Спортын мастер Д.Эрдэнэзуу: Зуны халуун, намрын хүйтэнд нумнуудаасаа аль тохирохыг нь барьдаг

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 17 -нд

-Хэдийнээс сур харвах болсон бэ?
-Манай харваачдын ихэнх нь удамт харваачид байдаг л даа. Харин миний хувьд тийм юм байхгүй. Эрийн гурван наадмыг хүндэлдэг, дээдэлдэг эр хүнийхээ хувьд аль нэгэн  төрлөөр нь наадмын тоосонд явахсан гэдэг хүсэл мөрөөдөл байсан. Сур харвадагийг хаана очиж, хэнээс сурахаа мэдэхгүй явсаар Төв аймгийн харваач Жамбалдоржтой 2000 оны үед таарсан. Энэ хүн надад анх нум сум бариулж, зааж өгсөн багш минь байгаа юм. Тэгээд л нум сумтай болж, 2001 оноос эхэлж харвасан. Нум сум бариад сурын талбай дээр ирэхэд харваачид шинэ хүн гээд тусалж дэмжин, заагаад үнэхээр сайхан хүлээж авсан. Тэгээд урам ороод харваж, гурав дахь жилдээ спортын мастер болсон. Одоо нэлээд олон жил харвачихлаа. Баянгол, “Бурхан халдун”-ы хамтарсан багт харваж байсан.
-Сурд орж байгаа хүмүүст тулгардаг асуудал бол нум сум байдаг. Анхны нумаа хэнээс авсан бэ?
-Би Цэвээн гуайн нумаар анх харваж сурсан. Анх юм мэдэхгүй жижигдүүлээд авчихсан учраас солих шаардлагатай болж, Батмөнх багшаас нум авсан. Дараа нь нум сум хийдгээрээ алдартай Сэлэнгийн Баатар гуайгаас хэд хэдэн нум авсан. Хошой мэргэн Баттөмөр бид үй зайгүй найзууд. Тэр хүний нум ч надад байгаа. Шинэ нумыг өнжөөгөөд харвавал сайхан тогтдог гэж хашир өвгөчүүл ярьдаг юм. Тэгж бодоод Баттөмөрийнхөө хийж өгсөн нумыг өнжөөчихсөн байгаа. Ирэх жил найзуудынхаа нумыг барина. Нум сумны хувьд надад хангалттай байдаг. Нум сум хийдэг бүх хүнээс авсан. Өөрөө л санаандаа хүртэл харваж чадахгүй явна. Сүүлийн хоёр жил гар хөл гэмтчихээд харваж чадахгүй, багийн харваанд ч орж чадахгүй байгаа.
-Тэгвэл нэлээд олон нум сум гэмтээжээ дээ?
-Одоо надад 4-5 нум бий. Нум тэгж хаягддаг эд биш. Гэртээ дарааллаар нь тавиад тахичихсан байгаа. Зарим нумыг их халуунд, заримыг нь хавар, намрын сэрүүн цагт барьдаг. Уг нь бололцоотой хүнд хэдэн ч нум байж болно шүү дээ.
-Шинэ нуманд дасах тийм ч амар биш. Тэр олон нум сумаар харваж сурна гэдэг амаргүй биш үү. Байгалийн гаралтай түүхий эдээр хийдэг учраас хадгалалтаас өгсүүлээд асуудал их байдаг байх?
-Ихэнх нь өөрийн биед таарсан нум болохоор гайгүй. Ганц нумаар харваж байхад эвдрэхийг үгүй гэх газаргүй. Хэт халуун байвал амар зөөлрөхөөргүй хатуу нум хэрэгтэй шүү дээ. Тиймээс л би хэдэн ч нумтай байж болно гэж боддог. Хадгалалтын хувьд хотод амьдардаг болохоор хотын нөхцөл л нум сумаа хадгалдаг. Дээр үеийнх шиг чийгтэй өтөг бууцанд хөлдөөж хадгалах арга хотын нөхцөлд байхгүй л дээ. Тиймээс хэт халуун биш, хэт хасах градусгүй  хэвийн температуртай өрөөндөө л хадгалдаг. Мурийж хазайчихгүй байлгахын тулд тавих тавиур, өлгөх өлгүүрийг зөв сонгож хадгалдаг. Олон сар гар хүрэхгүй байж болохгүй учраас сар юмуу, 14 хоноод хөвчилж эвшээлгэдэг.
-Анхны багш Жамбалдоржийн техникээр харвадаг уу, аль эсвэл өөрийн гэсэн арга барилтай болсон уу?
-Анх Жамбалдорж багшийнхаа барилаар харваж эхэлсэн. Харвааны явцад хүн болгон хэлж өгнө, өөрөө өөрийгөө засахыг бодно. Ихэнхдээ Болдбаатар бид хоёр бэлтгэл сургуулиа байнга хамт хийдэг байсан. Бид сурд нэг жил хамт орж ирсэн, нэг багийнхан. Сурд орохын өмнө, бүр хүүхэд байхын найзууд Болдбаатар, Ганбаа нарынхаа зөвлөснөөр нэлээн техник сурсан байх. Мэдээж сайн харваачдын арга барилыг хардаг юм. Сурын харваа буудлага шиг тийм, ийм гээд хэлчих нарийн нандин техниктэй биш шүү дээ. Тухайн өдөр хүний биеийн байдал ямар байх вэ, нар салхи ямар байх вэ гэдгээс их шалтгаалдаг. Хичнээн олон жил харвачихсан хашир мэргэчүүл, мастерууд байсан ч харвааных нь техник нэг өдөр алдагдана. Байнгын техник тогтоож авахгүй бол нэг л өдөр алдагддаг гэж би боддог. Нар салхи, агаартай байлддаг спорт учраас өдөр болгоны юманд тооцоотой байхгүй бол маш их өөрчлөлттэй.
-Хүү минь аавыгаа дагаад харвадаг гэлээ. Амжилт нь ч муугүй бололтой, олон медаль зүүсэн харагдсан?
- Би гурван хүүтэй. Дагаад харвах юм болов уу гээд гурвууланд нь нум сум авч өгсөн. Хоёр том нь сонирхолгүй юм байлгүй харвадаггүй. Тиймээс хүчилдэггүй юм. Харин бага хүү маань харвах сонирхолтой, миний явсан газар бүрт дагаад харвадаг. Хоёр, гурван тэмцээнээс медаль авсан. Анх Архангайн даншгийн хүүхдийн наадамд очиж хүрэл медаль авсан. Энэ жил хүүхдийн баяраар цэнгэлдэхэд болдог хүүхдийн харваанд хоёрдугаар байранд орж мөнгө, Заамар, Атар сумын 30 жилийн хүүхдийн харваанд гуравт орсон. Зургаан настай учраас техник заахад арай эрт байна. Тэгээд ч учир мэдэхгүй хүүхдэд хүчилж зааж болохгүй шүү дээ. Арав хүрч, юм ойлгодог болохоор нь техник заана даа. Одоохондоо өөрийн сонирхлын дагуу л явж байгаа.  Батмөнх багшийнд цагаан сараар оччихоод уйлж зогсож байгаад нум бэлгэнд авсан юм. /инээв/ Уг нь зээдээ хийсэн нум байсан юм билээ. Гэр бүлийн хүний хувьд харвадаггүй ч бэлтгэл хийх үед надад сайн зөвлөх болно. Олон жил цуг явахаар “Чи тэгж алдаа хийж байна” гээд мэддэг болчихдог юм билээ. Зарим үед зурхай дээр очоод сум чинь ингэж бууж байна, тэгж бууж байна гээд шүүгч болно. Ер нь сайн шүүгч, дасгалжуулагч.
-Нэлээд хожуу сурд орсон. Ер нь удам дамжиж багаасаа харвасан, хожим орсон харваач хоёрт ялгаа их байдаг байх даа?
-Би 37-той сурд орсон. Хэдэн жил харваад ирэхээр ялгаасаад байх ч юу байхав дээ. Гэхдээ анх орж байхад хүүхэд байхаасаа харвачихсан хүн харвааны дэг жаяг, ёс дүрмийг надаас илүү мэддэг болчихсон байдаг. Анх сурын талбай дээр ирэхэд юу ч мэдэхгүй, хүүхэд шиг л байдаг. Дээр нь тэд нум сум хэрэгслээ өөрсдөө хийдэг болчихсон байдаг гээд удам дагасан харваачдад биднээс давуу талууд бий л дээ.
-Сурд орохоосоо өмнө барилддаг байсан гэсэн. Амжилт гаргаж чадахгүй үедээ бөхөө үзмээр санагдаад цэнгэлдэх рүү гүйх үе байв уу?
-Байгаагүй. Би нэгэнт сурд очихсон болохоор эцсийг хүртэл явах хэрэгтэй шүү дээ. Шинэ харваачид нум сум таарахгүй, эсвэл түүнийгээ тааруулж чадахгүй,техникээ тогтоож чадахгүй, онохгүй болохгүй үе зөндөө байдаг. Тэглээ гээд би хэрэггүй сурд орж, бөхөө очиж харъя гэж бодогдож байгаагүй.
-Хэдэн онд мастер болсон бэ?
- 2003 оны отго харваанд 32 онож, гуравдугаар байранд орж спортын мастерын болзол хангасан. 2003 оны улсын наадмаар Болдбаатар мэргэн мастер болсон юм.
-Сурын спортын хөгжилд тус нэмэр болохуйц үнэтэй саналаа хэлэхгүй юу?
-Хамгийн түрүүнд бид нарт талбай, газрын асуудал гэдэг том проблем байдаг. Манайханд нэг алдаа байдаг. Харвах гээд талбай дээр очихоороо бүгдээрээ ажил хэрэгч хүмүүс газаргүй болчихлоо гээд л. Намар хаалтаа хийгээд л таг мартчихдаг. Ганцхан улсын баяраар харваж байгаадаа сэтгэл ханаад суух биш, гадна дотны жуулчдад бүх төрлийн харваагаа янз бүрийн шоу хэлбэрээр хийж үзүүлж харуулах хэрэгтэй. Нэг үе наадмын дараа дүүжин харваа гэж бооцоотой гоё харваа зохион байгуулсан. Дараа нь түнх харваа гэж боллоо. Сумъяасүхийн санаачилсан “Есүнхэй-335” харваа боломжийн харваа шиг санагдсан. Тэрнийгээ орхичихлоо. Гэхдээ арай ч дундаас  нь орхихгүй байлгүй. Энэ харваа олонд хүртээл болж чадах харваа гэж би боддог юм. Шинэ, шинэ харваа орж ирж байгаа.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна