннү нар 2220 жилийн тэртээ төр улсаа байгуулж, нум сумыг хэрэглэн зэргэлдээ Хан улсаа уулгалан довтолж, улмаар үүнээс эмээсэн өмнөд хөршийнхөн цагаан хэрмийг байгуулсан түүхийг бид мэднэ. Тухайн үеийн Хүннүчүүд хоёр талдаа эвэр наалттай, бэсрэг урттай, төмөр зэв бүхий татлага сайтай, морин дээрээс харвахад тохиромжтой нум хэрэглэж байсан нь XIII зуунд өвлөгдөн ирснийг эрдэмтэд тэмдэглэсэн байдаг юм. Монгол орны өмнийн цэнхэр говь нутагт ч нутаглаж байсан эртний хүмүүсийн ул мөр хад, буган хөшөө, сүг зурагт нум сумыг дүрслэгдсэн үлдсэн нь өнөө бидний түүхийн үнэт олдворын нэг болсон байна.
Энд нэмж сонирхуулахад Өмнөговийн сурчид 10 жилийнхээ ойн үеэр сур сонирхогчдынхоо дунд тэмцээн явуулж, баяраа тэмдэглэхээр төлөвлөөд байгаа ажээ.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна