Хөвсгөлийн уран уургач, бугуйлчид

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 12 -нд

 Хөвсгөлийн эрчүүд эмнэг булгиулахдаа гаргуун улс. Сүүлийн жилүүдэд бусад аймгуудын хувьд  “хатуу самар” болсон  хоймор нутгийн эрчүүд булгиа, уургач бугуйлчийн тэмцээнийг алгасахгүй амжилттай оролцож байна. 2002 онд Улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд болоход эмнэг сургалтын спортын мастер Данзангийн Нямбат, Хашбатын Гал-Эрдэнэ, эмнэг сургалтын спортын мастер, улсын аварга бугуйлч Ч.Хуншагай нар оролцож “Хөвсгөлийн  хүүхдүүдийг хэдэн жилийн дараа дийлэхгүй юм байна” хэмээн зарим нэгнийг дуу алдуулаад авсан нь бий. Түүнээс хойш 2003 онд Төв аймагт болоход Нямбат, Гал-Эрдэнэ нар мөнгөн медаль, Хуншагай 5-р байранд орж байсан ажээ. Сүүлд 2010 онд Ховд аймагт болсон улсын бүсийн уралдаанд эдгээр залуус эхний гурван байрыг эзэлсэн байх бөгөөд нийтдээ улсын аваргын тэмцээнд нэг түрүүлж, нэг удаа хоёрт, нэг удаа тавд, аймагт бол 5 удаа түрүүлсэн бахдам амжилтын эзэд болжээ. Ер нь Хөвсгөл нь бусад аймгуудтай харьцуулахад уран уургач, бугуйлчдаар сайн бөгөөд батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн шугамаар болж байгаа тэмцээн уралдаанд алгасалгүй оролцдог нь амжилтын нэг нууц гэх юм билээ.
Нэмж сонирхуулахад уурга бугуйл нь явганаас шургуулж бугуйлдах, уургалах, морин дээрээс хөөж бугуйлдан, уургалах гэсэн хоёр төрлөөр явагддаг юм. Харин булгиа нь минут секундээр хэн нь удаан тогтох вэ, аль нь морио сайн өдөж булгиулж чадах вэ гэдгээр аваргуудыг тодруулдаг юм билээ.

Хөвсгөлийн уран уургач, бугуйлчид 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна